“Их найм”-ын нэг ба тавантолгой

Дэлхийн их найман гүрний нэг ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн, хатагтай Ангела Меркел өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад айлчлаад буцлаа. Лхагва гаригийн шөнө ирээд пүрэв гаригийн өглөөний 09.00 цагаас 15.00 цаг хүртэл үндсэндээ зургаан цаг үргэлжилсэн ал­бан ёсны айлчлалын үеэр Тавантолгойн ордод Германы техник, технологи нэвтрүүлэх, оператор компаниа ажиллуулах зорилгоо хатагтай А.Меркел бүрэн хэрэгжүүлээд харив. Энэ айлчлал дэлхийн томчуудын зам Монголын Тавантолгойг зорих болсны бас нэг гэрч болов. ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар 2009 онд Монголд айлчилсан бол АНУ-ын дэд Ерөнхийлөгч, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, БНСУ-ын Ерөнхийлөгч, БНЭУ-ын Ерөнхийлөгч, Фин­лан­дын Ерөнхийлөгч, ХБНГУ-ын канцлер нарын томчууд энэ 2011 оны зун, намар шил даран Улаанбаатарт буулаа. Тэд­нээс хоёр Ерөнхийлөгч, нэг Ерөнхий сайд нь хатагтай байснаас харвал дэлхийн улс төрд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирснийг гэрчилнэ.

А.Меркел бол дэлхийн их найман гүрний нэгийн удирдагч. Түүний нэр “Их наймын лидер” гэсэн жагсаалтад Их Британийн Д.Кэмерон, Италийн С.Берлускони, Канадын С.Харпер, ОХУ-ын Д.Медведев, АНУ-ын Б.Обама, Францын Н.Саркози, Японы Ё.Нода нартай зэрэгцэн бичигдсэн байдаг. Дэлхийн эдийн засгийн  65 орчим хувийг бүрдүүлж, төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд нь жил бүрийн уулзалтаараа дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог найман гүрний нэгийнх нь Засгийн газрын тэргүүн Таван­толгой тийш “зам зассан”-аараа тэр орд Их наймын сонирхолд ч нийцэж байна гэж хэлж бас болох юм.

ХБНГУ нь дэлхийн хам­гийн том экспортлогч орон. Герман гадаад орнуудад үзүү­лэх тусалцаагаараа дэлхийд хоёрт ордог. Түүний жишээг Монголоос харж болно. ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 1991-2009 оны хооронд нийт 268,4 сая гаруй еврогийн хөгж­лийн албан ёсны тусламж олгосон. Энэ нь нэг хүнд ногдох тусламжийн хэмжээгээрээ Мон­голд хандивлагч орнуудын дотор Японы дараа хоёрт орж буй үзүүлэлт юм. Үүнээс 113,6 сая евро нь хөнгөлттэй зээл, 103,6 сая нь төслийн шугамаар олгосон буцалтгүй тусламж байв.

Герман улс нь шинжлэх ухаан, техноголийн салбарт тэргүүлэгч орнуудын нэгд тоо­цогд­дог. Тиймээс Таван­толгойд ХБНГУ-ын техник, тех­но­л­оги нэвтрэх болсныг ажиглагчид сайнаар хүлээн авч байна. Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Уурхайн гэрээт олборлогчийн тухай “Эрдэнэс Тавантолгой” компани, Германы ББМ Оперта групп хоорондын гэрээ, Хамтран ажиллах тухай “Эрдэнэс Тавантолгой” ком­пани, “Сийменс” компани хоо­­­рон­­дын ерөнхий гэрээ зэргийг байгуулахдаа хатагтай А.Меркел Монголоос бүтээг­дэхүүн авах гэж яарахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд Монголын нүүр­сийг нэрж, шингэрүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо боловс­­руулахад нь, бас дэд бү­тэц байгуулахад туслах со­нир­­холтой.

Ашигт малтмалын баялгаас ард иргэддээ хувь хүртээхийг огт мартаж болохгүйг эрх баригчдад анхааруулахаа ч март­сангүй. Манай дарга нарын занг сайн мэддэг хүний хэлэх үг түүний амнаас гарсан. Эртний сайн харилцаат Германтай монгол­чууд том төслийн хүрээнд анх удаа хамтран ажиллахаар бо­лоод буй нь энэ.

Гадаад сайтуудын мэдээл­лээс харвал ХБНГУ-ын компа­ниуд Тавантолгойд ажиллахаар болсон нь мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-ын Монгол дахь нөлөөг ямар нэг хэмжээгээр саармагжуулах  сайн талтай гэд­гийг дурдсан байна. Хатагтай Ангела Меркел “Зэс, ховор металлын салбарт хэрэг­жүүлэх ажлаа аль болох хурдан эхлэх үүргийг бид хүлээж авлаа” гэж хэлснийг анхаарахгүй орхиж болохгүй. Германчуудын нэг сайн чанар бол хэлсэн л бол хэлсэн­дээ бат байдаг зан. Цаг хугацаа, хариуцлага гэд­гийг дэлхийд хамгийн сайн ухамсарласан эртний соёл иргэншилт цөөн орны нэг бол Герман. Түүгээрээ германчууд хийсэн гэрээгээ яг таг мөрдөж чадна гэдэгт эргэлзэх явдалгүй. Харин Монголын тал хэр сайн нөхцөл тавьж чадсан бэ гэдэгт л хэргийн учир оршино. Дутуу алсан могой шиг гэрээ хэлцэл хийчихээд дараа нь засна гэвэл хатуу чанд шаардлагатай германчуудад нэр нүүрээ нэг мөсөн алдсан хэрэг болох нь гарцаагүй.

Хатагтай А.Меркел зөвхөн уул уурхай хөөцөлдсөнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх саналыг чин сэтгэлээсээ талархан хүлээн авч буйгаа илэрхийлж, улмаар энэ ялыг бүрмөсөн халж Ази тивдээ жишиг орон болохыг уриалсан. Бас УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маш анхааралтай батлахыг гишүүдэд хүндэтгэлийн хурал­дааны индэр зээрээс заасан. УИХ-ын сонгуулийн хуулийг яаж батлахад “хошуу дүрэх” эрх хатагтай А.Меркелд бий. Монголын ардчиллыг барууны орнуудаас хамгийн түрүүнд дэмжсэн орон гэдгээрээ ч, Германы хуулийн системийг Монголд түлхүү хэрэглэдгээ бодсон ч тэр.

Монгол Улс ардчилалд хөл тавьмагц Конрад Аденауэр, Фрийдрих Эберт, Ханнс Зайделын сангууд орж ирж 70 жилийн түүхтэй МАХН-ыг ч, дөнгөж мэндэлсэн ардчилагчдыг ч цоо шинэ нийгмийн улс төрийн тогтолцоонд дасгалжуулсан юм. Үүгээрээ сонгуулийн тогтолцоо сайтай Германы туршлагаас монголчууд “хуулбарлахад” нэг их буруудахгүй л байх.

Хатагтай А.Меркелийн байгуулсан зургаан хэлэлцээ­рийн нөгөө гурав нь залуу эрдэмтдийг сургаж, боловс­руу­лах, археологийн судалгаа явуулахад чиглэсэн. Хөрөнгөтөн, социалист аль аль Германы боловсролыг эзэмшиж байсан монголчуудад тэр улбаагаа үргэлжлүүлэх бололцоо шинээр ийнхүү нээгдлээ. Тиймээс А.Меркелийг зуны дэлгэр цагт, арай тавиу хугацаагаар Мон­голд дахин айлчлахыг Ерөнхий сайд С.Батболд урьсан. А.Меркел сая шөнөөр ирж, цас хаялж хуйсганасан хагас өдөр айлчлахдаа Монголын цэнхэр тэнгэрийг харж амжаагүй. Тиймээс дараагийн удаа Монголын зуныг үзэж цэлмэг тэнгэр, үй түмэн оддыг ажиглаж дэлхийн хэмжээний нүсэр ажлаасаа түр завсарлан алжаалаа тайлах урилгыг Мон­гол Улсын Ерөнхий сайдаас хүлээн аваад хатагтай А.Меркел Монголоос мордсон юм.

Д.Оюунцэцэг news


URL:

Сэтгэгдэл бичих