Татвар нэмэгдүүлэх нь Үндсэн хуульд харшлах уу?

46cc19bae71aa6f96ff1385124147079Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн гэж үг бий. Төр буй бол татвар буй ч гэх үг бий. Гэхдээ татвар гэдгийг төр дураараа тогтоож болно гэсэн үг биш!

Үндсэн хуулинд зааснаар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал,хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Гэвч өдгөө Засгийн газрын санаачилсан хуулийн төслүүд бүхэлдээ хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж, тансаг хэрэглээний татвар гэгдэх асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газраас 8 төрлийн татвар нэмэгдүүлэхээр хуулийн төсөл оруулж ирснийгээ тансаг хэрэглээний татвар буюу баячуудаас авах татварыг нэмнэ хэмээн тайлбарласан билээ.

Тухайлбал, 4500 см.куб-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашин, 150 м.кв-аас дээш талбайтай орон сууц, 30 сая төгрөгөөс дээш орлоготой иргэд, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай бол хадгаламжийн хүүнээс татвар авах тухай саналууд оруулсан юм.

150 м.кв-аас дээш талбайтай орон сууцанд үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах санал гаргасан.  Том орон сууцанд амьдарлаа гээд тэд ямар нэг байдлаар бусдад саад болоогүй, хохирол учруулаагүй.

Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн танилцуулснаар манай улсад нийт 165 мянган орон сууц байдгаас 150 ам.метрээс дээш нь 4300 буюу 2.6 хувийг эзэлж байгаа гэнэ. Харин гэр хорооллын орон сууц, зуслангийн байшин татварт хамаарахгүй аж. Хуулийн төсөлд тусгаснаар 150 м.кв-аас дээш талбайтай орон сууцанд жилдээ 450 мянган төгрөгийн татвар ногдуулахаар төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Тэгэхээр 4300 байшингаас жилдээ 1 тэрбум 935 сая төгрөгийн татвар авах юм байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Гэртээ амьдарсныхаа төлөө татвар төлнө гэдгийг ойлгохгүй байна. Яагаад том байшинд амьдарч болохгүй гэж” хэмээн хэлсэн нь үнэний ортой. Хүн хдөлмөрлөж, хуруу хумсаа хугалж, хурааж байж олсон мөнгөөрөө авсан орон сууцандаа зүгээр ч нэг амьдрахгүй татвар төлнө гэдэг утгагүй асуудал.

30 сая төгрөгөөс дээш орлоготой иргэнээс 25 хувийн татвар авах санал. Доороо мянган ажилтантай томоохон бизнесмэнүүд жилдээ 30 сая битгий хэл 30 тэрбумыг ч олж болно. Түүнийх нь 25 хувийг татвар нэрийдлээр “дээрэм” хийвэл Монголд бизнес эрхлэх хүн олдохгүй болно. Нөгөөтэйгүүр олон мянган хүнийг ажлын байраар хангаж байсан хүн бизнесээ зогсоовол төлж байсан татварын орлого ч байхгүй болно! Том бизнес гэлтгүй жижиг дунд бизнесийнхэн ч энэхүү 30 саяын аттвар хамаарна. 30 сая төгрөг нь доороо таван хүн ажиллуулж, цалинжуулаад жижиг бизнес эрхэлж байгаа хүнд маш том саад болж байгаа юм. Ажиллая, хөдөлмөрлөе, жижиг бизнес эрхэлъе гэж бодож байгаа залууст уг санал таалагдахгүй байгаа нь тодорхой!

Хэрэв дээрх татваруудыг нэмэгдүүлэх аваас батлагдсан өдөртөө хэн нэг иргэн нь Үндсэн хуулийн цэцэд хандах нь тодорхой.

Б.Бат

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих