МАН архи, тамхины татварыг улстөрийн шийдвэртээ багтаав

2975

“Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна.” гэж Ц.Нямдорж гишүүн бүлгийнхээ хуралдаан дээр хэлсэн байсан билээ. Тэгвэл энэ засаг нэр төрөө барахгүй байхаар шийдэв. Гол нь УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдлээ.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ  “Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан.  Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан  метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан. Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа, ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн  их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн…Төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголыг Засгийн газар өргөн барьсан цагаас нийгэмд нэлээд сөрөг ойлголт явагдсан… Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна” гэсэн юм. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын тэргүүн цаашид хямралын эсрэг өөр аргаар үзэх хэрэгтэй болж байна. Тэгэхгүй бол ингээд улстөрийн ээлжит шийдвэрүүд эхэнд эрэмбэлэгдээд таарах болов уу.

Уг нь бол татвар нэмэх асуудлууд дотор анхаарч үзэх асуудлууд байгаагүй биш байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, Засгийн газраас архи, тамхи, тамхинд ногдуулдаг онцгой албан татварыг тус бүр 20 хувиар нэмэх санал дэвшүүлсэн байсан. Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг. Манай тухайд архи, тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн. Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний, таван хүн тутмын нэг нь хавдрын улмаас нас барсан судалгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан байгаа юм.

Тэгэхээр архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай арга нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг бөгөөд үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад 8 хувиар тус тус буурдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэр утгаараа уг нь энэ төрлийн татварын нэмэгдлийг авч хэлэлцэж болох байсан ч, МАН-ын улстөрийн шийдвэрт нь багтаад, буцаагдаж таарч байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


URL:

Нэр: Anonymous Огноо: 7 September 2016

Arhi tamhi hangalttai ontsgoi tatvar toldog. Ontsgoi tatvariin zoriulalt n hor noloog buuruulah, niigmiig surgah bolohoos tosovt nemerlehed orshdoggui

Сэтгэгдэл бичих