УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

cd5f5bbfb293a50976ec9e596525558b_x3Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, ажлын 12 хоног чуулж, товлосон хугацаандаа багтаж, тогтсон асуудлаа бүрэн хэлэлцээд өндөрлөж байна.

Чуулганаар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хямралын шинжтэй үеийг хохирол багатай даван туулах, цаашдын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн бодлогын чухал шийдвэрүүдийг гаргалаа

Юуны өмнө бид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Үүгээр Улсын Их Хурлын сонгуульд оролцохдоо Монгол Ардын Намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон бусад дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилттой нягт уялдуулан ирэх 4 жилийн бодлого зорилтоо тодорхойллоо.

Ирэх 4 жилийн бидний үйл ажиллагаа эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд тогтворжуулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнийн хамаарлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, өрийн дарамтыг зөөлрүүлэх, өсөлтийн суурийг хангах, улмаар эрчимжүүлэх, бүтээмж, үр ашигт тулгуурласан хөгжлийг бий болгоход чиглэгдэх болно.

Эдийн засгийн хямралыг даван туулахад 2016 онд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв, санхүү, өрийн талаар баримтлах бодлогоо мөн тодорхойллоо.

Дунд хугацаанд төсвийн нөхцөл байдлыг сайжруулан, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2020 оноос алдагдалгүй байх зорилтыг дэвшүүлээд байна.

Хэдий өндөр, шахуу зорилт хэдий ч үүссэн нөхцөл байдал ингэж ажиллахыг биднээс шаардаж байна.

Гадаад, дотоод эдийн засгийн тааламжгүй нөхцөл байдал дунд хугацаанд үргэлжлэн, төсвийн орлого буурсан өнөөгийн нөхцөлд зарлага санхүүжилтийг эргэн харах, зарлагын шинэчлэлийг хийх шаардлага зүй ёсоор гарч ирж байна.

Төсвийн орлого буурснаар санхүүжүүлэх боломжгүй урсгал зардлыг багасгах, харин цалин, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж үйлчилгээний зардлыг өнөөгийн түвшинд хадгалан, цаашид эдийн засгийн байдал сайжрах үеийн боломжтой уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх болно.

Нөхцөл байдлыг бүрэн тооцоолоогүй, тогтолцооны хувьд дахин нягтлах шаардлагатай зарим хуулийг хүчингүй болгох, төсөвт ачаалал учруулахуйц хэд хэдэн хуулиудын хэрэгжиж эхлэх хугацааг хойшлууллаа.

Засгийн газраас Хувь хүний орлогын албан татварын тухай, Ашигт малтмалын тухай, Онцгой албан татварын тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай, Нийгмийн дааталын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн.

Улсын Их Хурал дээрх асуудлыг тал бүрээс нь нухацтай хэлэлцээд, татвар нэмэх асуудлыг бодлогын хувьд дэмжих боломжгүй гэж үзлээ.

Санхүү, мөнгөний бодлогоор хувийн хэвшлийг дэмжих нөхцөл хязгаарлагдмал байгаа энэ цаг үед татварыг нэмэгдүүлэх нь бизнес эрхлэгчдэд нэмэлт дарамтыг бий болгох төдийгүй гадна талдаа хөрөнгө оруулагчдын итгэлийг улам сулруулах таагүй үр дагаврыг авчирна.

Иргэдийн амьдрал сайнгүй, эдийн засгийн өсөлт саарсан үед Засгийн газар хүн амын орлого, хөрөнгөд татвар ногдуулах зарчим баримталсан нь цалин, орлогын өсөлтийг урамшуулан дэмжих бодлогод нийцэхгүй.

Чуулганаар төсөв, эдийн засгийн боломж чадавхид нийцүүлэн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.

Төсвийн орлого буурсны улмаас санхүүжүүлэх боломжгүй, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, төсвийн хатуу сахилга, хариуцлагыг бий болгох, хэмнэлтийн горимоор ажиллахад чиглэсэн Засгийн газрын саналыг дэмжиж байгаа бөгөөд харин иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх цалин бууруулах зэрэг арга хэмжээг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, үр өгөөжөөс хамааран зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хасах, төсөвт өртгийг 2016 оны батлагдсан түвшинд нь бууруулах зэрэг арга хэмжээг авлаа.

Ээлжит бус чуулганаар хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болгосон нь малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгөх болно.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион явуулах хөрөнгө, зохион байгуулалтын бусад асуудлыг шийдвэрлэн, орон нутгийн сонгууль явуулах боломж нөхцөлийг бүрэн дүүрэн бүрдүүлж өглөө.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, амьдрал, үйл ажиллагаа, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ чиглэлээр Засгийн газар тодорхой ажлуудыг зохион байгуулах болно.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл бүрэн бүрдээгүй тул Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан хэдий ч эцсийн найруулга нь хийгдэж, ёсчлогдоогүй хэд хэдэн хуулиудыг буцаалаа.

Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг батлан хамгаалах бодлогод нийцүүлэн батлан гаргасан нь салбарын эрх зүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж, улс орныг батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой үүссэн олон шинэ харилцааг үр дүнтэй зохицуулах бололцоог олголоо.

Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байж, Зэвсэгт хүчин, Хилийн ба дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага нь Төрийн цэргийн байгуулалд хамаарах эрх зүйн зохицуулалтыг анх удаа хуульчлан баталгаажууллаа.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ,

Ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, үйл ажиллагаагаа өндөрлөж байна.

Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгох явдал юу юунаас илүү чухал байна. Улсын Их Хурлын завсарлагаанаар гишүүд та бүхэн сонгочидтойгоо уулзана.

Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байгааг Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд, олон улсын байгууллагын шинжээчид төдийгүй ард иргэд хүртэл дүгнэн хэлж байна.

Эдийн засагт учраад байгаа хүндрэл бэрхшээл, төсөв санхүүгийн байдлыг сум, баг, хорооны түвшинд ард иргэдтэй нүүр тулан уулзахдаа бодит байдлаар, үнэн зөвөөр, улстөржүүлэлгүйгээр тайлбарлан таниулахыг гишүүд та бүхнээс хүсэж байна.

Үүссэн хүндрэл бэрхшээлийг аль болох богино хугацаанд даван туулж, тогтворжуулах, хөгжлийн гарцуудыг бий болгохын төлөөх амаргүй бэрхшээлтэй хэрнээ уйгагүй хичээл, нөр хөдөлмөр шаардсан ажлыг амжилттай шийдвэрлэж, үр дүнд хүргэхэд ард түмний маань эх орноо гэсэн ухамсар, итгэл, зүтгэл шийдвэрлэх хүчин зүйлийн нэг байх нь дамжиггүй бөгөөд бид хамтдаа тавьсан зорилгодоо амжилттай хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдэж байна.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээг тогтоолоо. Улсын Их Хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх ажлыг Засгийн газар шуурхай зохион байгуулж, Байнгын хороод ээлжит чуулганы бэлтгэл ажилд шуурхай орох шаардлагатай байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.


URL:

Сэтгэгдэл бичих