Засгийн газрын халаа сэлгээ эдийн засагт нөлөөлнө

yctj21h3vtЭдийн засгийг тогтворжуулах, долларын ханшийг тогтоон барих боломж, гарцыг өдгөө хүн бүр л хайж, хэлцэж, мэтгэлцэж байна. Гэвч эцсийн дүндээ ганцхан л арга бий. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Өөр мэхгүй, илүү гарцгүй.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд Монголд байна вэ. Ер нь ийм боломж цөөрснийг Ерөнхий сайд илэн далангуй хүлээн зөвшөөрсөн. ТЭЗҮ нь хийгдсэн хэдхээн төсөл байгаагийн дотор газар байхгүй, цахилгааны үнэлгээ нь тодорхойгүй V цахилгаан станц, Хятадын талын төмөр замтай зөрсөн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам зэрэг төслийн нэр л дуулдаж буй.

2011 онд 4.6 тэрбум долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онд 110.2 сая болтлоо буураад байсан бол 2016 оны эхний зургаан сарын байдлаар 35.6 сая доллар болж уначихаад байна. Үүнд хэн буруутай вэ гэж хэрэг тохох хэн нэгнийг хайж, бий болсон нөхцөл байдалд гомдоллож суухын оронд ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж, гарцын тухай илүүхэн ярих хэрэгтэй болжээ.

Монголын эрх баригчид эдийн засагт хөрөнгө оруулалт орж ирэхийн чухлыг ухаарч, гадаад орчин дахь муу нэрээ арилгах гэж илэрхий чармайж байгаа билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хууль баталж, мөнгө босгох, далд хөрөнгийг ил болгох талаар хүртэл бодлого хэрэгжүүлж эхлэв. Гэвч хөрөнгө оруулагчид одоо ч төдий л сайн итгэж өгөхгүй, байдлыг харсан, хүлээзнэсэн байдалтай хэвээр байна. Шалтгаан нь тодорхой. Шинэ засаг бүрэлдсэн учраас өмнөх бүх шийдвэр, хэлцэл эргэлзээтэй байдалд шилжиж, хэзээ ч өөрчлөгдөж магадгүй хэмээн тээнэгэлзэж буй. Энэ нь боловсон хүчнүүдийн халаа сэлгээтэй ч холбогдоно. Дэлхий нийтээр дагаж мөрддөг бизнесийн хэлээр ойлголцож чаддаг, сайн засаглалыг хэрэгжүүлж чадах мэргэжлийн багтай хамтарч ажиллахыг гадаадын хөрөнгө оруулагчид хүсдэг. Тиймдээ ч МАН-ын мэргэжлийн Засгийн газар бүрдүүлнэ гэсэн амлалт бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг анхааралтай ажиглаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй хэрэгцээ Засгийн газарт бий. Тиймээс  энэ ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг хэрэгтэй. Монголын төр сайн менежмент болоод тогтвортой бодлогоор гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах хөрс суурь болж өгнө. Тиймд ирэх өдрүүдэд хийгдэх халаа сэлгээ, томилгоонууд ч Монголын эдийн засагт нөлөөлөх дүр зураг харагдаж байна.

 

                                                                                            Д.Дамдинжав

                                                          Эх сурвалж: www.breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих