Сайдаа, хуулиндаа багахан засвар хийж хайрлаач…
Эрүүл мэндийн салбарын талаар иргэд таагүй сэтгэгдэлтэй явдаг нь үнэн. Учир нь эмнэлэгт хандсан хэн ч тэр танил тал байхгүй л бол эмчилгээ үйлчилгээ авахад бэрхтэй, учир шалтгаанаа хэлж гуйгаад ч тусыг эс олдог талаар ярьцгаадаг.
Хэдхэн хоногийн өмнө ханиад хүрч, бөөлжиж суулгаад хүндхэн өвдсөн бяцхан хүүгээ тэвэрсэн эх эмнэлгийн тусламж авах гэж нилээдгүй асуудалтай тулгарсан тухайгаа бидэнд мэдээлсэн юм. Тэрээр Хан-Уул дүүрэгт оршин суудаг нэгэн бөгөөд хүүхэд нь хоёр хоногийн өмнөөс ханиад хүрч халуурч эхлэхэд нь харъяалалын дагуух өрхийн эмнэлэгт хандсан аж. Гэтэл хүүхдийг нь үзсэн эмч нь “Халуунтай хүүхдийг яагаад байгааг би хэлж мэдэхгүй. Ямар байсан ханиад хүрсэн байна” гэж хэдэн эм бичиж өгчээ. Эмчийн хэлсэн эмчилгээний заавар, онош зэрэг нь хангалттай хариулт бус байсан ч хүүхдээ хурдан эдгээхийн тулд бичсэн жор, зааврын дагуу гэрээр эмчилгээ хийсэн аж. Гэвч хүүхдийнх нь ханиад эдгэхгүй, бөөлжиж суулгаж эхэлсэн тул эмнэлэгт үзүүлэхээр хүүхдээ тэврээд гарсан байна.
Энэ үеэр хэдийн 17.00 цаг өнгөрсөн байсан учир дүүргийн эмнэлгийг зорилгүй, шууд л Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хуучнаар ЭНЭШҮТ –т очжээ. Тухайн үед тус төвийн хүлээн авахын жижүүр эмчээр ажиллаж байсан эмэгтэй “Дүүргийнхээ эмнэлэгт үзүүл, орон нутгаас хүнд өвчтэй хүүхэд л хүлээж авна” гээд халгаагүй гэнэ.
Хүүхэд нь эмчийн нүдэнд дээр бөөлжиж, сандаргаж эхэлсэн тул тэр эмэгтэй “Ядаж үзээд өгөө ч дээ” гэж учирлаад ч тусыг эс олжээ. Харин ч нөгөө эмч “Бид сайдын тушаалтай. Сайд III дахь шатлалын эмнэлэгт зөвхөн хүнд өвчтөнг авахыг үүрэг болгосон” гэжээ. Бухимдсан ээж хүүхдийг нь үзэхгүй бол “Шүүхэд хандана. Хүүхэд өвдөөд ирж байхад тусламж үзүүлсэнгүй. Хэвлэл мэдээллээр зарлана. Тэднийг дуудна” гэж сүрдүүлж байж ямар ч байсан хүүхдээ чагнуулж, үзлэг хийлгэж чадсан гэнэ. Гэхдээ тус эмнэлэгт хэвтээгүй, танил талаараа асууж сураглаж байж нэгэн дүүргийн хүүхдийн тасагт очиход нь шууд л эрчимт эмчилгээнийн тасагт хүүхдийг нь хэвтүүлж, яаралтай арга хэмжээ авсан гэдгийг хэлж байна.
Энгийнээр бодоход, өөр эмнэлэгт авч очсон ой гарантай тэр хүүхэд эрчимт эмчилгээнд хэвтэх хүртлээ бие нь сул байхад харъяа дүүрэг, сайдын тушаал ярьж сууна гэдэг нь манай Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн дүрэмд анхаарлаа хандуулах цаг хэдийн болсныг сануулах мэт. Яагаад гэвэл эрүүл мэндийн тусламж хүссэн хүн аль ч цагт ямар ч шалтгаанаар зорин очиж болно.
Хамгийн гол нь тухайн эмнэлэгт хүн дэлгүүр хэсч буй мэт зүгээр нэг очоогүй, үр хүүхэд, хань ижил, гэр бүл найз нөхдийнх нь хэн нэгэн нь өвдсөн учраас тусламж эрж, эмчийг аврагчаа гэж санаж очдог гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Мэдээж аль ч байгууллагад тогтсон хууль дүрэм, ёс зүй үйлчилэх ёстойг үгүйсгэх аргагүй ч эрдэнэт хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудалд арай л уян хатан ханддаг баймаар. Өнгөрсөн жилүүдийн гашуун түүхээс сөхвөл, ханиад нь хүндэрсэн бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг эх хоёр түргэн дуудаж, хүлээж тэсэлгүй такси дуудан дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхээр авч явсан гэдэг. Тэд гэртэйгээ арай ойроор нь Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хандсан аж. Гэвч тус эмнэлгийнхэн хүүхдийг үзэх боломжгүй гэж эцэг эхэд хэлж ядахдаа үзлэг хийгээд ч өгөөгүй гэдэг.
Яарч сандарсан эцэг эх хоёр нь хүүхдээ аваад Баянзүрх дүүргийн эмнэлэг хүрэхээр зорьж явахдаа замын бөглөөнд баахан саатаж цаг алдсанаас хайртай хүүгээ таксинд амь насаа алдахыг харж байсан харамсалтай баримт бий. Тухайн үед хоёр эмнэлэгийн зүгээс хариуцлага хүлээх хүн олдоогүй харин ч хүүхдээ түргэн дуудаж үзүүлээгүй хэмээн эцэг эх хоёр буруутан болж, хүүгээ алдсан зовлон дээр нэрмээс болсон гэдэг.
Уг харамсалтай хэргийн дараахан Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиж “Тусламж эрж очсон хүүхдэд эхлээд эмчилгээ хийж, амь насыг аварчихаад дараа нь харъяалалын асуудлаа зохицуулах боломж байгаагүй юм уу” гэж асуусан сэтгүүлчийг “Эмнэлгийн талаар муу мэдээлэл гаргах гэлээ. Нэр усаа хэл. Хаана ажилладаг вэ? Бидэнд хамаагүй. Эцэг эх нь өөрсдөө буруутай” гэж бараг сүрдүүлэх маягтай гаргаж байсныг санаж байна.
Энэ мэт эмнэлгийн байгууллагуудтай холбоотой олон таагүй баримт бий.
Тэр бүгдийг дурьдаад байх боломжгүйгээс гадна хэлж ярих хүнгүйдээ чимээгүйхэн хохироод үлдсэн хүн олон байгаа. Хүн ардынхаа эрүүл мэнд сайн сайхны төлөө хүнлэг энэрэнгүй эмч байна хэмээн тангараг өргөдөг тэднийг “Авралын бурхан” хэмээн ард түмэн дээдэлсээр ирсэн.
Эмч эмнэлгийн ажилтануудын дунд тусламж хүсч хандсан хэнийг ч ялгалгүй харьцаж, чин сэтгэлээсээ эмчилдэг маш олон “Цагаан халадтанууд” бий. Гэвч шат шатны эмнэлэгт журмын дагуу үзүүлэх ёстой гэсэн хатуу хууль дүрэм, хаанаа ч хүрэлцдэггүй гэгддэг төсөв мөнгө, эмч нарын цалин хөлстэй холбоотойгоор “сэтгэл дутсан” үйлчилгээ Эрүүл мэндийн салбарын нэр хүндийн унагаж байгаа болов уу.
Уг нь аль ч эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг гэж бий. Тэр тасагт хэзээ ч, хаанаас ч тусламж хүссэн өвчтөн ирэхэд шаардлагатай эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг болчихвол өвдсөн нэгнээ үзүүлэх ёстой эмнэлэгт нь үзүүлэх гэж цаг алдаж явахгүй, нөгөө талаар хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд буурахсан. Эрүүл мэндийн эрхэм сайдаа, ард түмэндээ авралын бурхан нь болж, салбарын хуулиндаа багахан засвар хийж хайрлаач…
П.Наран NUUTS
URL: