Зэвсэгт хүчний 119-р ангид байлдагч өөрийгөө буудсан хэрэг гарчээ
Энэ сарын 3-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Химийн 119-р цэргийн ангийн 21 настай, байлдагч Д манаанд гарч байх үедээ цэргийн зориулалттай “АКМ” маркийн буугаар өөрийгөө эрүүн доороосоо буудан хүнд гэмтсэн талаар Мэдээ.мн сайт дээр гарчээ.
Бэртсэн байлдагчийг Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, яаралтай тусламж үзүүлсэн аж.
Уг хэргийн талаар Байлдагч Д мэдүүлэхдээ санаандгүй байдлаар сум алдаж, өөрийгөө гэмтээсэн гэх ба уг хэрэгт одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татаагүй байна.
Мөн Зэвсэгт хүчний 119-р ангийн захирагч нарын зүгээс “Орхон аймгаас цэрэгт татагдан ирсэн байлдагч Д нь сургалтын сумтай АКМ буугаар өөрийгөө буудаж гэмтээсэн гэх ба түүнийг амиа хорлохыг завдсан байж болзошгүй” хэмээн мэдээлжээ.
Харин байлдагчийн ар гэрийнхний зүгээс залууг амиа хорлохыг завдаагүй хэн нэгний дарамтад орсон байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа аж. Хэрэг гарсны маргааш байлдагчийг ар гэрийн хүсэлтээр Улаанбаатар хот дахь Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлж байгаа юм.
Тус эмнэлгийн эх сурвалж, одоогоор байлдагч Д-гийн гэмтэл амь насанд нь халгүй, хүргэгдэж ирснээс хойш шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа ба биеийн байдал тогтворжсон. Гэсэн хэдий ч улаан хоолой, дууны хөвч гэмтсэн тул өвчтөн ярихад бэрхшээлтэй байгаа. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай хэмээн мэдэгджээ.
Г.Эрдэнэзул
URL: