Намбарын Энхбаяр ба Монголын улс төр
Намбарын Энхбаяр. Монголын улс төрийн, ер нь Монгол Улсын түүхийн сүүлийн 34 жил түүнтэй холбоотой. Тэр төр түшилцэж, түшиж явсан он жилүүд. Үнэндээ бол Н.Энхбаяр 1992-2009 оныг хүртэл төрийн өндөр дээд албан тушаалыг тасралтгүй хашсан. Бас улс төрийн ууган хүчин МАХН /одоогийн МАН/-ыг тэргүүлж байв.
Олны нууцлан ярихаар бол 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь түүний эсрэг ажиллаж байсныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр тухайн үедээ мэдээгүй гэх юм билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр үхэхээс бусдыг үзэж яваа ч, Монголын улс төрийн нөлөө бүхий эрхэм байсаар байгаа Н.Энхбаяр хийгээд эрх баригч МАН-ын зарим лидерүүдийн зөрчил дээрхээс эхлэлтэй ажээ. Ингэх шалтгаанууд МАН-ынханд байсан гэх. Доддугаар сарын 1-ний хэрэг, Тавантолгойн асуудалд Ерөнхийлөгчийн баримталж буй байр суурь тэдний эрх ашгийг уландаа гишгэлээ гэж үзэцгээсэн үе байжээ. Тиймээс ч МАН төрийн эрхийг авсан даруйд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нөгөө л үхрийн бөөр шиг хэдэн юм /Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хэлсэнчлэн/ эвлүүлэн эрүүгийн хэрэг гээчийг үүсгэн шалгаж эхлээд байна.
Түүнийг анх 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд олон зуун цагдаагийн албан хаагч дайчлан очиж баривчилж байлаа. Тэр үед МАН засаг барьж байсан. Удалгүй сонгууль болж АН арай олон суудал авч байдал арай дээрдсэн ч шүүх, прокурорын хүчээр Н.Энхбаярыг хэрэгтэн болгох ажиллагаа үргэлжилсэн юм.
Түүнийг шоронд байхад тухайн үеийн АН-ын удирдлага, тодруулбал Н.Алтанхуяг нар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд засагт хамтрах саналд тавьсан байдаг. Улмаар 2012 оны долдугаар сарын 19-нд АН, Шударга ёс эвсэл, ИЗНН гэсэн гурвалын Засгийн газар гэрээгээ байгуулж байсан түүхтэй. Н.Энхбаяр үүнээс хойш удалгүй шоронгоос суллагдаж, биеэ эмчлүүлэхээр Солонгосыг зорьсон. Гэсэн ч засагт хамтарсан эвслийн даргын хувиар үүргээ гүйцэтгэсээр байсан гэдэг. Удтал эмчлүүлсний дараа тэрээр эх орондоо ирлээ. Тэр нь 2014 он. Тэр цаг үеэс хойш улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажилласан байдаг. Гэвч эцсийн дүнд, 2016 оны сонгуульд түүний нам ганцхан суудалтай хоцров. Өмнөх дөрвөн жилд элэг, дэлүү шиг наалдаастай явсан МҮАН ганц ч үгүй үлдсэн юм.
Н.ЭНХБАЯР БА АРДЧИЛСАН НАМ
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар 2014 оны аравдугаар сарын 18-нд Хамтран ажиллах гэрээ байгуулав. Төринй ордонд сүр дуулиантай үзэглэв.
Ердөө маргаашаас нь АН-ын Э.Бат-Үүл нарын хүмүүс энэ гэрээг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Явсаар 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулав. Эсэргүүцэл АН, МАХН-ын хамтрах гэрээ бус байсныг судлаачид, ажиглагчид одоо хэлдэг. Жирийн иргэн ч ойлгох үйл явцууд үргэлжлээд зөндөө болжээ. Яг үнэндээ Н.Алтанхуягийг АН-ынхан МАН-тай нийлж байгаад унагачихсан. Дараа нь ҮЗХ-ны хурал дээр Ерөнхий сайдаа өгсөн юм чинь намын даргын ажлаа ч бас өг гэж байгаад З.Энхболд тэр сэтрийг нь аваад зүүчихсэн. Яг л МАН-ын М.Энхболд С.Баярт намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалуудаа нэг дор “хураалгадаг” шиг юм болсон. Гэрээ байгууллаа гээд хашгираад байсан хүмүүс нь Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын гэрээнээс сар гаруйхны дараа буюу 2014 оныхоо арванхоёрдугаар сарын 9-нд МАН-тай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Чухамдаа Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын гэрээ бол 2024 он хүртэл АН ямар ч сонгуульд ингэтлээ тавиулахгүйгээр хийгдсэн байсан гэдэг. Шууд хэлэхэд МАН тэр хүртэл ялалтын тухай зүүдлээд ч хэрэггүй байсан. Уг нь эсэргүүцэгчид нь Н.Алтанхуягт хариуцлага тооцох биш баяр хүргэх учиртай байжээ.
Нөгөө талаар намын дарга, Ерөнхий сайдын эрх мэдлийг гартаа төвлөрүүлээд хэмжээгүй эрхтэй болсон Н.Алтанхуягийг унагах ил, далд сонирхол хүчээ аваад байж. Фракцын ашиг сонирхол бүгдийн дээр байдаг АН-ын гашуун алдаа энэ. Фракц нь байхгүй болохгүй бол цаашдаа ч ингэнэ. Ер нь бол АН-ын 2016 оны сонгуульд ялагдах эхний суурь нь ээн болсон юм.
АН мөн ондоо багтааж МАН-ыг гуйсаар засагт хамтрав. Мэдээж, хэсэг хугацаанд бие биеэ “түгжилдсээр” 2015 оны наадмын өмнөхөн хоёр тийш болох шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл гаргасан. АН буцаад Н.Энхбаярт хандлаа. Тэрээр “Шударга ёс” эвслээ МАН-ын суурин дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт оруулахаар болов. Ингээд засаг дотро ямар нэг хагарал бутралгүй явсаар дараагийн сонгуультай золгосон юм. Анхын буюу Н.Алтанхуягийн Засгийн газар тэр хэвээрээ явсан бол 2016 оны сонгуулийн барианд арай өөр “морьд” түрүүлэн орж ирэх байсан болов уу.
Н.ЭНХБАЯР БА МОНГОЛ АРДЫН НАМ
Яг үнэндээ Н.Энхбаярын мууг үзэх хүсэлтэй хүмүүс энэ намд илүү их бий. Учир нь өдгөө бодлого тодорхойлж байгаа лидерүүд нь ямар нэг байдлаар энэ хүний “өмнүүр явж” улс төрд орж ирсэн байдаг. Угаасаа монгол чанар ч байж мэднэ. Монгол хүн нэрэлхүү. Өөрийг нь тэгтлээ ядруу явсныг нь мэдэх хүнээс аль болох хол байхыг л илүүд үзнэ. Нөгөөтэйгүүр буцаад тэр хэмжээндээ очно гэхээс үхтлээ айна. Ямар сайндаа л өнгөрсөн жил Н.Энхбаяр Шадар сайд болоо гэхэд чуулганд оруулж ирж хэрхэлвч болохгүй шүү гэцгээж байсан гэдэг. Учир мэдэх хүн сүүлд нь “…Тэд яаж Н.Энхбаярын нүүрийг харчихаад үгүй гэж хэлэхэв дээ” гэж байсан. Энэ бас л үг.
Арай дөнгүүр нэртэй байсан Засгийн газраа МАН-тай нийлж байгаад огцруулсан, дараагийн засаг нь нэг л болж өгдөггүй, АН-ын нэр хүнд уруудаж байсан үе. 2015 оны гуравдугаар сарын 1-нд Эх орончдын өдрийг хамтдаа тэмдэглэхээр боллоо. Баяраа ч тэмдэглэв. Хоёр намын удирдлагууд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Чингси хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, баярын хурал хийсэн.
Баярын хурлын үеэр МАН-ын генсек Ж.Мөнхбат “…Эх орончдын баярын өдрийг угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм. Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр Эх орончдын баярын өдрийг хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа” гэж байв.
Мөн МАН, МАХН-ын нөлөө бүхий гишүүд, ялангуяа ахмадууд энэ арга хэмжээн дээр хоёр намын нэгдлийн тухай хүчтэй ярьж байсан.
Энэ үеэс л МАН-ын сонгуулийн PR-ын баг нь тун овжин ажиллаж, МАН, МАХН хоёр нэгдэх нь гэсэн мессежийг зогсоо захйгүй нисгэв. Үр дүнд нь АН, МАН-ын рейтинг илт зөрүүтэй болж, МАН-ынх үнэмлэхүй илүү болов. Энэ байдлаараа явсаар хоёр нам сонгуульд хамт орж магадгүй болоод явчихлаа. Хочр талаас ажлын хэсэг гарч мөрийн хөтөлбөрөө боловсруулан, гэрээгээ бараг бэлэн болгочихлоо.
Гэтэл МАН 2016 оны дөрөвдүгээр сарын 20-нд гэнэт хэвлэлийн хурал зарлан “Сонгуульд дангаар орохоо мэдэгдэж байна” гэв. Ингэхдээ МАН-ын дарга М.Энхболд “…Бидний ач холбогдол өгч, анхаарал тавьсан асуудал бол МАХН-тай эвсэж, нийлэх тухай асуудал байсан. МАХН-тай эвсэх тухай асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг зургаан зүйлд тохиролцож гарын үсэг зурсан. Энэ асуудлыг манай Удирдах зөвлөл хэлэлцээд манай намын санал цөөн орсон байгаа ч гэсэн ажлын хэсгүүдийн ажлыг үнэлж байна. Эвсэж сонгуульд орох асуудал нь эх орны эрх ашигт илүү нийцтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрч Бага хурлаар хэлэлцэж, эвсэх шийдвэрийг гаргахаар болсон. Үүнийг хэлэлцэж байх явцад МАХН-ын удирдлагуудын зүгээс гарын үсэг зурж, баталсан гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах саналыг гаргасан. Та бүхэнд жишээ хэлэхэд бид 80:20 гэж манай нам санал болгосон. МАХН 60:40 гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Ажлын хэсгийн гарын үсэг зурсан баримт бичигт 33:67 дээр тохирсон. Тэгэхээр хэн нь хүлээцтэй, хэнийхээ саналд хүндэтгэлтэй хандаж байсан нь тодорхой харагдаж байгаа байх. Бидний дөрвөн жил удирдлага болгож авч явах бичиг баримтаа дөрөв хонож чадалгүй өөрчлөх санал тавьсанд итгэл алдарсан” гэлээ. Харин МАХН-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Улаан “…МАХН-ын Бага чуулган хуралдаж дууслаа. Хоёр өдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцсэн. Эхний асуудал нь мөрийн хөтөлбөр байсан. Хоёрдугаар асуудал нь 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-тай эвсэл болж оролцох асуудал байлаа.
Хурал өчигдөр өглөө эхэлж, үдээс хойш 16:00 цагаас эвсэх эсэх асуудлыг судалсан ажлын хэсэг намын Бага чуулганд мэдээлэл танилцуулсан. Хуралд намын дарга оролцож байр сууриа илэрхийсэн. Энэ үеэр бидэнтэй 2016 оны сонгуульд хамтран оролцох асуудал дээр хамтарч ажилласан МАН-ын ажлын хэсгийн удирдлагаас “Сонгуульд эвсэж оролцох асуудалд тогтоосон цагт хариу өгөөгүй гэсэн шалтгаанаар боломжгүй боллоо” гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн.
Ингээд бид Бага чуулганы хуралдаанаа завсарлаж, МАН-ын дарга, ажлын хэсгийнхэн, манай намын дарга ажлын хэсгийнхнийг оролцуулсан уулзалт зохион байгуулах санал тавьсан. Энэ дагуу мөн өдрийнхөө 19:40 цагт Төрийн ордонд ажлын уулзалт хийсэн.
Энэ уулзалтын үеэр МАН-аас цаг хугацаанаас шалтгаалан эвсэх боломжгүй болсон гэдгээ дуулгасан. Бидний зүгээс мөрийн хөтөлбөрөө өгөх хугацаа дуусахад 20 гаруй цагийн хугацаа үлдсэн байна. Энэ цагийг ашиглаж зөрүүтэй саналууд дээрээ нэг байр суурьтай болж, сонгуульд эвсэж оролцох асуудлаа судлая гэсэн санал тавьсан. Харамсалтай нь нөгөө тал саналыг хүлээж аваагүй. Ингээд МАН удирдах зөвлөлөөрөө яриад эвсэх боломжгүй боллоо гэсэн байр сууриа бидэнд илэрхийлсэн.
Өнөөдөр МАХН-ын Бага чуулган үргэлжлэн хуралдаж МАН-д хандаж уриалга гаргалаа” гэсэн юм. Гэвч эцсийн бүлэгт МАН-ын PR-чид “Н.Энхбаяр тохирооноосоо буцлаа”, “Н.Энхбаяр илүү ихийг хүслээ” гэх ойлголтыг олон нийтэд үлдээсэн юм. Ингэж МАН рейтингээ дахин нэмсэн. Хамгийн гол нь энэ бүхэн урьдаас төлөвлөсөн ажил байсан гэдгийг хүмүүс дахиад л сүүлд нь ухаарав. Занга, эсвэл урхи, бүр бөхичүүд ам мэх гэж ярьдаг даа.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД…
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг монголчууд мэднэ. Гэхдээ тэртээ 1992 онд УИХ-ын гишүүн, Соёлын сайд болж, улмаар 2009 онд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан. Түүнээс хойш улс төрөөс гарахгүй гэж эрх баригчидтай тэмцэлдсээр яваа нэгэн эрхэм. Олон нийт ингэж л мэднэ. Магадгүй, сүүлийн 4-5 жилд болж өнгөрсөн үйл явцууд, түүнээс улбаалсан мэдээллүүдээс харвал Н.Энхбаяр гэдэг хүн зөвхөн эрх мэдлийн төлөө зүтгээд байгаа харагдаж мэднэ. Учир нь МАН ч, АН ч мөнгөтэй, эрх мэдэлтэй. Тэд дуртай мэдээллээ дурын хүндээ хүргэж чадна.
Үнэн хэрэгтээ Н.Энхбаяр өнгөрсөн жилүүдэд хоёр намд хоёуланд нь ихээхэн тус болсон нэгэн. АН-тай засагт хамтарсан, дараа нь Н.Алтанхуягтай гэрээ, МАН-тай эх орончдын баяр тэмдэглэсэн, дараа нь сонгуульд эвсэх гэж үзсэн. Энэ бүхэнд хоёр нам, түүний дотоод дахь нөлөө бүхий эрхмүүдийн эрх ашиг л хангагдсаар иржээ.
Хэдхэн жилийн өмнөхийг дурсъя. 2008 оны наймдугаар сарын 14. Монгол Улсын тамирчин Найдангийн Түвшинбаяр Олимпийн алтан медаль хүртсэн өдөр. Энэ өдөр болсон олон нхийт төдийлэн мэдэхгүй нэгэн үйл явдлын талаар сэтгүүлч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Женко Баттулга” номонд бичжээ. Түүнийг буулгавал “Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тасалгаа…. Энэ бол сар гаруйн өмнө долоон сарын нэгний үймээн болчихсон, хоёр нам хоорондоо зөрчилтэй, нэг нам нь хурал эхлүүлж тангараг өргүүлэх гээд байдаг. Эсрэг нам нь тангараг өргөхгүй гэж гөжөөд АН-ын дарга Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга С.Баяр хоёр бие биеэ үзэхээ байчихсан, бие биеэ буруутан гэж зүтгээд байсан үе билээ. Ерөнхийлөгч “…Та хоёр хоёулаа буруутай. Худлаа амлачихаад, сонгуулийг луйвардчихаад тэгээд дээрээс нь турхирчихаад, нөгөө тал нь тэр жагсаал цуглааныг аятайхан зохион байгуулахын оронд эс үйлдлээрээ мэдэн будилж байж, бүүр бухимдсан олныг дэвэргээд эцсийн бүлэгт таван хүний амь нас, үйл олон хүний бие болоод сэтгэлд шарх хуруулсан тар хоёр хоёулаа хариуцлага хүлээх ёстой… АН-ын дарга Ц.Элбэгдорж нэг их уулзъя гээд байдаггүй одоо нэг хэлээд орхиё” хэмээн бодож зогстол Элбэгдорж нилээд эмээнгүй орж ирээд,
-Ерөнхийлөгчөө, Би олимпийн аваргатай болсон энэ баярт мөчийг хэнтэй хуваалцах вэ гэж бодож байснаа Монгол төрийн тэргүүн аав” дээрээ л очьё гэж бодлоо. Та бол төрийн тэргүүн, Монголчуудын аав гэсэн үг. Би аав дээрээ л ирж байгаа хэрэг гэж хэлэв.
Ерөнхийлөгч бага зэрэг мушийгаад марзагнах өнгөөр,
-За тэгвэл суу хүү минь гэжээ.
Элбэгдорж буйдан дээр суугаад цүнхнээсээ нэг шил виски гаргаж ирээд, бэлэг юм аа. Би аваад ирлээ. Би танд тайлбарлахад “блэндэд” виски гэж байдаг. Тэр бол олон төрлийн вискины шавхаруу холиод ч гэхүү усээр шингэлснийг тэгж нэрлэдэг. Амт муутай хортой, шартуулдаг. Харин энэ бол “сингл моолт” гэдэг маш цэвэр виски. Хүү минь аавдаа барьсан юм. Одоо би төрийн тэргүүн, Монгол Улсын аавдаа баръя гээд аваад ирлээ. Надад танд барих өөр нандин юм алга гээд ширээн гаргаж тавьлаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр инээгээд,
-За баярлалаа. Чи намайг мэднэ би архи уудаггүй, гэхдээ яахав ямар наадхыг чинь аваад гэртээ харина гэж юу байхав… задалчих өнөөдөр үнэхээр дөч гаруй жил хүлээсэн өдөр юм. Бид чинь бүр жирийн яриандаа ч “Олимпийн найдвар” гэж найдвартай хүнээ хүртэл онцолдог байлаа шүү дээ… гэв.
Энэ бол түүх. Энэ цөөн үгээр Н.Энхбаярын ямархуу Ерөнхийлөгч байж вэ гэдэг харагдана. Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг арай дөнгүүрүүд нь хаяад явсан, эсвэл хэн нэгний ятгалга, сүрдүүлэг дааргүй салж одсон. Өөрөө төр, хуулийн “төмөр нүүр”-ийг үзэж сууна. Уг нь тэр төрд туршлагаа, улсад хүчээ өгье гэхдээ 2009 оноос хойш үхэхээс бусдыг үзэн зүтгэж буй. Түүний тухай олон ланжгар эрдэмтэн, улстөрчдийн хэлснийг энд дахин дурдах гэсэнгүй. Зүгээр л нэгэн ухаантны үгийг сануулах гэсэн юм. Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг эртний долоон мэргэдийн нэг Питтак хэлжээ.
З.Сүх-Очир /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: