АН-ын парламент дахь бүлэг тарвал зохилтой

e7612b11637fd14a97db041d4290ccc1

Яг одоогийн нөхцөл байдалд Ардчилсан нам гэх улс төрийн хүчин үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байна уу. Хариулт нь төвөгтэй.

Ажиглаваас УИХ-д энэ нам суудалтай төдийгүй бүлэг байгуулах хязгаарт арайхийн хүрч бүлэгтэй болоод дарга, даамлаа ч томилж, томилуулжээ. Харин МАН сонгуульд оролцохдоо ард түмний итгэлийг авсан мөрийн хөтөлбөрөөсөө нүдэн дээр ухарч, эдийн засгийн хямрал, хүндрэлийн ачааг ард түмний нуруун дээр буулгаж, боол мэт ташуурдах бодлогыг баримталж байхад эрх баригчдын суудлаас гулсаж сөрөг хүчин болж хувирсан АН-ын тамга, тэмдгийг атгасан хүмүүс юу ч хийж чадахгүй суугаа нь ил байна.

МАН дээр дурдсан олон нийтийн эсрэг гэмээр бодлогоо хэрэгжүүлэх хуулийн төсөл, тогтоол, шийдвэрүүдийг чуулганаар хэлэлцэж байхад сөрөг хүчин хэрэндээ л эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч тэдгээр нөхөд нь муу нэртэй, намаа ялагдалд хүргэхэд хамгийн их үүрэгтэй этгээдүүд болохоор үг, үйлдлийг нь хэн ч тоож сонсохгүй байгаа юм.

Тодруулбал З.Энхболдын удирдлага дор намаа самарсан “Шонхор” фракцийн С.Эрдэнэ, МАН, АН дамжин байгуулагдаж ямар ч цаг үед улс төрийн өндөр албан тушаал хашилцаж явдаг “Алтан гадас”-ын Я.Санжмятав нарыг (яг энэ зарчмаа дагасан мэт УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байгаа) нэрлэж болно.

Өнгөн талдаа сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байгаа мэт боловч цаагуураа Үндсэн хуулийг ч өөрчлөхөд асуудалгүй шахам олон гишүүд парламентад оруулж чадсан МАН-ын өөдөөс өрвөлзөөд яахав, өөрсдөө л хэрэгт уналгүй үлдвэл барав гэсэн “хоноцын” сэтгэлгээгээр хандаж байна гэж хардах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлэм.

Тэгвэл АН-ыг төрд төлөөлөх эрхмүүд өөрсдийн эрх ашгийн үүднээс ийнхүү эрх баригчдын булхай бүхнийг чимээгүйхэн хүлээн зөвшөөрч байгаа бол АН-аас юу үлдсэн гэхэв дээ.

Иймэрхүү нөхдүүд АН-ын нүүр царай болж төр түшилцэж суугаа цагт ер нь энэ намыг одоо амьсгал хураах гээд комд орчихсон байгаа өвчтөнтэй зүйрлэхэд алдахгүй мэт. Эрх баригчид хууль тогтоомжийг хүссэнээрээ өөрчилж, өөрсдийнх нь өмнөх дөрвөн жилд хийсэн бүх ажлыг үгүйсгэж, устгаж, ухрааж байгаад дөрвөн жилийн дараа “АН-ынхаан та нар тэр үед бүхэл бүтэн бүлэгтэй байсан шүү дээ” гээд ам асуухад гайхах зүйлгүй, учир нь яг одоо чуулганы танхимд ингэж амаа асуулгаад байгаа юм ардчиллын нөхдүүд.

Тэгэхээр намдаа ч шинэчлэл хийхийг дэмждэггүй, хүсдэггүй, ужгирч хуучирсан арга барилаараа ажиллахыг хүсдэг АН-ын бүлгийнхэн ер нь парламент дахь бүлгээ тараачихвал ямар вэ дээ. Дутуу юм хийснээс боллоо гэж одоо амаа асуулгаж байгаа та нар хэдэн жилийн дараа сонгуульд яаж орох гээв. Тэгэхээр МАН-ынхны хийж байгаа ажлыг буух эзэнтэй, буцах хаягтай үлдээхийн тулд бүлгээ тараачихад л болох биш үү.

POLITIK.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих