Хятад руу түүхий нүүрс зөөсөн нь илрэв
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Мон-Эн-Ко” Компани санамж бичигт тохиролцсон түүхий нүүрсийг Монголын хилээр гаргахгүй гэсэн гэрээгээ зөрчив.
Олборлосон нүүрсээ хагас боловсруулж гаргана гэсэн энэхүү гэрээгээ зөрчиж 10 дугаар сарын сүүлчээр 500 тонн түүхий нүүрс Хятад руу гаргасан нь тодорхой болов. Мөн өнгөрсөн онд 195 тонн түүхий нүүрсийг орон нутгийн удирдлагуудад мэдэгдэлгүйгээр гаргаж амжжээ.
Тус компани нь БНХАУ-ын “Байно” хэмээх компанитай гэрээ байгуулж энэ онд 110.0 мянгаас доошгүй, ирэх жил нэг сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан тухай аймгийн Засаг дарга Г.Нямдаваа сэтгүүлчдэд мэдээлэл хиилээ.
Засаг дарга цааш нь хэлэхдээ “Мон-Эн-Ко” компанийн нөхөд анх эхлээд энэ уурхайг орон нутгийн хөгжилд түлхэц үзүүлэхээр эхний ээлжинд нүүрсний нөөцөд судалгаа хийж нөөц тогтоох дараа нь боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулах, улмаар олборлосон нүүрсийг 100 хувь коксжуулан хагас боловсруулж экспортлохоор ярьж байсан.
Мөн 500-аас дээш ажлын байр гаргах, өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих, цаашид бусад дагалдах үйлдвэрүүд барьж байгуулах санал оруулж ирснийг Засаг даргын зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн төслийг дэмжих шийдвэр гаргасан.
Уг шийдвэрийн дагуу санамж бичиг үйлдсэн байна. Санамж бичигт ямар ч нөхцөлд хуулийн хүрээнд ажиллах, хүн болон байгаль орчинд сөрөг нөлөө үүсэхээс сэргийлэх, олборлосон нүүрсийг түүхийгээр гадагш гаргахгүй байхыг заажээ. Тус компаниас орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаа нь сайшаалтай. Тухайлбал мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, зудын хүнд нөхцөлд малчдад тусламж 280 гаруй сая төгрөг, зарим сумдад 50-120 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Гэвч санамж бичиг зөрчиж түүхий нүүрсийг Хятад улсруу гаргасан явдал хоёр дахь удаа давтагдлаа.
Тэрчлэн анх оруулж ирсэн санал, төсөл хэрэгжихгүй байна. Тухайлбал боловсруулах үйлдвэр одоо хүртэл барьж эхлээгүй, цахилгаан станцын тухайд эхлэл тавигдсан юм алга. Хэдийгээр аих гаргасан саналыг дэмжих байр сууринаас явж ирсэн ч ийнхүү тохиролцсон зүйлүүдийг зөрчиж байгаа учир энэ асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нээлттэй хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д асуудал болгож тавина гэв.
Ү.Даваасүрэн
http://tsahim.net/links.php?weblink=http://sonin.mn/
URL: