Төсвөө тодотгож, бодлогын баримт бичгээ батлуулсан ЗГ-ын хамгийн эхний ажил бол эдийн засгаа “аврах” юм

147361065257d5839c9f6f1УИХ-ын даргын захирамжийн дагуу ээлжит бусаар хуралдсан чуулганы хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулган хаалтаа хийв.

Ингэхдээ хамгийн гол асуудал болох төсөвт тодотгол хийх болон “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Чуулганаар төсөв, эдийн засгийн боломж чадавхид нийцүүлэн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа. Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжиж байгаа бөгөөд харин иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх цалин бууруулах зэрэг арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болголоо. Ингэснээр малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх сайн талтай юм.

Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг батлан хамгаалах бодлогод нийцүүлэн батлан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрэн бүрдээгүй тул Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг хойшлуулахаар болов.

Ингэснээр эдийн засгийн өнөөдрийн боломж бололцоондоо тааруулан төсвийн тодолтголыг хийлээ. Засгийн газраас нэлээд шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэхээр зарим татварын нэмж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах санал оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд өнөөдрийн хүнд хэцүү цаг үед цалинг хасч, татварын нэмсэнээр төсвийн ачаалал буурах ч нөгөө талдаа татвар төлөгчид болох иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэж иргэдийн амьдрал хүндрэнэ гэж үзсэн учраас Засгийн газарт дээрх саналуудаа татах улс төрийн шийдвэр хүргүүлсэн юм. Тиймээс  баасан гарагт чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа цалин тэтгэвэр болон халамжийн асуудлуудыг хэвээр үлдээж түүнийхээ оронд орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжиж баталлаа.

Ийнхүү ямартаа ч шинэ Засгийн газар улайсан данстай улс төсвийг засч залруулах эхний алхамаа амжилттай хийлээ. Одоо өдрөөс өдөрт төсвийн сахилга батыг сахиулж, шаардлагагүй тансаг хэрэглээг цаг үргэлж танаж хасах хэрэгтэй. Мөн энэ улсыг ирэх дөрвөн жилд удирдан чиглүүлэх хамгийн чухал баримт бичиг болох Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталлаа. Тиймээс Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газарт элгээрээ хэвтсэн эдийн засгийг эргэн сэргээх чухал үүрэг л үлдлээ. Хэрхэн ажиллахаас нь шалтгаалж дөрвөн жилийн дараа “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газарт дүнгээ тавина биз ээ.

Ч.Ган /ZALUU.COM/

 


URL:

Сэтгэгдэл бичих