Монгол дахь бидний мэдээгүй “террорист халдлагууд”

820d1b6e6a6be6ee2bdb14bf42bfabeaТагнуулын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр сүүлийн 10 жилд манай улсад терроризмын шинжтэй 19 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ. Хүний эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж болзошгүй дээрх хэргүүдийн ихэнхийг ТЕГ, ЦЕГ-ын ажилтнууд урьдчилан илрүүлж, таслан зогсоосон юм. Хамгийн сүүлд буюу 19 дэх тохиолдол нь “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хоёрын жилийн өмнө есдүгээр сарын 16-нд үйлдсэн хэрэг ажээ. Эдгээр хэргийн заримыг “задалж” үзье.

1. 2003 оны есдүгээр сард Баянгол дүүргийн III хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ачлал” их дэлгүүрт тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл тагнуулын байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу хүчний байгууллагууд хамтран ажиллаж болзошгүй аюулыг зогсоосон байна.

2. “Ачлал” их дэлгүүрт тэсрэх бөмбөг тавьсан гэх хэргийг дөнгөж шалгаж эхлэхэд бас нэгэн мэдээлэл тагнуулын байгууллагад ирсэн байдаг. Энэ нь Баруун дөрвөн замд байрлах “Шилмэл загварын ордон”-д тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл байв. 2003 оны аравдугаар сард гарсан энэхүү хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус.

3. 2004 оны нэгдүгээр сарын 14-нд болсон явдал. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг Р.Алтансүхийг тагнуулынхан баривчилжээ. Тэр тэсрэх бөмбөг хадгалж байсан гэдэг.

4. Биотерроризм. Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн амийг 2008 онд тагнуулынхан аварчээ. Аймгийн Цэвэр усны төв станц руу химийн хорт бодис нийлүүлэх гэж явсан хүмүүсийг илрүүлсэн байна.

5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” компанийн цэвэр усны гүний худаг руу мөнгөн ус хийхийг завдсан хүмүүсийг 2013 оны гуравдугаар сарын 30-нд тагнуулынхан зогсоожээ. Маргааш нь цагдаа, онцгой байдлын ажилтнууд мэдээлэл авч шалгаад худгийн орчмоос 2 кг 315 гр мөнгөн ус цуглуулжээ. “Ундарга” компанийн гүний худгаар 20600 хүн амтай Эрдэнэбулган сумын гэр хорооллын бүх айлын ундны усны хэрэглээг хангадаг байсан ажээ. ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын дарга, аймгийн Засаг даргаар ахлуулсан онцгой комисс хэргийн газарт ажилласан байна.

6. Одоогоос найман жилийн өмнө багагүй шуугиан тарьсан Баянзүрх дүүрэг дэх “Адмирал” баарны дэлбэрэлтийг дурдаж болох юм. Энэ хэрэгт уул уурхайн зориулалттай “амонит” хэмээх тэсрэх бодисыг баарны цахилгаанаас холбон тэсэлсэн асуудал бий. Гэхдээ энэ хэргийг бол санамсар болгоомжгүйгээр үйлдсэн гэж үздэг. Арслантай гүүрний ойролцоох тус баарны зочид буудлыг шалгах явцад тэсрэх бодисыг н.Мөнхдэлгэр гэдэг эр авч явсныг тогтоосон. Дэлбэрэлтийн улмаас ойролцоох айлуудын нийтдээ 100 гаруй цонхны шил хагарсан байдаг юм.

7. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам халдлагад олон удаа өртөж байжээ. Эхнийх нь 2008 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид болсон байдаг. Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн захидалд химийн хорт бодис шингээсэн байсан гэдэг. Химийн лабораторийн шинжилгээгээр “Антраке” хэмээх хүнийг үхэлд хүргэх аюултай бодис болохыг тогтоосон байна. Харин хорт бодис шингээсэн дугтуй ирж явааг манай тагнуул, цагдаагийнхан яаж мэдсэн бол.

8. 2009 онд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд дахин халдлага хийхийг завджээ. Цагдаагийн байгууллагад “Америкийн Элчинд тэсрэх бөмбөг тавьсан байгаа” гэсэн мэдээлэл ирсэн байна. ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, Зэвсэгт хүчний инженер сапёрын бүлэг очиж тэсрэх бөмбөг хийхэд ашигладаг “ТНТ” хэмээх бодис илрүүлсэн байна.

9. 2000 оны эхээр машин дэлбэрч хоёр хүн бэртсэн хэрэг гарч байв. Бусдын өгсөн бэлгийг машин дотроо задлахад тэсрэх бөмбөг дэлбэрсэн гэдэг. Хэргийн улмаас ээж, охин хоёр хүнд бэртсэн юм.

10. Баянзүрх дүүргийн XVI хорооны “Сайн” авто ломбардад 2010 оны арваннэгдүгээр сарын 29-нд тэсрэх бөмбөг тавьсан хэрэг гарч байв. Тус ломбард “Цайз”-ын модны захаас “Да хүрээ автома­шины зах орох замд байрлах 18 дугаар бай­ранд үйл ажиллагаа явуулдаг. 19.35 цагт хэн нэгэн тэсрэх бөмбөг тавь­сан байсныг 7015… дугаарын утас­наас иргэн У цагдаагийн байгуул­лагад мэдэгд­жээ. Хэргийг шалгах явцад ломбардад алсын зайн удирдлагатай тэсрэх бөмбөг тавьсан байжээ. ОБЕГ-ын ажилтнууд ойр орчимд байсан 200 гаруй хүнийг сургуулийн заал руу нүүлгэн шилжүүлсэн юм билээ.

11. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд 2011 онд мөн л илгээмж иржээ. Илгээмжийг хорт бодисоор хордуулсан гэсэн мэдээлэл байдаг. Хэргийг шалгах явцад, илгээмжийг Канадын Торонто хотод амьдардаг Анита гэдэг хүн явуулсныг тогтоожээ.

12. Манай улсын иргэд гадаад улсын зэвсэгт бүлэглэлтэй харилцаа тогтоосон байсныг тагнуул, цагдаагийн байгууллагынхан мэдэж, шуурхай таслан зогсоожээ. 2010 онд Монгол Улсын иргэн Э нь Арабын гэмт бүлэглэлтэй холбоо тогтоож, Монголд үйл ажиллагаа явуулахыг уриалж байжээ. Тэрээр казах үндэстэн бөгөөд “монголчууд лалын шашинтай биднийг хавчин гадуурхаж байна. Та нарын тусламж энд хэрэгтэй байна” гэх мэтээр харилцаж байсныг нь тогтоожээ.

13. 2013 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт бусдын машиныг өс хонзонгийн сэдэлтээр шатааж, дэлбэлсэн хэрэг гарч байв. Өөрийгөө бөө сахиус гэж нэрлэсэн Э.Мөнхбатыг терроризмын шинжтэй гэмт хэрэг өдүүлсэн гэж хуулийнхан үздэг. Түүнд холбогдох хэргийг хэрхэн шийдсэн нь тодорхойгүй.

14. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл байсхийгээд л гардаг. Жишээ нь, хоёр жилийн өмнө бусдын нэр дээр бүртгэлтэй Юнителийн дугаарыг ашиглан “тэсрэх бөмбөг тавьсан” гэх хуурамч дуудлага өгсөн иргэнийг цагдаагийнхан шалгасан билээ. Нисэх буудалд бүтэн өдрийн турш өндөржүүлсэн бэлэн байдал зарлахад хүргэсэн ахимаг насны эр сэтгэцийн эмгэгтэй байсан гэдэг.

15. Өнгөрсөн 2012 оны наймдугаар сард “Чингис хаан” нисэх онгоцны буудлын олон улсын бүртгэлийн танхимд сургуулилтын тэсрэх бөмбөг тавьсан хэрэг гарсан. Нисэх буудлынхан онцгой нөхцөл байдал буюу КОД-7 зэрэглэлд шилжиж ажилласан байдаг. Хүчний бүхий л байгууллагыг түргэн авахуулсан энэ үйл явдлын буруутнаар манай улсад цэргийн хээрийн хамтын сургуулилт хийгээд тухайн өдөр буцсан америк цэргүүд буруутай гэх юм билээ.

Эх сурвалж: MONGOLIAN ARMY NEWS

URL:

Сэтгэгдэл бичих