Сайд аа! Ажил өгөөч, өөр юу ч хүсэхгүй
Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр оны ид ажлын эхлэлийг билэгдэн 9 дүгээр сарын 1-нд барилгын салбарынхантайгаа уулзлаа. Монгол Улсад барилга, зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн эхний ажил нь энэ байв. “Удаан хугацаанд салбарын сайдтайгаа, тэр тусмаа мэргэжлийн хүнтэй, мэргэжлийн хэлээр ярилцах сайхан байна” гэж барилгачид, инженерүүд, архитекторчид, зураг төсөлчид, барилгын материал үйлдвэрлэгчид, үл хөдлөх хөрөнгө зуучлалынхан гээд барилгын салбарт хамаатай бүхэн сайдтайгаа зовлон жаргалаа ярьж зорилтыг нь сонсов.
Г.Мөнхбаяр сайдын хувьд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон УИХ-аас батлагдах шийдвэр тогтоолуудад оруулах гээд байгаа хэдэн гол зүйл нь иргэдийн хамгийн их эрэлт, хүлээлт дагуулсан асуудлыг халаасалж уулзалт дээр уудалсан. Тухайлбал, ипотекийн зээлийг 8 хувийн хүүг хэвээр үргэлжлүүлэх, ингэхдээ бодитой эх үүсвэртэйгээр үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа юм байна. Үүнийг нь Засгийн газрын тэргүүн нь зарлачихсан учраас тэрбээр Сангийн яам, Монголын ипотекийн корпораци, Монголбанк болон өөрийн хариуцсан салбарын яамны бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ахлан ажиллаж буй. Ингэхдээ одоогоор ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн сар бүр төлж буй төлөлтийн хэмжээг бууруулахын тулд хугацааг эргэн харъя, “Мишээл экспо” дээр болдог үзэсгэлэн яармагийн үеэр 80-аас дээш метр.квадрат талбайтай орон сууцууд эрэлттэй байгааг ажигласан, тэдгээрийг сонирхогчид 8 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байгааг сонссоны хувьд энэ боломжийг бүрдүүлж зарагдахгүй байгаа орон сууцуудыг эргэлтэд оруулъя гэсэн бодолтой байгаа юм байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад татварын асуудлыг ихээхэн сонирхож, “тогтворгүй байгааг” шүүмжлэхийг нь сонссон тул наанадаж 300-500 монгол хүнийг ажлын байраар хангаж, дадлага туршлага эзэмшүүлээд, Монгол компанитай хамтарсан хөрөнгө оруулалт хийж байгаа тохиолдолд татварыг багасгах зорилт тавьж байгаагаа дуулгахад олон хүн баярлаж байлаа. Түүнчлэн түрээсийн орон сууц, орон нутаг болон алслагдсан дүүргүүдийн амины орон сууцны зээлтэй иргэдэд нэлээд баярлууштай мэдээ дуулгахаар хичээж ажиллаж байгаагаа хэлж байсан. Товчхондоо ийм. Харин барилгын салбарынхан Г.Мөнхбаяр сайдаас юу хүссэн гээч?
Тэд “Сайд аа! Таны туршлага, бүрдүүлсэн мэргэжлийн баг чинь бидэнд огт гологдохгүй, бидний хүсэн хүлээж байсан баг ирлээ. Танаас бид ганцхан зүйл гуйя. Хэдэн бор барилгачиндаа ажил өгөөч” гэж гуйсан юм. Монголын барилгад хамгийн тулгамдсан асуудал дулаалга байдаг, гэтэл дулаалгын материал бэлтгээд олон жил, олон сайдын нүүр үзэж, үйлдвэрээ танилцуулсан ч дэмжлэг авч чадсангүй гэсэн “Монгол базальт” үндэсний компани, дэлхийн улс орнууд ямар стандартаар зураг төсөл хийдэг болсон бэ, тэгж л хийхгүй бол урагшлах аргагүй болох нь ээ хэмээн дэвшилтэт технологи танилцуулсан “Билдинг Смарт Монгол” ТББ, Байшин үйлдвэрлэх комбинатын төслөө танилцуулсаар лав гурван жилийн нүүр үзэж байгаа “Эрэл” зэрэг компаниудын илтгэл ихээхэн анхаарал татлаа.
Хамгийн их сэтгэл өвтгөсөн нь гэвэл “Дельта констракшн” компанийн Ерөнхий захирал Эрдэнэчимэг “Манай компани 1300 ажилтантай. Тэдний цаана багаар бодоход 5000 хүн манай компанийн үйл ажиллагаатай амьдралаа холбосон. Бид Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон. Гэтэл биднийг ажиллуулсан “Самсунг” корпораци бидэнд манай улсаас төсөвт өртөгт авсан мөнгөнийхөө 1/5-ийг өгсөн байх юм. Бусдыг нь “толгой компани” нь авсан. Энэ төсөвт өртгийг бид улсаараа хүүтэй төлнө. Гэтэл монгол компани туслан гүйцэтгэгчийн “туслан гүйцэтгэгч” байж болдог юм уу гэсэн нь барилгын салбарын олон хүний “зүрхэнд ойрхон” туссан биз ээ.
“Эрчим хүчний барилга угсралтын трест” компанийн Тамгын газрын дарга Г.Эрдэнэбаатар “Бид Чингис бондоос хоёр сая ам.доллар авсан нь үнэн. Гэхдээ гурван үйлдвэр байгуулсан. Та бүхнээс хэн нь ч дуртай цагтаа очиж танилцаарай. Манай үйлдвэр Япон, БНСУ, Шинэ Зеландын технологийг нэвтрүүлж байгаа. Гурван үйлдвэрийн маань нэг нь төмөр хийц үйлдвэрлэж байна. Гэтэл яг бидний хийдэг төмөр хийцийг илүү өндөр үнэтэйгээр худалдан авч гүүр барихад ашиглаж байна. Үүнийг яагаад өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлсэн үндэсний үйлдвэрээсээ авч хэрэглэхгүй, дэлхийн жишиг технологиор үйлдвэрлээд байхад “галд тэсвэргүй” гэдэг ташаа дүгнэлтээр шалтаглаж өндөр үнээр гаднаас авах болов гэдэг асуудлыг тавьж байна билээ.
Мөн мэргэжлийн хүн энэ салбарт ирснийх барилгын норм стандартыг нэг зүгт харуулж өгөөрэй, 20 жилийн өмнө Доктор Жонунс гэдэг хүн Казахстаны “Казнис” компанийг төлөөлөн монголчуудтай хамтарч газар хөдлөлтийг хэмждэг, зориудаар газар хөдөлгөж тэсвэрийг нь шалгадаг машин хийгээд явсан. Үүнийг угсармал барилгуудад туршиж үзэх, угсармал барилгын зураг төслийг хийлгэх компани байвал манайд хандаарай хэмээн “КОН консалтинг” ХХК-ийн Баасандорж гэдэг эгэл жирийн инженер маш үнэтэй зөвлөмж, хэрэгтэй мэдээ хэлж өгсөн нь анхаарал татсан.
Энэчлэн Барилга, хот байгуулалтын сайд ажлын гараагаа эхэллээ. Салбар нь халуун дотно хүлээж авлаа, түүнд шууд найдаж байна. Гольдролоосоо хазайсан бүхнийг засаад өгөх байх гэж Г.Мөнхбаярын хот байгуулалтын салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагад итгэлээ. Харин ард иргэд түүнийг барилгын салбарт, орон сууцны зээлтэй болон зээл авах гэж байгаа иргэддээ ээлтэйгээр олон асуудлыг шийдэж өгнө гэж хүлээж байна. Яг энэ өдөр давхцсан нэг мэдээ гэвэл ипотекийн зээлийн эргэн төлөлт 99.9 хувьтай байна гэдэг таатай мэдээг Монголын ипотекийн корпорацийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс мэдээлсэн байна билээ. Иргэн хүн орон гэрээ барьцаанд тавьж тоглодоггүй. Ипотекийн зээл бол манай улсаас гадна олон улс орны эдийн засаг, санхүүгийн тулгуур, бас мөхлийн шалтгаан ч болж чаддагаа харуулсаар ирсэн. Ямар шийдвэр гаргахыг Засгийн газар, УИХ мэднэ. Ямартай ч энэ удаад, өнөөгийн нөхцөлд Монголын эдийн засаг, санхүүгийн хямралыг давах нэг багана нь орон сууцны найман хувийн зээлийн хүүг үргэлжлүүлэх, боломжтой бол хугацааг уртасгаж сар тутамд төлдөг төлбөрийн хэмжээг эргэн харах, зарим хэвлэлд мэдээлж байгаачлан 80 метр.квадратаас дээш талбайтай орон сууцанд олгож болохгүй гэж үү.
Энэ бүхэн Барилга, хот байгуулалтын сайдаас төдийгүй Засгийн газар, УИХ-аас шийдвэрээ хүлээж байна. Дахин хэлэхэд “Сайд аа! Ажил өгөөч, өөр юу ч хүсэхгүй” гэдэг үгийг олон салбар сонсч байгаа нь энэ Засгийн газрыг өрөвдөлтэй харагдуулж байгаа ч “Ажил л байвал хийгээд өгье” гэсэн урам зоригтой ард иргэдээрээ Монголын төр бахархах учиртай билээ.
URL: