Төр хүүхэд, эмэгтэйчүүдэд “төмөр нүүрээ харуулав”
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Уг хуулийн батлагдахыг олон мянган эмэгтэйчүүд хүлээж байсан.
Өнгөрсөн зургаан жилийн байдлаар 5100 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, гэмтэл бэртэл авчээ. Мөн энэ хугацаанд 95 хүн нас барсан. Энэ оны эхний байдлаар гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 764 хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 178-аар нэмэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийгмийн цочирдуулсан олон аймшигтай гэмт хэрэг гарч байсан гэдгийг Монголчууд өнөөдөр ч мартаагүй байгаа билээ. Тэгвэл эрх баригчид үүнийг умартжээ.
Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийг санаачилж батлуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: С.Бямбацогт сайд нэг юмыг ойлгохгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй ганц шалдан хуулиар тэмцэж болдоггүй гэдгийг бид өнгөрсөн арван жил өчнөөн нус, нулимс үхэл хагацлаар харлаа. Тиймээс хуульчид, өөрөөр хэлбэл шүүгч, прокурор, цагдаа, мөрдөн байцаагч, бүгд хэрэглэж болдог хуулийг бид хийсэн.
Хуульчид яагаад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг ганц хуулиар хүнийг хамгаалж чаддаггүй байсан юм гэхээр хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо нь хуульчдын хэрэглэдэг бусад хамаатай хуулиудтай холбогдох тодорхой заалтууд байдаггүй байсан. Тиймээс бид өнгөрсөн дөрвөн жил Эрүүгийн хууль,Зөрчлийн тухай хууль Прокурорын тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах зэрэг гол хуулиудад хуульчид хүнийг аюулгүй байлгахад юу хийх вэ, яаж хамгаалах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг их бие нь гэж бодох юм бол жинхэнэ хүнд хүрдэг мөч, гар хөл нь эрх зүйн шинэтгэлийн бусад хуулиуд юм. Тэгэхээр энэ хуулийг дангаар нь УИХ-д өргөн бариад сайн сайхан зүйл хийчихнэ гэж бодож байгаа бол эндүүрэл” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлээд авсан.
Ийнхүү 12 жилийн дараа шинэчлэн, өнгөрсөн хавар баталсан тус хуулийг эргүүлэн татсан явдлыг эсргүүцэн эмгэнэл илэрхийлэхээр Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс энэ сарын 3-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д лаа асаах аяныг зохион байгуулав. Энэ үеэр тус хөдөлгөөнийхөн иргэдээс гарын үсэг цуглуулан, УИХ-д шаардлага хүргүүлэхээр болсон юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлох таван заалт:
1. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох гэж байгаа нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт билээ. Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол энэ шууд эрүүгийн хэрэг болно.
Энэ төрлийн гэмт хэргийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулах тухай хуульд тусгай зүйл заалт оруулж өгсөн байна. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.
2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү хуулиар зохицуулжээ.
3. Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болсон. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заасан байна. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах аж.
4. Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулсан байна. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.
5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцохоор болсон байна.
URL: