“Бэлтгэлээ сайн базаавал бичин жилийн зуд гэж айлтгүй”

192104-07092016-1473213283-527470626-zud

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхээс зарим зүйлийг тодруулав.

-Өвөлжилтийн бэлтгэл гол салбаруудын хэмжээнд ямар байна вэ? 
-Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тонн өвс, 284 мянган тонн хадлан бэлтгэсэн. Аймаг, сум 3722 тонн өвс, 504 тонн тэжээлийг нөөцөлсөн байна. Эрчим хүчний салбар, эрүүл мэндийн байгууллагын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай, Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байна. Цаг агаарын хүндрэлтэй үед олон улс болон улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах Ажлыг хэсэг байгуулсан.

-Бичин жилийн өвөл учраас малчид сэрэмжилж байна. Нийт нутгаар цаг агаарын төлөв байдал ямар байгаа вэ? 
-Энэ жил бэлтгэлээ сайн базаавал зуд болохгүй байх магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэллээ. Нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Тиймээс отроор өвөлжих малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн судалгааг гаргах. Мөн эмч, сувилагч, ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байна.

-Гамшгийн үед учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 
-Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ. Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлэх ёстой.

Харин эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллах үүрэгтэй.

С.Уянга

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих