Авлигын эсрэг хууль хэрхэн өөрчлөгдөх вэ

1473126392_mg_9728_700УИХ-ын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Эдгээр хуулийн төслүүдийг Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

 

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгодог 1 удаагийн тэтгэмжийн хэмжээг 1-12 сар болгож байгаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгодог байсныг 12 сар хүртэл болгохоор Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүгчийн цалин хөлс нь төрийн албан хаагчийн дундаж цалингаас өндөр, адил мэргэжил, ур чадвар шаардах төрийн бусад адилтгах албан тушаалын цалингаас хэт өндөр байгааг өөрчлөх, түүнчлэн шүүгчийн нийгмийн баталгааны зарим заалтууд төрийн бусад салбарын хуулиас дээгүүр тогтоогдсон гэж үзэж шүүгчийн нийгмийн баталгааны заалтуудыг онцгой байдал, төрийн аудит гэх мэт бусад салбарын баталгаатай ойролцоо түвшинд байхаар тусгажээ.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж, зардлын үр ашигтай байдлыг хангах зорилгоор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас бүх шатны шүүхийн ажиллагаанд болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх асуудлыг Төсвийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй хэмээн үзэн боловсруулсан байна.

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжсэн юм. Харин Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, ”Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжээгүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Үүний дараа Зарим хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

 

Монгол Улсын Их Хурлын 5, 6 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн баталж амжаагүй нийт 152 хууль, 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд тэдгээрийг хууль санаачлагчаар нь авч үзвэл Ерөнхийлөгчөөс 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Засгийн газраас 65 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Улсын Их Хурлын гишүүдээс 74 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус санаачлан өргөн мэдүүлжээ.

 

Шинээр байгуулагдсан Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр Засгийн газраас өмнө санаачилж, өргөн мэдүүлсэн 50 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авсан байна.

Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа 81 хуулийн төсөл, 16 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай, мөн Монгол Улсын хууль тогтомжийг 2016-2020 онд боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулах зорилгоор дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг дэмжлээ.

Үндэстэн агентлаг

 


URL:

Сэтгэгдэл бичих