Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали, Хорват улсуудад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Ж.Наполитаногийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсад, Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Йосоповичийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр мордлоо.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Итали Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ж.Наполитанотой албан ёсны хэлэлцээ хийж, Италийн Депутатуудын танхимын Ерөнхийлөгч Ж.Фини, НҮБ-ын ХХАА-н байгууллагын Ерөнхий захирал Ж.Диүф , Италийн Эдийн засгийн хөгжлийн сайд П.Романи нарын зэрэг албаны хүмүүстэй уулзана. Мөн Монгол-Италийн бизнес форумд оролцож, Итали дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нээлтэд оролцоно. Мөн Гэгээн хутагт 16-р Бенедикт-тэй уулзана.
Хоёр Ерөнхийлөгч хамтарсан мэдэгдэл хийх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын хөдөө аж ахуйн салбар ялангуяа ноос ноолуур,арьс шир, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр яриа хэлэлцээ хийгдэж, зарим баримт бичгүүдэд хоёр талын албаны хүмүүс гарын үсэг зурах болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Ватикан Улсад зочилж, Итали улсын түүх соёлтой танилцах зарим арга хэмжээг төлөвлөөд байна.
Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон УИХ-ын зарим гишүүд албаны бусад хүмүүс, мөн 30 орчим бизнесийн төлөөлөл ажиллах болно.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсад айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Иво Йосиповичтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Парламентын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай тус тус уулзах болно.
URL: