Хосууд аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байлаа

Сүүн цагаан өнгөтэй даашинз, эрвээхэй зангиа, хар хослолоор жигдэрсэн залуу хосуудын цуваа өчигдөржингөө Гэрлэх ёслолын ордноос тасарсангүй. Энэ нь хуримлах хосуудын жилийн турш хүсэн хүлээдэг намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиосонтой холбоотой. Жил бүрийн намрын Дашням, Балжинням давхацсан энэ л өдөр шинэхэн хосын хурим, гэрийн найрын хөлд хот хөдөөгүй дарагдаж, дуу хууртай өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Хуримын ёслол урьд шөнийн 00.10 цагт эхэлж,  өчигдөр үдшийн 21.00 цаг хүртэл үргэлжиллээ. Хуримын ордонд энэ өдөр 132 залуу хос гал голомтоо бадраав. Манайхан “Туулай жил их зөөлөн” хэмээн бэлгэшээдэг. Өнөө жил гэхэд 1300 хос Гэрлэх ёслолын ордонд бүртгүүлж гал голомтоо бадраасныг туулай жилтэй холбон тайлбарлана лээ. Харин хуримын захиалгыг нэг сарын өмнө өгсөн хосууд ээлж дарааллынхаа дагуу гал голомт бадраах ёслолоо үйлдэж байв.

Тэдний дунд ху­римын цагаасаа хоцорч, сан­дарч тэвдсэн хосууд  байсан.  Тэр бүү хэл, хуримын бөгж, баглаа цэцгээ гэртээ мартаж гар­сандаа хоёр бие­нээ буруутгаж, бие биендээ тунир­хах  залуу хосууд ч  байв. Хэдий тийм ч  Гэрлэх ёслолын ордон  доторх дэл­гүүрээс  хуримын  бөгж  дахин ху­далдан авч  шатаар дээш өгсөх хосууд  тэрхэн агшинд хөгж­мийн эгшгэнд  хөтлөг­дөн,  аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн ха­раг­дана.

Энэ бүхнээс илүүтэй туф­ли, ээмэг, зүүлтээ хаяж, гээг­дүүлэн ханхүүгээсээ зэмлэл хүртэх  сүйт бүсгүйчүүд ч цөөнгүй байв. Сан­дарсан, зэмлүүлсэн “зовлон нэгт” бүсгүйчүүл өөр хоорондоо ээмэг, зүүлт, туфлиэ зээлж тэрүүхэндээ бужигналдахыг харж хэсэг зогслоо. Сүйт бүсгүйчүүл  хуримын өдрөө тэр бүх­нээ албаар хаяж,  гээв л гэж дээ хэ­мээн  бодохоор   бүр ч өрөвдөх шиг.

Ямар ч байсан ойр зуурын гоёл чимэглэлээ мартаж, гээ­сэн ч шинэ­хэн эзэгтэй нар аргалж эхнээсээ хуримын ёслолдоо ороод, гарч ирч байна. Ер нь хуримлагсдын дий­лэнх нь дэр нэгтгээд нэ­лээд хэдэн жил болцгоосон хосууд гэмээр. Ихэнх нь хүүхэдтэй байсан.  Ингэж элдвийг ажих зуур нэгэн та­нил эрхэмтэй нүүр тулсан маань УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан байв. Гишүүнээс хэний хуримд ирснийг нь сонирхож асуу­лаа. Тэрээр “Өө бусдын адил л хури­манд уригдаад” гээд тодорхой юм хэлсэнгүй.

Д.Лүндээжанцан гишүүний ийн амнаасаа үг ч унагахгүй байгаа нь бүр ч сонирхол татаад болдоггүй. Дэргэд нь дөхөж очоод яриа өдлөө. “Таныг мөнгөн хуримаа хийж бай­гаа гэж бичлээ шүү. Энэ үнэн үү” гэлээ. Тэрээр ихэд сан­дарч, “Үгүй, үгүй. Ямар юмных нь мөнгөн хурим байх вэ. Манай хүү л хуримаа хийж бай­гаа” гэж үнэнээ өчив.  Ингээд түүнтэй хэсэг хором хөөрөлдлөө.

Д.ЛҮН­ДЭЭЖАНЦАН: БЭРЭЭ ХҮҮД МААНЬ Л ХАЛАМЖТАЙ, ААШ ЗАН САЙТАЙ БАЙГААСАЙ Л ГЭЖ БОДДОГ

-Та хүүгээ хуримлаж бай­гааг хэлчихгүй юуг нь тэгтлээ нууц­лаа вэ, гишүүн ээ. Угаа­саа таныг хүн бүр л та­нина. Мэ­дээж хэний хури­манд ирс­нийг тань хүн бүр л сонирхож байгаа шүү дээ?

-Нууцлах ч юу байх вэ. Миний хүү эсвэл охин гээд хэлчихье гэхээр дараа нь хэвлэл мэдээллээр янз бү­рээр л бичиж, хэлдэг. Тэгээд л хэлээгүй юм.Хоёр жилийн өмнө манай охин хуримаа хийж, би Гэр­лэх ёслолын ордонд ирсэн. Дараа нь охиныг маань га­даад хүнтэй хуримлалаа гээд зарим хэв­лэлийн­хэн ташаа мэдээлсэн. Тийм зүйл л бит­гий болоосой гэсэндээ хэ­лэхийг хүсээ­гүй юм.

-Уучлаарай. Танайх хэ­дэн хүү­хэдтэй вэ. Ху­рим­лаж бай­гаа хүүх­эд тань ямар алба хашдаг вэ?

-Манайх чинь хүү, охин хоёртой. Хүүг маань Мөнх­дэм­бэрэл, бэр охиныг Эр­дэнэбаяр гэдэг. Манай хүү нэгэн компанид ажилладаг. Бэр охин болохоор МУИС-ийн  оюутан. Энэ хоёр маань охинтой. Би чинь хоёр жилийн өмнө өвөө болсон доо.

-Тэгвэл ч та бэрээ хэ­дийнэ шин­жээд амжжээ. Бэрээ ямар байгаасай гэж боддог вэ?

-Шинжих ч юу байх вэ. Бүхий л аав, ээжүүд үр хүүх­дээ эвтэй, сайн сайхан амьд­раасай гэж боддог шүү дээ. Би ч гэсэн тэгж л боддог. Бэрээ хүүд маань л халамжтай, ааш зан сайтай байгаасай л гэж бодох юм.

-Та хуримын цагаас нэ­лээд эрт ирсэн юм уу даа?

-Тийм ээ. Одоо ч очих газраа хэдэн цагийн өмнө гарахгүй бол замын бөглөрөл дийлдэхээ байж. Тэгээд ч надад хүүгийнхээ хурим­наас хоцрох эрх байхгүй. Тэгж бо­доод л гэрээсээ эрт гарсан.

-Ингэхэд та хань ижил­тэйгээ гэр бүл болоод хэдэн жил болж байгаа вэ?

-Одоогоос яг 30 жилийн өмнө энэ өдөр эхнэр бид хоёр хуримаа хийж байлаа. Ганц хүүгийнхээ хуримыг энэ өдөр хийсэндээ баяр­тай байна. Тэгээд ч хүүхдүүд маань хамт­ран амьдрагч нэртэй явснаас төрд данс­тай гэр бүл байсан нь дээр гэж үзсэн.  Ер нь хараад байхад, сүүлийн жи­лүү­дэд олон хос хуримаа хийж бай­на. Энэ нь сайн хэрэг. Залуус маань ах дүү­сийнхээ өмнө гэр бүл болж, эх­нэр нөхөр болох үүргээ хүлээж байгаа нь бүр ч сай­шаалтай юм л даа гэв. Удалгүй тэдний хүүгийн хури­мын ёслол эхлэх болов. Хаа­наас гараад ирэв гэмээр баахан хамгаа­лагч залуучууд бужигналдаад эх­лэх нь тэр. Бүр Гэрлэх ёслолын орд­ныхон ч тэрүүхэндээ сүржиг­нэв. Ор­сон, гарсан хүн бол­гоноос хэний хури­манд ирс­нийг, цаг нь болоогүйг нь гаргах арга хэмжээ авч эхэл­лээ. Бид ч яах вэ Лүндээ гишүүний ах дүүс болоод хуримын ёслолд ороод яв­чихлаа.

Д.Лүндээжанцан гишүү­нийг аль нутгийн, хэнтэй худ ураг болж байгааг сонирхлоо. Бэрийнх нь ааваас нэр алдар, аль нутгийн хүн болохыг асуувал “Говийнх. Өөр мэдээ­лэл өгөхгүй” гэснээ гэргийгээ ёвров.

Энэ үеэр худ ураг болж буй хүмүүс хуримлаж буй хосуудын хоёр талд хувааг­даж зогсохыг санууллаа. Тэр дунд ганц таньдаг хүн маань Лүндээ гишүүн бо­ло­хоор тэдний талд орж, ах дүүс дунд нь ороод явчихав. Хосуудыг гэр бүлийн бат­ламжаа гард­саны да­раа бэрийнх нь талын ах дүүс болох нэгэн залуугаас  бэрийн аав буюу худыг хэн гэдэг, юу хийдгийг нь лав­лалаа. Өнөө залуу “Баяр ах уу. Юу ч хийдэггүй шүү дээ” гэсэн юм.  Ийн аав ээж, ахан дүүсээс сайн сайхныг хүссэн ерөөл энх мэндийн цэнхэр хадагтай хамт эзэн­дээ хүрч хуримын зар хотол олныг баяс­га­саар байв. Энэ үеэр хуримлаж буй за­луу хосуудтай уулзсан маань Д.Отгонбаяр, Э.Энхзул нар байв. Тэд О.Төгөлдөр нэртэй хүүтэй юм байна. Өрх гэрийн тэргүүн болох Д.От­гонбаяр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумынх, сүйт бүсгүй нь Сэлэнгэ аймгийн Мандал су­мынх аж. Хосууд Улаанбаа­тар хотод суурьшиж бай­гаа­­гаа хэлсэн. Мөн хуримын ёс­лол­доо сэтгэл хан­галуун бай­гаагаа хэлж байсан. Д.От­гонбаяр ШУТИС, сүйт бүсгүй болох Э.Энхзул ЭМШУИС-ийн зургадугаар курсийн оюу­тан аж. Тэд энэ өдрүүдэд хуримлаж буй бүх хосууддаа аз жаргал, сайн сайхныг хүс­сэн юм.

Энэ өдөр гал голомтоо бад­раасан хосуудын долоо нь Гэрлэх ёслолын ордны хашаан дотор байр­лах “Их өргөө гэр”-т хуримлав. Хосууд сарын өмнө захиалга өгсөн ч баг­таагүй тул “Их өргөө гэр”-т хуримаа хийж буйгаа хэлэв. Гэхдээ Гэр­лэх ёслолын ор­дноос үзүүлж буй үйл­чил­гээ нь бараг ялгаагүй. Тэдний нэг Б.Сэнгэраг­чаа, Б.Оюун­жаргал нар­тай уулзлаа. За­луу хосууд Завхан нутгийнх юм байна. Тэд цайвар өнгийн хос дээлээр гоёжээ. Залуус Улаан­баатарт аж төрөхөөр шийд­сэн гэнэ. Учир нь тэд энд ажилд оржээ. Тэгээд ч хотын амьдрал хо­суу­дад таалагд­сан гэнэ.

Билигт энэ өдөр хуримаа хий­сэн залуу хосуудын дунд Хан-Уул дүүр­гийн Ардчилсан намын дарга Б.Ариунболд харагдсан. Тэрээр дүүгийнхээ хуриманд уригдсанаа учир­лана лээ. Мөн жүдо бөхийн тамирчин Х.Батхишиг энэ өдөр хуримлаж харагдана лээ.

Ч.АННА udriin sonin


URL:

Сэтгэгдэл бичих