Хятадууд лиценз их хэмжээгээр авч байна гэв

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх хура­лдаанаар Ховордсон амь­тан, ургамал, тэдгээрийн гарал­тай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах хуулийн төслийн хэлэл­цэх эсэхийг шийдвэрлэв.

Тэгэхээр анх 1973 онд АНУ-ын Вашингтон хотноо улс орнууд “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцид нэгдэн гарын үсэг зурж байжээ. Харин манай улс тус конвенцийн ги­шүү­нээр нэгдэн орсныг УИХ 1995 оны тавдугаар сард соёр­хон баталж, 2002 онд хол­богдох хуулиа баталж байв. Үүний дагуу жил тутам 60 гаруй тол­гой угалз, 300 хүртэлх идлэг шонх­рыг гадаад худалдаанд гаргаж, улсын төсөвт жилд дунджаар 3.5 сая орчим ам.долларын ор­лого оруулах болжээ.

Сүүлийн үед конвенцийн хавсралтад байдаггүй олон улсад худалдаалагддаг амьтан, ургамалтай холбоотой хэрэг зөрчил манай улсад ихээр га­рах болжээ. Жишээ нь хэрэм, тарвага, хярс, мануулын түүхий эдийг хилээр нууцаар гаргах оролдого буурахгүй байгаа гэнэ.

Тиймээс эдгээр амьтдыг хам­­­гаалах,  хараа хяналтыг сайж­­­руулан эрх зүйн орчныг бүр­дүүлэх үүднээс кон­вен­цийн гу­равдугаар     хавс­рал­­тыг   баталж, хуульч­лах шаард­­­­л­а­гатай бол­жээ. Мөн хууль зөрчигчдөд захир­гааны хариуцлага хүлээл­гэн торгууль ногдуулдаг ч үр дүн гардаггүй байна. Учир нь тор­­гуулийн хэмжээг тэд­ний хууль бусаар олж буй ор­лого­той харьцуулахад, хаана нь ч хүрдэггүй аж. Тиймээс тор­гуулийн хэмжээг мөнгөний ханшны уналттай уялдуулан хуульчлах шаардлагатай байгаа юм. Тэр утгаараа нэр бүхий гишүүд тус хуулд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачилжээ. Эл талаарх илтгэлийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Л.Гансүх ги­шүүдэд дуулгаж, асуулт ха­риулт явуулав. Харин эл асууд­лаар санал хураахад, “но­гоон гэрэл”-ээр дэмжигдсэн юм.

Түүнчлэн энэ өдрийн хурал­даанаар Эрчим хүчний ту­хай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийг 2001 онд баталж байсан. Түүнээс хойш тус салбарт бүтцийн өөрчлөлтийг хэд хэдэн удаа хийсэн. Тийм учраас эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нь тодорхой болгох шаардлагатай болоод буй. Мөн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулах эрх зүйн байдлыг боловсронгуй болгох шаардлага бий болчихоод байгаа юм. Тухайлбал, цахил­гаан дулаан тоног төхөөрөмж, байгууламжийн засвар, үйл­чилгээ, туршилт тохируулга хийх үйл ажиллагааг тусгай зөв­шөөрөлтэй болгох, мөн хэрэглэгчийг найдвартай эр­чим хүчээр тогтмол хангах шаард­­­л­агатай болжээ. Тиймээс холбогдох хуульд өөрчлөлт оруулсныг салбарын сайд гишүүдэд танилцуулав.

Энэхүү хуулийн төсөл батлагдснаар салбарын үйл ажиллагаанд төрийн байгуул­лагын эрх үүрэг тодорхой болох аж. Түүнчлэн эрчим хүч­ний зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамрах ач холбогдолтой. Мөн цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах түлшийг эрх зүйн зохицуулалтад хамруулах, сал­барын үйл ажиллагааны үр ашиг дээшлэх юм байна. Харин чуул­ганы хуралдаанаас хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногийн чуулганаар хэлэл­цэхээр тогтлоо.

ХЭНТИЙД 300 ГАРУЙ ХЯТАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

Чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Д.Энхбат нараас Ерөнхий сайдад хаягласан Засгийн газрын тогтоолоор бата­л­сан “Алт” хөтөлбөрийн бие­лэл­тийн асуулгын хариуг сонс­лоо. Энэ талаарх мэдээл­лийг Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригт гишүүдэд танил­­цуулав.

БНМАУ-ын Засгийн газраас 1991 онд 304 дүгээр тогтоол гарган “Алт” хөтөл­бөрийг баталж, дараа оноос нь хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөл­бөрийн гол үр дүн нь алтыг уул уурхайн бие даасан нэг салбар болгон хөгжүүлж, улс орны санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд бодитой түлхэц болсон гэв. Мөн ажлын байр шинээр бий бол­гож, хайгуулын ажилд хувийн хэвшлийн хөрөнгөөр нөөц өсгөх боломж бүрдүүлсэн гэнэ. Эл хөтөлбөрийг хэрэг­жүүлж эхлэхээс өмнөх таван жилд дунджаар 720-800 кг алт олборлож байв. Харин хөтөл­бөрийг хэрэгжүүлж эхэлснээр 1996 оны байдлаар 7,5 дахин өссөн үзүүлэлт гарчээ. 1991 онд зургаан аж ахуйн нэгж алт олборлон Монголбанкинд 806 кг алт тушааж байжээ.

Түүнчлэн 2005 онд 131 аж ахуйн нэгж 15232,9 кг алт тушаасан нь 1991 онтой харьцуулахад, 20 дахин өсч, улсын эрдэнэсийн санг арвижуулахад бодитой хувь нэмэр болсон аж. Харин 2006 оноос Зарим бүтээг­дэ­хүүний үнийн өсөлтийн албан татварын ту­хай  хуулийг мөрдөж эхэлснээс хойш алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурчээ.

Тухайлбал, 2005 онд 15,2 тн алт тушааж байсан бол 2010 онд 2,1 тн-ыг л тушаасан байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлсөн. Иймд УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн уг хуулийг цуцалж, Ашигт малтмалын тухай хуульд өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийн тухай заалт оруулсан байна.

Танилцуулгатай холбог­дуулан нэр бүхий гишүүд энэ үеэр асуулт тавив. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тус хөтөлбөртэй холбоотой бий болсон сөрөг үр дагаварыг зогсоохын тулд урт нэртэй хууль батлан гаргасан. Гэвч хуулийн хэрэгжилт муу байгаа. Мөн шороон ордны асуудал хүндрэлтэй байгааг онцолж байв. Түүгээр зогсохгүй энэ ордны үйл ажиллагааг зогсоосон гэх боловч, илүү нэмэгдсэн талаар хэлсэн. Түүнчлэн гишүүд эл хөтөлбөрийг баталснаас хойш 20 жил өнгөрлөө. Үр дүн нь улсад хэр ашигтай байсныг ч хөндөн ярилцсан юм. Тэгэхэд, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцвол төсөвт оруулсан мөнгө алдагдалтай гарна.

Сүүлийн таван жилд 70 орчим тэрбум төгрөг төсөвт оруулсан. Гэвч хүнд даацын техник явуулснаар зам эвдэрч, маш их хохирол учируулсан болохыг хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Эрдэс баялаг ашиглахад олгож буй лицензүүдийг зогсооход бо­лохгүй зүйлгүй. Лиценз шинээр олгохыг хориг­лос­ноос биш худалдаж авахыг хо­риг­лоогүй. Хятадууд маш их лиценз худалдан авч байна. Зөвхөн Хэнтийд л гэхэд 300 гаруй хятад үйл ажиллагаа явуулж байна” гэв. Харин салбарын сайд “2009 онд кадастрын зураг гаргаж, лицензтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон. Монгол Улсын газар нутгийн зөвхөн 0,3 хувьд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа. 2007 онд батлагдсан хуулиар уул уурхай, ашигт малтмалын салбарт тавих хяналт сай­жирсан” гэх хариулт өгсөн юм.

О.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих