Гарын үсэг зурагсад засгийн газрыг огцруулах саналаас бултаж байна

-Шаардлагыг өнөөдөр өргөн барих ажээ-

Хамтарсан Засгийн газрыг огцруулахыг шаардсан бичгийн тухай дуулиан халуун намраас эхлэн гарын үсэг эрэн туулайчилсаар анхны цастай золгоод байгаа. Харин энэхүү бичгийг өнөөдөр эзэнд нь хүргэж, ажил хэрэг болгохоор товлоод байгаа талаар өнгөрсөн баасан гаригаас дуулдаж эхэлсэн.

УИХ-ын гишүүн Н.Батбаярын албан бланкан дээрх Засгийн газрын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг нэхсэн, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан 20 гишүүний гарын үсэг УИХ-ын даргад очиход бэлэн болоод байгаа нь энэ. Гэвч холуур тойруулсан зорилго нь тодорхой болохын цагт шаардлагын гол асуудал нь Засгийн газрын насжилттай холбоотой болж ирэхэд зарим нь бултчихаж.

Бултагсад “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр санал нэгдэж гарын үсэг зурсан болохоос Засгийн газрыг огцруулна гэсэн үг үсэг олж хараагүй” гэсэн тайлбарыг өгч байгаа. Үүнд тус бүрийн намын дарга нарын сануулга, анхааруулга тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тухайлбал, Ардын намын гишүүн Ц.Батбаяр намын даргаасаа жавтий хүртсэн ч “Би хүн гүтгээгүй. Айх юм байхгүй” хэмээн баатарлаг байр суурь илэрхийлсэн.

Ардчилсан намын зүгээс нэр бүхий зарим гишүүнийг Ерөнхийлөгч өрөөндөө дуудаж, Оюутолгойн талаархи байр сууриа илэрхийлснийг хангалттай нөлөөлөл гэж хэлж болно. Харин одоо тэдгээр гишүүний улс төрийн зорилго нь нэгэнт тодорхой болчихоод байна. Гэхдээ тэд УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцүүлэх босго тоогоо ядаж 19-д хүргэх ёстой.

УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийг шаардан гарын үсэг зурагсдын тоо 20. Энэ тоог тэр чигээр нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхийг дэмжиж буй гишүүд гэж үзвэл “Би биш” гээд орилоод босоод ирэх хүн олон байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Энхбат хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд бол өөрөөр хандана гэдгээ илэрхийлсэн.

Тодруулбал “Анхнаасаа стандарт бус Засгийн газар байгуулсан. Одоо өөрсдөө учраа ололцоно биз” гэсэн. Уг нь бие дааж ялалт байгуулсны хувьд УИХ-ын гишүүн З.Алтайд ч ингэж хэлчихээд инээгээд ажиглаж суух боломж бий. Гэвч тэрбээр одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулахын эсрэг саналтай байгаа ажээ.

Энэ тухайгаа “Тэртэй тэргүй бүрэн эрх нь дуусах дөхөж байгаа энэ үед Засгийн газрыг огцруулж тоглох нь дэмий. Дараагийн хүмүүс шинэ ажилтайгаа танилцаж байна гэсээр цаг хугацаа алдана” хэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлаар ямар нэг гарын үсэг зураагүй” гэж байна.

Ийнхүү Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг нэхсэн 20 гишүүнээс бараг тал хувь нь ухарч, Засгийн газрыг огцруулах талаар санал хурааж буйг мэдээгүй, үзээгүй гэцгээх болов.

Үүний нөгөө талд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Шинэбаяр нар Засгийн газрыг огцруулах шаардлагаа хэзээ мөдгүй өргөн барина гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Тэр ч байтугай УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэмжээд гарын үсгээ зураад явуулсан гэдгээ телевизээр хэлчихсэн. Харин бусад нь хаана байна. Засгийн газрыг огцруулах саналыг дэмжсэн гарын үсэгний тоог яаж 19-д хүргэх вэ гэдэг тун сонирхолтой.

Асуудлын гол нь 19 хүрэхдээ биш, тэнд хэн, хэний нэр явж байна вэ гэдэгт байгаа. Өөрөөр хэлбэл тооны хувьд яах аргагүй 76-ийн дөрөвний нэг хувь мөн боловч чанарын хувьд чамлалттай гэж хэлж болно. Тэдний дунд лидер алга. “Толгойгүй” гарын үсэгнүүд хол явдаггүй. Дэмжлэг авах найдвар муутай гэсэн үг.

Одоогийн байдлаар Ардчилсан намаас 10 гишүүн Засгийн газрын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын эсрэг саналтай байна. Үүнд Н.Батбаяр, З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Д.Одхүү, Р.Амаржаргал, Ц.Сэдванчиг нарын нэр бий. Эндээс харахад Р.Амаржаргалын тэртээх 15 жилийн өмнөх Ерөнхий сайдын сэнтийг эс тооцвол хэзээ ч эрх мэдлийн гадна үлдэж байсан хүмүүсийн нэгдэл байгаа биз. Тэдэнд намын даргаас эмээгээд байх эрх ашиг байхгүй учраас юу ч хийж мэднэ.

Харин Ардын намынхны хувьд Ц.Батбаяр, Д.Очирбат, Ц.Даваасүрэн, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ, Ц.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Хамуг Монголын хөдөлмөрийн намын Ц.Шинэбаяр нар тэдэнтэй санал нэгдсэн. Гэхдээ тэдний зарим нь Засгийн газрыг огцруулах саналаас айж, зугтаж буй нь илт болсон.

УИХ-ын 2004 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар, хотын даргаар ажиллаж байсан хоёр нөхрийг эс тооцвол байнгын хорооны даргаас дээш эрх мэдэлд хүрч чадаагүй “дундаж түвшнийхэн”. Тэдэнд нэгдмэл нэг шинж чанар буй нь анхнаасаа хамтарсан Засгийн газар байгуулсанд сэтгэл дундуур явдаг. Тэгээгүйсэн бол сайдын суудалд хүрэх байсандаа итгэлтэй байдгаараа ижил төстэй гэж хэлж болно.

Н.Батбаярын албан бланкан дээр үзэл бодлоороо нэгдэн гарын үсгээ зураад байгаа тэднийг хамтарсан Засгийн газрын гишүүд хийгээд түүнийг өмөөрөн хамгаалагчидтай харьцуулах нь дэндүү шударга бус байх л даа. Учир нь хамтарсан Засгийн газрыг анх байгуулсан С.Баяр ч, одоо голомтыг нь сахиж байгаа С.Батболд ч хэр баргийн хүчтэй салхинд унахааргүй байшин барьсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Ц.Нямдорж “Ийм УИХ-ыг үзээгүй” гэсэн том дүгнэлт хийсэн. Харин Э.Бат-Үүл “Тоглоом тоотой нь дээр шүү” хэмээн сануулсан. Ийм хамгаалалтыг сөрж, хамтарсан Засгийн газрыг огцруулна гэдэгт итгэж болох уу. Тэр тусмаа нэг сайдыг нь огцруулах асуудлыг хоёр удаа тавиад байхад аваад үлдчихсэн Засгийн газар гэж байгаа.

Тэгэхээр асуудлыг тавих нэг хэрэг. Хэлэлцсэний эцэст хэр үр дүнд хэрхэн хүрэх вэ гэдэг өөр асуудал. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн өмнөх жилд эвслийн Засгийн газрыг унагаж болдгийг түүх харуулдаг ч 2005 онд Ц.Элбэгдоржийн Их эвслийн Засгийн газар, 2007 онд М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн Засгийн газрууд унаж байсантай харьцуулбал улс төр, бизнесийн ямар хүчтэй хамгаалалт буйг анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Дашрамд дурьдахад “Стандарт бус Засгийн газар”-ын эцэг С.Баяр Ерөнхий сайдын үүрэгт ажлаа залгамжлагчдаа хүлээлгэн өгөхдөө “С.Батболд нийгмийн захиалгаар гарч ирсэн” хэмээн онцолж байсан. Тэгэхээр өмнө нь “намын” буюу “улс төрийн захиалгаар” гарч ирж байсан Засгийн газруудаас илүү хүчирхэг гэдгийг С.Баяр сануулсан хэрэг. Тиймээс ч Ерөнхийлөгч хүртэл Оюутолгойн гэрээг өмгөөлсөн байр сууриа илэрхийлсэн нь мөнөөх том хамгаалалтын нэг хэлбэр байж болох юм.

Ямартай ч УИХ-ын нэр бүхий гишүүд Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг гурав дахь удаагаа тавихаар зэхэж байгаа. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос Ерөнхий сайдыг огцруулах шаардлагыг гурван удаа тавьж, энэ сарын 25-ныг эцсийн хугацаа болгон шаардлагаа хүргүүлсэн.

Дээр нь УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан бичиг өнөөдөр УИХ-ын даргад очих нь. Ийм олон огцруулах бичгүүдийн үр дүнд “нийгмийн захиалгат” С.Батболд, түүний удирдаж буй улс төр, бизнесийн хүчирхэг хамгаалалттай Засгийн газар энэ удаад тэсч үлдэх болов уу, яах бол.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих