Шинэчлэгдээгүй “шинэ тоглогчид”

timthumbҮЗХ-ны хурлаас өмнө Шонхор, МҮДН, Алтангадас хучээ нэгтгэж байна

Ардчилсан нам УИХ дахь бүлгийнхээ дэргэд шинэ бүтэц албан бусаар бий болгосон нь “Зөвлөхүүдийн зөвлөл”.
УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н. Алтанхуяг, гишүүн асан Р.Амаржаргал нар дээрх орон тооны эзэн.

“Ахмадын золбоо” гэж гоочлох нэгэн байгаа ч тэд Ардчилсан намын хувьд яах аргагүй нэгдүгээр эгнээнийхэн. Тэднийг улс төрд удлаа хэмээн хэн ч адладаггүй. Учир нь туршлага, мэдлэгээр Ардчилсан нам байтугай Монголын улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Гэхдээ “зөвлөхүүдийн зөвлөл”-ийн зорилго нь зөвхөн цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй бүлэгтээ туслах биш бололтой.

Олонх болсон улс төрийн хүчний эрх мэдэл намдаа байдаг. Харин цөөнхийн тухайд энэ нь УИХ дахь бүлэгт шилждэг зарчим Монголын улс төрд бий. Тиймээс л УИХ-д сонгогдож чадаагүй Ардчилсан намын лидерүүд УИХ дахь бүлэгтэйгээ албан бус зөвлөх ч болтугай хийгээд холбогдож карьераа сэргээх дамжлага болгон ашиглаж байна хэмээн дүгнэж болохоор.

Улс төрийн удирдагч, чиглүүлэгч хэн байх нь тодорхойгүй үед фракиууд нэг талдаа гарах нь чухал
Эрх барьж байсан намыг УИХ-д арай чүү бүлэг байгуулах хэмжээнд хүртэл нь суудлын тоог бууруулсан буруутнаар тодроод буй хүмүүс УИХ дахь бүлэгт зөвлех үйлчилгээ үзүүлэх болсны учир шалтгааны нэг энэ.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах учраа нэг л олохгүй, гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан эрх баригчдын үнэлэмж сонгуулийн өмнөхтэй харьцуулахгүй унасан. Чухам ийм үед Ардчилсан намын “ахмад”-уудын хувьд эсрэг тоглолт хийн нэрээ цэвэрлэх аятай боломж олдож байна.

Сонгуульд ялагдсанаас хойш нам доторх шинэчлэлийг дээр дооргүй ярьж буй. Гэвч улс төрийн удирдлага, чиглүүлэгч хэн байх нь тодроогүй өнөө үед Ардчилсан намын фракцууд нэг талдаа гарах нь чухал. Харин эх сурвалжийн өгч буй мэдээллээр “Зөвлөхүүдийн зөвлөл” үүний баталгаа аж. Дотоод эрх мэдэл хуваагдаж, хүчгүйдэхийн уршгийг УИХ-ын сонгуулийн үрд үнгээр мэдэрсэн тус намын фракцуудаас Шонхор, Алтангадас, МҮДН нэг талдаа гарсан нь энэ юм байна. Хэдийгээр МҮДН одоохондоо УИХ дахь бүлэгтээ хамгийн ихээр жин дарж буй ч намын ҮЗХ-нд Алтангадас, Шонхор нөлөөтэй. Тиймээс л ҮЗХ-ны хурлаас өмнө Ардчилсан намын зарим фракц хүчээ нэгтгэсэн нь тус намын дараагийн дарга хэн байхыг шийдчихлээ гэж ойлгож ч болно.

Уг нь Ардчилсан намын дарга З.Энхболд ажлаа өгөхөө мэдэгдсэний маргаашаас л дараагийн толгойлогчийн хувилбарууд яригдаж эхэлсэн. Тодорхой тоочвол Д.Эрдэнэбат, Г.Батхүү, Л.Болд, С.Эрдэнэ. Харин залуу үеийг төлөөлж Л.Гантөмөрийн нэр яригдаж байгаа бөгөөд байж болох хамгийн өндөр магадлал нь тэд. Дээр нь “шинэ тоглогч” нэгээр нэмэгдсэн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан. Ардчилсан намын шинэчлэлийн төлөө ажлаа өгч байна хэмээн мэдэгдэхдээ тэрбээр “Монголын ард түмэн, ардчиллыг, Ардчилсан намыг байнга дэмждэг, бас ихийг хүлээдэг. Харамсалтай нь манай нам тэр итгэлийг нь дааж чадсангүй. Энэ нь намаа олон фракцид хуваасан, дүрмээ мөрддөггүй, бас боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантай. Иймд Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилнэ. АН-ыг ардчиллыг, ардчиллын суурь үнэт зүйлсийг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.

Энэхүү шинэтгэл, шилжил-тийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул фракц байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улс төрийн туршлага, мэдлэг боловсролоо Ардчилсан намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж үзлээ” хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэхдээ. Хоёр удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг бүтэн эдлээд дуусч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дараагийн улс төрийн нүүдэл нь юу вэ? Угтаа Ардчилсан намын даргын суудал байх болов уу гэсэн олны таамаг ч ортой нь үүгээр батлагдаж байх шиг.

П.Цагааныг шинэ тоглогч гэж тодотгосны учир нь өмнөх өрсөлдөгч талууд хэвээр байгаатай холбоотой. Тэр нь УИХ-ын сонгуулийн өмнө Л.Болд, Г.Батхүү нарын байгуулсан МоАН санаачилга гэгч. Аль алинд нь Ардчилсан намын дарга болох амбийц бий. Тэдэн дээр “Алтангадас”-аас салсан С.Баярцогт нарын нөхөд нэгдсэн. Анхнаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олж авах, улмаар ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нам доторх сунгаанд орох зэрэгт орон зай болгож ашиглах байсан билээ.

Харин одоохондоо Ардчилсан намыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “үүрэг гүйцэтгэгч” гэсэн статустайгаар удирдаж байна. Энэ хэвээрээ ч орон нутгийн сонгуульд орж, ирэх арванхоёрдугаар сарын 6-нд болох Их хурлаараа эцэслэн шийдэх нь тодорхой болжээ.

Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганы дараа хуралдах Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны хувьд намын дарга гэхээсээ илүү дүрмийн шинэчлэлийг түлхүү ярих юм.

Ийм сонирхол Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад ч бий. Тэрбээр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, “Ардчилсан намыг Их хурал болох хүртэл нь үүрэг гүйцэтгэгч удирдаж болно” гэсэн зохицуулалтыг оруулж өгөх төлөвлөгөөтэй байна. Тэгэхээр ҮЗХ-ны хуралдаанаар томилогдох үүрэг гүйцэтгэгчийн ажил үүргийн хуваарь шинэ дарга сонгогдсоноор дуусгавар болж бас болох нь. Гэхдээ аравдугаар сарын сүүлчээр болох орон нутгийн сонгуулийн үр дүн өмнөх сонгуулийнхтай адил гарсан тохиолдолд гэсэн үг. [ЗГМ|

»”Зөвлөхүүдийн зөвлөл”-ийн зорилго нь зөвхөн цөөнхийн үүрэг гүйцэтгэж буй бүлэгтээ туслах биш.
» МҮДН одоохондоо УИХ дахь бүлэгтээ хамгийн ихээр жин дарж буй ч намын ҮЗХ-нд Алтангадас, Шонхор нөлөөтэй.
» Олонх болсон улс төрийн хүчний эрх мэдэл намдаа байдаг. Харин цөөнхийн тухайд энэ нь УИХ дахь бүлэгт шилждэг.
» Л.Болд, Г.Батхүүгийн аль алинд нь Ардчилсан намын дарга болох амбийц бий.

 

 

Б.Энхжаргал /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих