Цагдаа нар танхайрч хүний аминд хүрсэн, “дээрэмдсэн” хэргийг Хууль зүйн сайд анхааралдаа аваасай

3071

Цагдаагийн тусгай албан хаагчид  бүлэглэн хүн зодож, амь насыг нь хөнөөсөн   хэрэг шийдэгдэлгүй жил тойрч байна. Хохирогч нь  Өмнөд Суданд  энхийг сахиулах амаргүй албанд  үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн эр цэрэг.  “Элитийн батальон” буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч   байжээ.

Энхийг сахиулагч  тайван цагт эх орондоо ийм байдалтай амь насаа алдсан  нь харамсалтай.Аймшигт  хэрэг гарсан байтал  хууль хяналтынхан шүүх хурлыг таван удаа хойшлуулж ар гэрийг нь чирэгдүүлсэн нь  эмгэнэлтэй. Энэ хооронд  хавтаст хэрэгт, хүн алсан бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь эргэлзээ хардлага дагуулж байгаа юм.

Энэ үйл явдал, нэгдүгээрт,  иргэдийн дунд байдаг  “Хууль хяналтын­хан, хүчний байгууллагын ажилтнууд хэрэг үйлдчихээд дотроо нуудаг, үгсдэг, хуй­валддаг, ял завшиж ямар ч хариуцлага хү­лээ­дэггүй” гэсэн  хард­лагыг  нотлох болж. Хоёрдугаарт, цагдаа, хууль хяналтын бай­­­гуул­лагынхан өөрсдөө  “мафи” шиг гэмт хэрэгжсэн , ялзар­сан байгууллага болсныг харуулж байна. Гурав­дугаарт, энэ байдлыг засах, цагдааг өөрчлөх, цэвэр­лэх цаг ирснийг  х­о­хи­рогч ир­гэдийн  алтан амь са­нуулж бас  нэхсээр  байна.

ХЭРЭГ ХЭЗЭЭ  ХЭРХЭН ГАРАВ,  ЯМАР ШАТАНД БАЙНА?

Өнгөрсөн оны аравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө энэ хэрэг гарчээ.  Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сонсогч А.Ууганбаатар /талийгаач/,  найз М.Буяндэлгэртэй уулзан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр  Сансарын тунелийн ойролцоох “Окланд” бааранд орсон байна. Тэндээсээ түр гарч ирээд салхилж зогстол нь нэг эмэгтэй ирж “Та нар энхийг сахиулах ажиллагаанд явж байсан уу. Би бас явсан” хэмээн яриа өдсөн байдаг. Энэ үед дотроос гарч ирсэн  нэг залуу үг сөргөлдөн  улмаар талийгаачийг  зодож эхэлжээ. Тэр  залуу нь Цагдаагийн тусгай албаны ажилтан  Д.Цэрэнчимэд байж. Тэрээр талийгаач А.Ууганбаатарын хоолойг боож шатны уруу ухаан алдуулж унагаагаад, цааш нь камергүй газарт аваачжээ.  Тэнд Д.Цэрэнчимэдтэй хамт Цагдаагийн тусгай албаны ажилтан Д.Төмөрпүрэв, У.Батзориг, тэдний   найзууд  болох Н.Гансүх, Н.Энхнаран  нар бүлэглэн зодож улмаар  амь насыг нь хохироожээ. Баянзүрх дүүргийн цаг­даагийн II хэлтэс  цаг­даагийн тусгай ажилтан Д.Цэрэнчимэд, Д.Төмөр­пүрэв, У.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар эрүү үүсгэн шалгаж, өнгөрсөн гуравдугаар сард  прокурорт шилжүүлсэн бол, анхан шатны шүүх хурал нь  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээр  таван удаа хойшилсны эцэст энэ сарын 21-нд товлогджээ.

ТАНХАЙН СЭДЭЛТЭЭР ХҮН АЛСАН УУ,  ДЭЭРМИЙН ЗОРИЛГОТОЙ БАЙСАН  УУ? 

Хэрэгт хүний амь хөнөөсөн нь  тан­хайн сэдэлттэй гэж зүйлчлэгдсэн бол  талийгаачийн гар утас, хүзүүндээ зүүж явсан  гинж, бөгж, автобусны карт түүний аминд хүрсэн     Д.Төмөрпүрэвийн халаас, ажлын өрөөний шүүгээнд хадгалагдаж  байснаас  үзэ­хэд анхнаасаа  дээрмийн зорилго  агуулсан юм биш биз  гэсэн асуулт дагуулна. Мөн  “Та хоёр энхийг сахиулах ажиллагаанд явсан уу. Би бас явсан” хэмээн асуусан эмэгтэй хэн байсан бэ, яагаад цагдаагийнхан  түүнийг тодруулсангүй  вэ. “Энхийг  сахиулах ажил­лагаанд явсан бол мөнгөтэй”  гэсэн санааг өгөх, ийм зорилго бүхий  аман  тодруулгыг тэр эмэгтэй хийж өгч, цааш цааш нь  дамжуулж байсан юм биш биз. Учир нь талийгаач, хамт явсан найзын хамт Өмнөд Суданд энхийг сахиулж ирээд  хоёрхон сар л болж байж.  Хавтаст хэрэг доторх асуулт нэхсэн бас нэг үндэслэл нь  тавуулаа бүлэглэн  хүний амь насыг хохироосон байтал  яагаад  нэг хүн зодсон болгож өөрчлөв. Хамт явсан найз Буяндэлгэр нь цагдаагийнхны дарамтад орсон уу, хуйвалдаад байна уу. Яагаад “Би согтуу байсан, юу ч санахгүй байна”  гэснээс өөр зүйл хэлдэггүй юм бэ. Талийгаачийг бусдад  зодуулж  ухаангүй уначихаад байхад  нь   22 удаа босгож, зөөх үйлдэл хийж  явсан нь бичлэгт тогтоогдсон байхыг бодоход  найз Буяндэлгэр нь тийм ч  ухаанаа алдчихсан  согтуу  байгаагүй юм биш үү  гээд олон асуулт хариу нэхэж байна.

Д.Цэрэнчимэд,  Д.Төмөрпүрэв, У.Батзориг  нарын хувьд цагдаагийн тусгай албаныхан гэхээр  тусгай албанд бэлтгэгдсэн мэр­гэ­жилтнүүд. Хэн хэн нь хүнийг яавал аврах, яавал амь насанд нь хүрч б­олохыг дээд зэргээр мэ­дэх цагдаагийн мэр­гэшсэн албан хаагчид. Дээр нь найзуудтайгаа бүлэглэн хүч нэмж зодсон байдаг. Тэгвэл талийгаач найз  н.Буяндэлгэртэй хамт явсан ч найз нь   ямар нэг эсэргүүцэл  үзүүлээгүй, өөрөөр хэлбэл  хамгаалаагүй. Үүнийгээ  “Би согтуу байсан”  гэж тайлбарласан байна.   Тэгэхээр ганц хүнийг тав, магадгүй түүнээс олон хүн зодсон байж бол­зошгүй ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Талий­гаачийн хувьд  энхийг сахиулах ажил­лагаанд шалгаран үүрэг гүй­цэтгэсэн, тэнд байхдаа олон орны эр цэргүүдийн хамтарсан спортын тэмцээн, холын зайн гүйлт, бөхийн тэм­цээнд  түрүүлж бай­сан,  бие бялдарын хөгжил сайтай  нэгэн байсан  гэ­дэг. Тиймээс  ганц хүнд зодуулсан төдийд нас барсан  гэхэд хэн ч итгэмгүй.

Талийгаачийн аав, ээж  хөдөөний хүмүүс. Таван удаа шүүх хурал хойшлоход Хэнтий аймгаасаа ирж, очих гээд багагүй чирэгдэл болсноо хэвлэлд ярьжээ.Одоо зургаа дахь удаагаа шүүх хуралд ирнэ. Гэтэл энэ байдлаар бол хурал зарлагдсан товын дагуу болох эсэх нь бас л  эргэлзээтэй юм. Ийм  байдлаар жил тойрсон энэ хэрэг одоо  шударга шийдэгдэх болов уу. Иргэд бол  цагдаа  намайг аварна гэж итгэдэг.  Гэтэл цагдаагийн албан хаагчид нь танхайрч  иргэн хүнийг бүлэглэн   зоддог, амийг нь егүүтгэдэг, дээрэм тонуул хийдэг, хэрэгт шалгагдах явцад  үгсэн хуйвалддаг  энэ байдалд Хууль зүйн сайд С.Бямбацогт анхаарал хандуулаасай. Энэ салбарт мэргэжлийн, албаны нэр хүнд, ёс зүй гэж нэг юм баймаарсан.

2

3

4

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин     Л.ХЭРЛЭН


URL:

Нэр: Баагий Огноо: 10 September 2016

Яргачидыг шүүх яах л бол доо манай улсад шүүх, цагдаа аалзны тор шиг сүлжилдсэн дээ.

Сэтгэгдэл бичих