Тахарын албыг татан буулгалаа, одоо гэрч хохирогчийг хэн хамгаалах вэ
Эчнээ танил Тахарын алба ард түмний дунд эргэн ирээд, энэ жил татан буугдлаа. Тодруулбал, шүүх байгууллагын шинэчлэлийн хүрээнд гэрч, хохирогч, шүүгчдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Тахарын ерөнхий газар өнгөрсөн 2013 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Байгууллагдаад гурван жилийн нүүр үзсэн уг алба овоо төвхнөж, 600 гаруй алба хаагчтай ажиллаж байлаа. Харин тус албыг энэ жил сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ татан буулгаж, Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгон, чиг үүргийг нь бусад албадад хуваарилах шийдвэрийг гаргасан юм.
Эдийн засгийн хямралтай энэ цаг үед хэт данхайсан бүтэцтэй ийм алба байх хэрэггүй гэж үзсэн юм. Харин тэгвэл Тахарын албаны зарим чиг үүргийг цагдаагийн алба хаагчид гүйцэтгэхээр болсон байна. Тухайлбал, Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид шүүхээс эрэн сурвалжлахаар даалгасан хүмүүсийг олж, хүргүүлэх ажлыг хийх юм байна. За яах вэ, цагдаа ийм үүргийг нь гүйцэтгэх юм бол гэрч, хохирогчийг хэн хамгаалах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Цагдаа хамгаалах юмуу яах юм бүү мэд. Уг нь энэ алба гэрч хохирогчийг хамгаалах албатай төдийгүй байртай байлаа. Гэр бүлийн хүчирхийлэл, элдэв янзын дарамтнаас үүдсэн хохирогчид эднийхээс л аврал гуйж ирдэг байв. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан төрийн байгууллага байсан юм. Тахарын алба татан буугдвал эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны бүхий л шатанд гэрч, хохирогчийг, ялангуяа хүүхэд, ахмад настан, гэр бүлийн хүчирхийллийн зэрэг эмзэг хохирогчийг хамгаалах чиг үүрэг нь эзэнгүйдэж, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль хэрэгжих боломжгүй болж байгаа гэсэн үг юм.
Энэ алба үнэхээр байх ёстой юу, байх ёсгүй гэдгийг эрх баригчид биш ард түмэн шийдэх ёстой байсан юм шиг. Эдийн засгаа хараад алс хэтийг нь хараагүй “харалган” шийдвэрийг эрх баригчид гаргасан ч ард түмний аюулгүй тайван байдлын төлөө алс хэтээ харсан шийдвэр биш гэж халаглах иргэд ч цөөнгүй байгаа юм. Хэдхэн жилийн өмнө шүүхийн хаалган дээр гэрч болсон хүн хутгалуулж амиа алдаж байсан харамсалтай хэрэг бий. Түүнээс хойш хуулийн байгууллага, салбар яамнаас нь гэрч хохирогчийг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэмээн үзсэний эцэст Тахарын албыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн юм.
Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэх, гэмт хэргйин гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх зорилгоор Монгол Улсын төр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуулийг 2012 онд баталжээ. Ингэснээр анх удаа гэрч, хохирогчийг хамгаалах эрхзүйн бие даасан, цоо шинэ тогтолцоо бий болсон. Энэ тогтолцоо нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг шүүхийн өмнөх шатанд хамгаалах чиг үүрэгтэй.
Гэтэл Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцэж, Тахарын албыг татан буулгах биш харин бэхжүүлэхийг хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд шаардаж байсан удаатай. Уг нь Тахарын алба байгуулагдснаас хойш хоёр жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэрч, хохирогчийг айлгах сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, амь биед нь халдах зэргээр дарамт, шахалт үзүүлэх явдал харьцангуй багассан талаар ч албаныхан мэдээлж байсан удаатай. Хохирогч, гэрч нарт төрийн хамгаалалтыг бодитоор хүргэж эхэлсэн нь хохирогчдод үйлчилгээ, туслалцаа үзүүлдэг байгууллагуудад шууд мэдрэгдэж, харагдаж эхэлсэн.
Тахарын алба өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 100 гаруй гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалан, аюулгүй байдлыг хангаж байгаа аж. Өмнө нь гэрч хохирогчийг хамгаалдаггүй байхад өгсөн мэдүүлгээсээ буцах, ингэснээр худлаа мэдүүлэг өгсөн гэдгээр өөрөө хэрэгтэн болох, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарч байсныг дурьдах нь зөв болов уу. Одоо тэгвэл ямарваа нэгэн хэргийн хохирогч, хэргийг гэрчлэх гэрч болон шүүх хурлыг шударга шүүх шүүгч нар айдаст автах нь тодорхой. Учир нь тэднийг хамгаалах, өмгөөлөх алба нь татан буугдсан учраас тэр. Тэднийг хэн ч хамгаалахгүй, тэд өөрсдийгөө л хамгаалж шүүх хуралд оролцох ёстой юм. Тэгэхээр өмнөхөө үгүйсгэж, дараагийн шинэ тогтолцоог гаргаж ирдэг энэ шинэчлэл, өөрчлөлт хэр зөв юм бол доо.
О.Сайхан
zaluu.com
URL: