УРИАНХАЙ НАЙРАГЧТАЙ ЭРТ ЭДҮГЭЭГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЖ, СЭТГЭЛИЙН ТААШААЛ ЭДЛЭВ
Жар, далаад оны Монголын загварын ертөнцөд гялалзаж явсан хүмүүс бол С.Чанцал, Ч.Цэнд нарын төгөлдөр гоо хүүхнүүд. Энэ сайхан хүмүүсийг эргэн дурсахын тулд тэднийг нэгэн цагт хайрлан халамжилж явсан яруу найрагч Д.Урианхай ахтай 2013, 2014 онуудад хэд хэдэн ч удаа хөөрөлдөж, үүний далимд шүлэг найраг, номын садан болоод авсандаа баярланам. С.Чанцал нь Урианхай ахын анхны эхнэр, харин Ч.Цэнд нь түүний залгасан эхнэр. Өчигдөр би бээр Урианхай ахынд очиж “Халхын сайхан хүүхнүүд” номоо гардуулж, бас найрагчтай эрт эдүгээг хүүрнэн өгүүлж сэтгэлийн таашаал эдлэв. Энэхүү номонд С.Чанцал, Ч.Цэнд нарын тухай хөрөг найруулал бичигдсэн юм. Тиймээс өвгөн найрагчийн анхны болон залгасан эхнэрүүдийн талаар товч мэдээлэл оруулахаар шийдлээ.
АНХНЫ ЗАГВАР ӨМСӨГЧ С.ЧАНЦАЛ
“Гоо сайхан бол бурханы бэлэг. Гэхдээ түүнд маш их анхаарал тавих хэрэгтэй. Өглөө орноосоо босоод тольдоход би жирийн л нэгэн харагддаг. Харин нүүр засалчид хийдэгээ хийсний дараа би өөрийн давтагдашгүй чанараа олж үздэг” хэмээн дэлхийн алдартай топ модель Синди Кроуфорд хэлсэн байдаг. Энэ үг өдгөө дэлхийн топ моделиудын амны уншлага болжээ. Гэвч яг үнэндээ энэхүү алдартай үг нь будаг шунх, гоо заслаар дулдуйдсан орчин цагийн загвар өмсөгчдийн ерөнхий төрхийг л магтан дуулж буй хэрэг юм. Харин манай жар, далаад оны загвар өмсөгч хүүхнүүд бол будагтай будаггүй, гоо засалчтай гоо засалчгүй өөрийн гэсэн давтагдашгүй чанартай, өнөөгийн хэллэгээр бол жинхэнэ “ориг” хүүхнүүд байжээ. “Жар, далаад оны үед манайд топ моделиуд байсан юмуу” гэж өнөөгийн залуучууд гайхширдаг. Ер нь топ модель гээчийг ерэн оноос л бий болчихсон мэтээр ойлгодог. Тиймээс энэхүү ойлголтыг эвдэхийн тулд жар, далаад оны загвар өмсөгчдийн ертөнц рүү хөл тавихаар шийдсэн юм.
Монголын анхны загвар өмсөгч С.Чанцал эдүгээ бидний дунд үгүй. Гэсэн ч тэрбээр үр хүүхэд, хань ижил, найз нөхдийнхөө зүрх сэтгэлд амьдаас амьд гэрэлтсээр байдаг нь энэрэлт эх, энхрий хань, сайн анд, сайхан хүүхэн явсаныг илтгэнэ. Түүний охин Янжиндулам “Миний ээж хань ижилдээ гэргий хүний халамж, үр хүүхэддээ эх хүний хайр энхрийллийг хангалттай өгч чадсан, найз нөхөд, ахан дүүсдээ хүндлэлийг олж чадсан тийм л сайхан эмэгтэй байлаа. Ээжийгээ харахад дотроос нь гэрэл цацарч буй мэт мэдрэмж төрдөг байлаа. Тэгш сайхан бие хаа, төгс шийдэмгий мөртлөө намбалаг алхаа гишгээ, инээмсэглэлд нь тодрох яралзсан цагаан шүд, амьдралын хатууг амсч хүнд хүчрийг хийж өссөн ч огтхон ч эвдрээгүй шулуун цагаан хуруунууд гээд ер нь ээжийн маань гоо үзэмж бидний сэтгэлд тодоос тод үлдэж дээ. Ээж маань үйлэнд уран, ялангуяа монгол дээл сайхан оёдог хүн байсан. Хал нь гаднаа, хайр нь дотроо, сэтгэлийн их тэнхээтэй хүн байлаа. Ямар сайндаа л амьсгаа хураах хүртлээ хажууд байгаа хүмүүсээ сэтгэлийн хаттай байлгах тэр хэмжээнд гадаад байдал, үйл хөдлөл, үг хэл, сургаалиараа удирдан зохицуулж чадаж байсан юм даа. Ээжийн маань үлдээсэн зам мөр биднийгээ үргэлж гийгүүлж, сургааль үгс нь өнөөдөр ч ухаарал хайрласаар байдаг” гэж дурссан юм.
Урианхай найрагч нисэн одох хоногийн эрхи дундаас нэгэн шинэ од буюу Чанцалыгаа олсон тухайгаа тэртээ 1970 онд ийнхүү шүлэглэжээ.
“Нисэн одох хоногийн эрхи дундаас
Нэгэн шинэ од олсон минь чи байнам
Униарт алсаа шувууд зорьдогийн адил
Учрал, хагацлын тавилангаас чамдаа л би ирнэм
Чамайг мөрөөсөх юутай сайхан жаргалан байнам
Чамтай ярихад юутай дулаан үгс урснам
Тэнгэрлиг дээд шүтээн чинээ бодох чамдаа
Тэнэг үг сонсгохоос би их л цээрлэнэм
Үг бүхнээ цэнэж хэрсүү бодож яринам
Үнэнийг онож, яруу найраг шиг хэлэхийг хүснэм
”… Харахаас ялдам, дур булаам бүсгүйтэй учирсан хүн ингэж өөрийгөө цэнэж, хөвчлөхөөс ч өөр аргагүй юм. Гэхдээ энэ бол бүсгүй хүний гоо сайхныг мэдэрч чаддаг, мэдрээд биширч чаддаг, бишрээд бичиж чаддаг хүний үг. Чухам ингэж чадсан хүн л үзэсгэлэн гоо бүсгүйн өмнө үг бүхнээ цэнэж, үнэнийг онож, яруу найраг шиг хэлэхийг хүсдэг биз ээ. Хэрвээ “Эргэж хэзээ ч мартамгүй гоо сайхан”-ы өмнө бодлогогүй алхам хийж, болчимгүй үг урсгаж гэмээнэ мөнөөхөн үзэсгэлэн гоо нь гомдож туниад эргээд хэзээ ч эвлэрэхгүй байж ч мэднэ. Олон арван сайхан хүүхэн тааруухан нөхөртэй учирсандаа гомдоод эргээд хэзээ ч эвлэрэхгүйгээр салж одсон гашуун түүх зөндөө бий. Урианхай найрагч гэргий Чанцалтайгаа анх учран золголдсон торгон агшинаа,
“Асгарсан гэзэгнээс чинь агь сэнгэнэж,
Ангарай уруулаас чинь агаар анхилж,
Ангир цээжийг чинь нүцгэлэхэд гал шатаж,
Айсан нүдийг чинь үнсэхэд нулимс амтагдаж билээ…” хэмээн мөн л өвөрмөц сайхнаар дүрсэлсэн байх ажээ. Харамсалтай нь үхэл гээч нь хайрт ханийг нь арай л эрт аваад явчихаж. Найрагч Д.Урианхай 1991 онд ханийнхаа гэгээн дурсгалд зориулж “Өрөвдөхүй” хэмээх гүн ухааны бодрол бясалгалын өгүүлэл бичиж олон хүний сэтгэлийг нялхруулж байлаа.
Тэрбээр элбэрэлт ханиасаа хагацаад хэдэн жилийн турш маш ихээр ганцаардаж зутарсан тухай “Залгасан эхнэр” Ч.Цэндийн нь яриа хэвлэлийн хуудаснаа үлджээ.тэр өгүүлэхдээ: “Чанцал эгч бид хоёр хамт загвар өмсч, бие биенийхээрээ орж гардаг дотно найзууд байсан. Талийгаачийг нас барахаас өмнө би очиж сар шахам асарсан. Тэгээд яг өвгөн бид хоёрын гар дээр нас барсан даа. Талийгаач нас барахаасаа өмнө “Манай өвгөн ерөөсөө л номын хүн. Юм бичихээс өөр юу ч хийж чадахгүй. Миний дүү манайхаар орж гарч ахдаа хоол цайг нь хийгээд өгчихөж байгаарай” гэж захиж байлаа. Энэ үгийг надад зориулж хэлж байсан юм болов уу гэж одоо бодогддог юм. Өвгөн маань нэг өдөр “За миний дүү. Чи намайг мэдэхгүй биш. Юу ч хийж чаддаггүй болхи байдлыг минь мэднэ. Ахдаа цай хоол хийж өгөөд хань бүл болоосой гэж хүсч байна. Гэхдээ ах нь чамд шаардаж тулгахгүй ээ” гэж гэнэт хэлэхэд нь надад маш хэцүү байсан. Өөрийн эрхгүй л нулимс асгараад ирсэн. “Эгч ээ, ах аа гэж гүйж гүйчихээд нас барангуут нь Цэнд аваад суучихлаа” гэж хүмүүс ярих байх даа гэж бодохоос маш их айж байсан. Тэгээд сүүлдээ “Нээрээ муу ахыг минь надаас өөр мэдэх хүн байхгүй дээ. Ер нь намайг юу гэж хэлэх нь ямар хамаатай юм бэ. Өөрийгөө золиослоод, талийгаачийгаа орлоод энэ өвгөнийг хайрлаж халамжилж, хийх ёстой юмыг нь хийлгэж, бүтээх ёстой юмыг нь бүтээлгэж явъя. Ингэж л талийгаачдаа буян хийе” гэж шийдсэн дээ. Өвгөн маань “Би чамтай л суувал сууна. Өөр хэнийг ч би ингэж гуйхгүй. Өөр хэнтэй ч суухгүй” гэж билээ. “Эвий муу ах минь, хань ижлээсээ хоцорчихоод хэцүү байна даа” гэж дүү хүний сэтгэлээр л өрөвдөж хайрлаж байсан. Бүр үнэнээсээ хайртай болох, дурлах гэдэг чинь харин одоо хөгширсөн хойноо л эхэлж байх шиг байна даа” хэмээсэн байх аж.
“АЗИЙН ЦАГААН ДАГИНА” Ч.ЦЭНД
Тэртээ жаран долоон онд Москвад болсон олон улсын “Мода” фестивалийн нээлтэн дээр “Азийн цагаан дагина Улаанбаатараас ирсэн загвар өмсөгч Цэнд хуримын цагаан платье өмсөөд жинхэнэ цагаан дагина болж салхи татуулан гарч ирлээ” гэж зарлуулан улсынхаа нэрийг мандуулж явсан Чойжавын Цэнд агсаныг сайн сайхнаар дурсан санагалздаг хүн маш олон байдаг юм байна. Монголын анхны загвар зохион бүтээгч О.Шагдарсүрэн гуай: “Цэнд маань Москвагийн фестивальд Азийн цагаан дагина гэж алдараа дуудуулж явсан хүн. Фестивалийг хөтөлж байсан орос эмэгтэй түүнийг “Азийн цагаан дагина” гэж дуудахад ямар бахдалтай байсан гэж санана. Тэр үед Ази тивээс анх удаа манай улс оролцож байсан болоод ч тэр үү, Цэнд маань урт цагаан даашинз өмссөн байсныг ч хэлэх үү, гадаадынхан түүнийг бишрээд “Азийн цагаан дагина” гэж нэг хэсэг шуугисан. Жар, далаад оны загвар өмсөгчдөөс хамгийн царайлаг нь Цэнд байсан юм” гэж онцолж байлаа. Ч.Цэнд багадаа уран нугараач болохыг мөрөөддөг байж. Энэ тухай түүний ах Ч.Болд “Дүү маань багадаа уран нугараач болно гээд мост хийж үзүүлэн биднийг баясгадаг байлаа. Гэвч ажил, амьдралын шугамаар өөр мэргэжлийн хүн болсон. Үйлдвэр хоршооллын оёдлын үйлдвэрийн загвар зохион бүтээх товчоонд ажиллаж, хувцасны загвар өмсөгч, одоогийн хэллэгээр бол топ модель болж явлаа. Мөн социалист орнуудын нам төрийн удирдагч нарыг Монголд айлчлан ирэхэд онгоцны буудал дээр цэцэг барин угтаж авах төрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог байсан. Дүүгийн маань загвар өмссөн зураг нь тухайн үеийн “Эмэгтэйчүүд” сэтгүүл дээр байнга тавигддаг байлаа. Ер нь жар, далаад оны загвар өмсөгч нар одоогийнхоор бол жинхэнэ миссүүд байсан юм. Дүү маань хань ижил, үр хүүхэд, ах дүү нартаа халамжтай, биеэ сайхан авч явдаг, уян зөөлөн сэтгэлтэй, бидэндээ олдомгүй ховор хүн байлаа” гэж дурссан бол Ч.Цэнд агсаны охин Удвал: “Миний ээж бол Монголын хамгийн ховор сайхан эмэгтэй байлаа. Ээж маань гадаадад загвар өмсч байх үеийнхээ нэгэн түүхийг ярьж байсныг санаж байна. Гадаадын загвар өмсөгчид хацар нүүр, уруул, хөмсөгөө байдгаар нь будаад гарахад ээж маань зөвхөн уруулаа өнгөлөөд л тайзан дээр гардаг байж. Үүнийг хараад гадаадын загвар өмсөгчид ихэд гайхаж ээж рүү минь атаархангуй харж, зарим нь түүгээр бахархаж байсан гэдэг. Одоогийн хэллэгээр бол ээж маань жинхэнэ “ориг”-оороо байсан юм болов уу. Сайхан дүр төрх, үйл хөдлөлөөрөө шилдэг загвар өмсөгчийн зиндаанд заларч, олон улсын тавцан дээр Монголынхоо нүүр царай болж явсанд ээжээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг” гэж өгүүлсэн юм. “Жинхэнэ ориг” гэдэг үгийг энд онцолмоор санагдлаа. Ч.Цэнд агсаныг жараад оны үед анх загвар өмсөхөөр тайзан дээр гарах үед гоо засалчид хацарт нь пудр түрхээд, уруулыг нь будчихаж. Загвар өмсөгч маань тэр даруйдаа угаалгын өрөөнд ороод толинд нүүрээ хартал будсан уруул, пудрдсэн хацар нь их л хачин сонин харагджээ. Тиймээс тэр нүүрээ шууд угааж арчаад “жинхэнэ ориг”-оороо тайзан дээр гарч байсан гэдэг. “Өглөө орноосоо босоод тольдоход би жирийн л нэгэн харагддаг. Харин нүүр засалчид хийдэгээ хийсний дараа би өөрийн давтагдашгүй чанараа олж үздэг” хэмээсэн Синди Кроуфурдын брэнд болсон алдартай үгийн хажууд загвар өмсөгч Ч.Цэндийн дээрхи явдал жинхэнэ бахархах ёстой, сурталчилах ёстой дурсамж биш гэж үү? Тэр үнэндээ будаг шунх, гоо заслын хүчээр биш “Жинхэнэ ориг” буюу “Байгалын цэвэр бүтээгдэхүүн” болсон гоо үзэсгэлэнгээрээ олон улсын тавцан дээр “Азийн цагаан дагина” болж явсан Монголдоо л номер нэг загвар өмсөгч байжээ. Урианхай найрагч түүнд зориулж маш олон шүлэг бичжээ. Энэ тухай гэргий нь амьд ахуйдаа “Өвгөн маань намайг миний хүү, миний амьд бурхан, Дарь-Эх гэдэг юм. Хөдөө гадаа ажлаар яваад надаас жаахан холдохоороо л шүлэг биччихээд “Хүүдээ би ийм шүлэг бичлээ. Энэ ямар байна” гэж асууна. Бичсэн шүлгийг нь ийм байна, тийм байна гэж би ямар хэлэх биш. Яасан сайхан шүлэг вэ, баярлалаа гэж л хэлдэг юм” гэсэн дурсамжийг хэвлэлийн хуудаснаа үлдээсэн байв.
Урианхай найрагчийн “Үгүйлэхийн халуун” хэмээх зөвхөн хайр сэтгэлийн эрос шүлгийн түүвэр нь “Гэргий Ч.Цэнддээ” гэж хаягласан шүлгээр дүүрэн юм. Өөртөө зориулагдсан ийм олон шүлэгтэй азтай буянтай эмэгтэй Монголд байтугай дэлхийд тун ховор биз ээ.
“Арга суугаар би дэлхийг хэдий бөхийлгөөгүй ч
Аугаа, гэгээн хишигт энэ өдрүүдийн
Ачийг чамдаа хариулж баярлуулахаар
“Ажилч зөгий” шиг уйгагүй, өдөржин ниснээ!
Адуун зүүдтэй Монголынхоо талд
Хөл нүцгэн гишгэсэн цэцгийнхээ үндэс тоолон
Аялгуу энхрий хайрын шүлэг,
-“Хүн чулуу” ургуулж,
Хөндий дүүрэн давхилдах тэнгэрийн хүлгүүдийн орон,
Хөх мөнх Монголынхоо настай тэнцүү он жил
Нэрийг чинь дурсуулнаа, хайрт минь!
Чамдаа амлая!” хэмээн Урианхай найрагч гэргий Цэнддээ амлаж байсан нь саяхан. Гэвч хөөрхий минь дахиад л хагацал. Сайхны охь, сайны манлай хэзээ нэгэн цагт өвчин зовлонд яаж дээрэлхүүлдэг, ариун үзэсгэлэнгийн суу яаж ад хүчинд сөхөрдөгийг Урианхай найрагч соргогоор олж хараад ханийнхаа гэгээн дурсгалд зориулж “Ганц хүний өрөө” хэмээх уртын урт элеги-эссэ бичиж байлаа. Тэртээ 1991 онд найрагч маань анхны гэргий Чанцалдаа зориулж “Өрөвдөхүй” хэмээх бодрол бясалгалаар сэтгэлийн гунигаа юүлж байсан бол хорин жилийн дараа буюу 2011 онд “Залгасан эхнэр” Цэнддээ зориулж “Ганц хүний өрөө” хэмээх элеги-эссэгээр цээжиндээ багтарч ядсан хамаг л уй зовлонгоо түрхрэн гаргаж байлаа. Гэхдээ найрагч маань халхын сайхан хүүхнүүдийн манлайд гялалзаж явсан Чанцал, Цэнд хэмээх хоёр сайхан бүсгүйтэй дэр нэгтгэж байснаараа азтай.
“Сайхан шувууг суулгах мод нь хайж байдаг” гэх гүн санаа агуулсан Дорнын үг бий. Үүн лүгээ үзэгдэх нь сайхан, замхрах нь хайран үлгэрийн хорвоод, үзэсгэлэн ирэхийн цагт баяр цутгаж, үтэр буурайхын цагт гуниг цутгаж, үнэний жамыг танихад судас нь болж лугшиж явсан Чанцал, Цэнд хэмээх хоёр сайхан шувуу Урианхай хэмээх яруу найргийн үр жимс дүүрэн боловсорсон сүрлэг сайхан модон дээр үүрээ засч тухлаад ертөнцийн жамаар одоцгоожээ.
ТЭМДЭГЛЭСЭН Б.ОЙДОВ
URL: