Монгол одоо ч ашигтай зах зээл
“Хэсэг хугацаанд бодно. Ашигтай бол хөрөнгө оруулна”… Танил хөрөнгө оруулагч маань ийн өгүүлэв. Энэ бол Монголд хөрөнгө оруулалт хийх үү? гэх асуултын хариулт. Монголын эдийн засгийг биднээс дутуугүй мэдэх энэ гадаад эрхмийн хариултаас хөрөнгө оруулагчдын хандлагыг уншиж болохоор мэт. Түүний товч хариултыг дэлгэрэнгүй шинжилье.
Нэгдүгээрт, тэр хэсэг хуга-цаанд бодно гэж хариулсан. Нэгэн цагт Монголыг эрдэнэсийн авдар мэтээр үзэж, эргэлт буцалтгүй мөнгө цутгаж байсан хөрөнгө оруулагчид үргэжээ. Тэд сүүлийн жилүүдэд хал үзэж, хашир сууж. Тиймээс шуудхан халаасаа уудлахаа больж, нухацтай, тунгаан үзэхийг чухалчилдаг болж. Мөн ашигтай бол хөрөнгө оруулна гэж хэлсэн.
Ашиг өгч л чадвал Монголд хөрөнгө оруулахад бэлэн байна, дэлхийн санхүүжүүлэгчид. Удаах өгүүлбэрийг ийн тайлж болохоор. Тэд мөнгөө өгөхгүй хэмээн тас гүрийж, толгой сэгсрэлгүй, Монголд итгэх, үлдэх хүсэл тээсээр байна.
Бас уншигч та “ашигтай бол” гэдэг үгийг анзаарсан уу. Бид ашиг ахиу, өгөөж өндөр “өгөөш”-өөр л хөрөнгө оруулагчдыг “уургалах” нь. Эс бөгөөс тэд ёстой тас гэдийнэ.
Монголд хөрөнгө оруулагчдын 10 дахь удаагийн “Invest Mongolia” чуулганы үеэр таарсан танил эрхмийн хэдэн үг хариулт эрсэн олон асуултын тайлал. Хөрөнгө оруулагчид Монголд итгэсээр буйн илрэл болов.
Учир нь алсыг харж, хэтийг бодолцдог хөрөнгө оруулагчдад Монгол бол одоо ч ашигтай зах зээл хэвээр байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ.Тэрбээр энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгч буйгаа дуулгасан.
Б.Бямбасайхан захирлын үг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалынхтай нийцэв. Монгол суурь сайтай. Өргөн боломжийн өлгий нутаг учраас хөрөнгө оруулагчид бүрмөсөн үргэчихэлгүй, байсаар байгааг Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг энэ эрхэм хэлсэн юм.
Үүнээс гадна, өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсад болсон Ази, Европын дээд түвшний уулзалт дэлхийн чихнээ Монголыг дуурсгах түүхэн үйл явдал байсныг УИХ-ын гишүүн Л.Болд илтгэлдээ онцолсон юм. Тэрбээр “ASEM нь манай гарагийн газрын зураг дээр Монгол Улс баттай байр суурь эзэлсний тод баталгаа болсон төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлд эергээр нөлөөлсөн” гэж тодорхойлов.
Өргөн боломжийн өлгий нутаг учраас хөрөнгө оруулагчид бүрмөсөн үргэчихэлгүй, байсаар байгааг Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг энэ эрхэм хэлсэн юм.
Гэхдээ л хөрөнгө оруулагчид нүүр буруулчихаад байгаа. Оргилдоо хүрч байсан Монголыг чиглэх мөнгөн урсгал ёроолдоо дөхсөн. Ханшийн хямрал хаяанд ирж, тэнгэрт тулж байсан ДНБ-ий өсөлт газардаж, төсвийн алдагдал, өрийн үлдэгдэл талийж байгааг шинжээчид төдийгүй Засгийн газар ч хүлээн зөвшөөрч байгаа. Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эдийн засаг орвонгоороо эргэжээ.
Тиймээс мөнгөн урсгалаар ангаж буй эдийн засгийг ундаалахыг төр, засгаас ч зорьж, арга чарга сүвэгчилж буй. Монгол бизнест эргэн ирлээ, бид хөрөнгө оруулагчдыг хамгаална, өмөөрөх зөвлөл байгуулна… Уншигч танд танил сонсогдож буй биз.
Өмнөх бөгөөд өнөөгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтыг сэргээх оролдлогууд энэ. Үүнийг санхүүжүүлэгчид үнэлж байна. Гэхдээ энэ алхмаас гадна урт хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах нь илүү чухлыг санхүүгийн донорууд уламжлав.
УНАЛТ БОЛ ӨСӨЛТ
Уналт бол угтаа өсөлт. Учир нь уруудах нь өгсөх орон зайг олгодог. Зах зээлийн хууль ёсоор ёроолдоо тулж буй түүхий эдийн үнэ тэнгэрт тулах нь тодорхой. Тэгвэл тэр өсөлтөд бэлдэх боломжийг уналт олгодог гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын Засгийн газартай ойлголцох, хэл амаа ололцох, түншлэлээ эхлүүлэх хамгийн тохиромжтой үе нь одоо.
Учир нь эрдсийн үнийн ирээдүй эерэг байгаа. Үүнийг “Erdene Resource Development” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акерли онцлов. Тэр дундаа алтны оргил үе тохиож байгаа аж.
Татварын орчин тогтвортой бол Монголын алтны салбарт хөрөнгө оруулахад таатай. Учир нь уул уурхай хэдийнэ хөгжсөн улсуудад байхгүй давуу тал Монгол Улсад бийг ноён Петер Акерли тодотгов.
Монголд алт, зэсийн төсөл хэрэгжүүлж буй тус компани сүүлийн жилүүдэд их биш зардлаар чамгүй хэмжээний нөөц илрүүлсэн байна. Бас Монголын баруун өмнөд зүгт “алтны шинэ бүс” илрүүлэн ажиллаж буй бөгөөд хайгуулаа эрчимжүүлж, энэ оны гуравдугаар улиралд өргөтгөсөн өрөмдлөг хийхээр төлөвлөж буйгаа дуулгав.
Монголд алт, зэсийн төсөл хэрэгжүүлж буй тус компани сүүлийн жилүүдэд их биш зардлаар чамгүй хэмжээний нөөц илрүүлсэн байна.
“Rio Tinto” группийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсний дагуу явж буйг онцоллоо. Алтны ханш он гарсаар огцом өгссөн. Харин бусад түүхий эдийн үнийн богино хугацааны төлөв бүүдгэр.
Хэтийн таамаг нь өөдрөг байгаа юм. Зэсийн одоогийн ханш долоо орчим жилийн доод цэгтээ дэнжигнэж байна. Гэхдээ зэсийн зах зээлийн хальж буй нийлүүлэлтийн илүүдэл алсдаа татарна. Бүр цангах таамаг ч бий. Нүүрсний үнэ өдгөө өндийж буй. Хар алтыг хийжүүлж, үнэ цэнийг нь өсгөх боломж, технологи дэлгэрч буй. Монгол Улсын голлох түүхий эдүүдийн төлөв эерэг байна.
Энэ сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо болж буй Монголд хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулганаар Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг ч орхисонгүй. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэн, хүнгүй хүлээн зөвшөөрч байгаа.
Тэгвэл богино хугацаанд эдийн засгийн хүндрэлийг туулах, урт хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өсгөх нь Монгол Улсын Засгийн газрын гол сорилт болохыг “Bikales Advisors” компанийн Билл Бикалес онцолсон байна.
УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэж буй. Энэ үед төсөв, сангийн бодлогыг хөндөв. Төсвийн тодотголд тусгасанч-лан татвар хавтгайруулан нэмэхийг “Invest Mongolia” чуулганд оролцогчдын олонх эсэргүүцэв.
“Татварын хувь хэмжээг нэмэх бус бааз суурийг тэлэх боломжтой. Төсвийн орлого бүрдүүлэх ийм хувилбарыг УИХ-ын гишүүн А.Ундраа санал болгож байна. Тодруулбал, татвар төлөгчдийн эгнээг наймаачид, мянгад малчдаар тэлэх боломж бий.
Мөн экспортын үнийг өсгөснөөр төсвийн орлогыг тэлж болохыг CRU группийн гүй-цэтгэх захирал Жон Жонсон хэллээ. Монгол Улсын экспор-толж буй түүхий эдийн нэгжийн үнийг БНХАУ-д нийлүүлж буй бусад улсынхтай жишиж үзэх хэрэгтэй. Монгол Улс нүүрс, төмрийн хүдрийг бусад улсаас хямд урд хөршдөө нийлүүлж байгааг тэрбээр тайлбарласан.
МУИС-ийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун “Манай компаниуд Хятадын зах зээлд гарахын тулд хэт хямд үнээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тиймээс үнийн нэгдсэн, нийтлэг стратеги хэрэгтэй” гэв. Монгол Улс чанараар дэлхийд дээгүүрт орох нүүрсийг хямд үнээр борлуулж буй.
Нүүрсний орлого төсвийн орлого тасрах шалтгаан болж буйг эдийн засагчид шүүмжлэв. Энэ мэт шийдлийг эрэлхийлэв. Бас богино хугацаанд жижиг эдийн засгийг босгох арга нь том төслүүд гэдгийг оролцогчид хэлэв. Түүнчлэн түүхий эдийн нэгжийн өртгийг багасгах нь Монголын эдийн засгийн богино хугацааны хүндрэлийг туулах гол арга.
Үүний тулд тээвэр, эрчим хүчний зардлаа бууруулах хэрэгтэй гэдгийг Ч.Хашчулуун багш хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, ингэж Монгол Улсад өрсөлдөх чадвараа ахиулах орон зай байна. Эдгээр саналыг Засгийн газраас тун удахгүй танилцуулахаар зэхэж буй Эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрт багтаахыг нь оролцогчид Засгийн газарт дайв.
Монголын эдийн засгийн хэтийн төлөв эерэг байгаа. Харин одоо гадаад хүчин зүйлээс илүү дотоод асуудлаа шийдэх цаг ирснийг УИХ-ын гишүүн А.Ундраа хэлж байна.
Хэрэв бодлогоо зөв зүгт эргүүлбэл Монголын эдийн засаг удалгүй сэргэх боломжтой. Гагцхүү зөв бодлогоо дотооддоо тодорхойлох нь чухал гэх байр суурийг ч илэрхийлж байна. Зөвөөр урагшилбал Монголд одоо ч өргөн боломжийн өлгий нутаг хэвээр байна. Монголын эдийн засаг орвонгоороо эргэснийг хэн, хүнгүй ам уралдан ярьж байгаа.
Харин хөрөнгө оруулагчид ийм үгийг төдий л унагасангүй. Харин шийдэл, шинэ боломжийг эрэлхийлэв. Энэ удаагийн чуулганд өөдрөг өнгө, дулаан уур амьсгал зонхилж байсныг хэлэх хэрэгтэй.
Шангри-Ла зочид буудалд болж буй “Invest Mongolia” чуулган өнөөдөр “Монголын дэд бүтцийн хөгжил”, “Монголын ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” зэрэг сэдвээр үргэлжилнэ.
URL: