Тэтгэврийнхний эсэргүүцэл
Өнгөрсөн долоо хоногт хэдэн зуун мянган хүн Сантьяго хотын гудамжинд гарч, хувийн тэтгэврийн системийг эсэргүүцэн, халахыг шаардав. Өндөр настны нийгмийн халамжийн асуудал дэлхий нийтийг хамраад буй. Тэтгэврийн систем сая сая хүний урмыг хугалж, ядууралд хөтлөх аюул тулгарлаа.
1981 онд дарангуйлагч Аугусто Пиночетийн үед нэвтрүүлсэн хөтөлбөр Чилийн хувьд одоо ч хэрэгжсээр байна. Боливи, Сальвадор, Мексик зэрэг улсад тэтгэврийн хувийн дансны аргыг мөн хуулбарлан хэрэглэсэн. Хүмүүс илүү урт насалж, тооцсоноос багыг хуримтлуулдаг ерөнхий бэрхшээл уг хөтөлбөрт асуудал учруулж байгаа аж. Өөр сайн арга зам бий юу?
АНУ-ын Вартоны бизнесийн сургуулийн профессор Оливиа Митчелл боловсролыг дээшлүүлэх ёстойг онцлов. Тэрбээр тэтгэврээ бага хэмээн голж буй хүмүүс нийтийн юм гэдэг бол системийн хэсэг гэдгийг умартдаг гэлээ. Цааш нь “Хэрвээ тэд ажиллах насандаа сайн хувь нэмэр оруулаагүй бол системээс их зүйл авч чадахгүй гэдгээ ухамсарлах ёстой” хэмээн өгүүлэв.
Чилийн ажиллагсад нийт цалингийнхаа 10 хувийг тэтгэврийн нэрийн дансандаа хийх ёстой. Албан журамд суурилсан илүү амжилттай систем бол Австралийн жишээ юм. Энд ажил олгогсод нийт цалингийн наад зах нь 9.5 хувийг тэтгэврийн санд оруулдаг. Сул тал нь тухайн хүн тэтгэвэрт гармагц албадлага дуусч, тэр хураасан мөнгөө дураар үрэх эрхтэй болдог. Тэтгэврийн асуудлаар зөвлөгч Жон Ральфе “Хүмүүс тэтгэвэрт гарахад зөв дэмжлэг үзүүлдэггүй нь Австралийн системийн алдаа” гэсэн юм.
Их Британид тэтгэврийнхэн жилд тогтсон мөнгө авдаг бөгөөд тэдний насан туршдаа орлоготой байх нөхцөлийг хангадаг. Урт наслах тусам бондын өгөөж буурч, суурь хөрөнгөөс ирэх орлогын хэмжээ багасна. Ийм орлогоор хангадаг системийн өртөг зардал нь мөн тогтсон ашиг өгдөг BHS мэтийн компанид гарсан бэрхшээлтэй төстэй. Эднийх оны эхээр дампуурлаа зарлах үед 571 сая паундын алдагдалтай байжээ.
Хувийн салбарын олонх сан сүүлд элссэн хүмүүст цалингаас тооцогдсон тэтгэвэр олгохоо зогсоосон. Иймд 11 сая орчим хүн нийтдээ нэг их наяд орчим паундын алдагдалтай байгаа бусад санд найдахаас өөр аргагүй болсныг Hymans Robertson зөвлөх фирм мэдээлсэн байна. Бондын өгөөж буурах тусам ирээдүйд олгох тэтгэвэрт зориулан сангууд илүү их мөнгө цааш нь хийх хэрэгтэй болно. Гэвч цөөхөн нь ингэж чаддаг.
Дэвид Камероны үед Их Британийн Тэтгэврийн сайд байсан Рос Алтманн “Бид тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг бүхэлд нь эргэн шалгах ёстой. Тогтсон орлогоор хангах систем нь бодлогын хүү доошилсон цаг үед ёроолгүй ангал гэсэн үг” хэмээжээ.
Канадын тэтгэврийн систем ерөнхийдөө санхүүжилт болон нэр хүнд сайтай байгаа. Гэвч хувийн салбарын олонх ажилчин уг системд хамрагдаагүй агаад Канадын шинэчлэл нь тэтгэврийн сангийн хүрээг тэлэхэд чиглэж байна.
Голландыг авч үзвэл тогтмол тэтгэвэр олгодог санд ахиу мөнгө оруулахыг олонх ажиллагсдаас шаарддаг. Зохицуулагчид хуучны зарчмаар ажилладаг авч олговрыг багасгах уян хатан заалт байдаг. 2008 оны санхүүгийн хямралын улмаас алдагдал хүлээсэн сангууд уг заалтыг ашиглажээ.
Иймэрхүү аюулаас хамгаалах арга хэмжээ заримдаа ахмадууд болон залуусын хооронд зөрчил үүсгэдэг тал бий. Системийг өөрчлөхийг дэмждэг эдийн засагч Илжа Боэлаарс “Ийм хамтын зохион байгуулалттай байгаа нь томоохон асуудал. Хэн санг эзэмшдэг нь тодорхойгүй байгаа юм” гэжээ. Сангийн залуу гишүүд нь ахмадууд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийснийг шүүмжлэн олговрыг нэмэх асуудлыг эсэргүүцдэг аж.
Тэтгэврийн системийг сайн төлөвлөе гэвэл дээрх сангуудын сайн талуудыг тэнцвэржүүлэх зорилт тулгарна. Үүнд, албан журмын хуримтлал, уян хатан байдал, хувийн эзэмшил буюу нэрийн данс, зарим эрсдэлийг хуваалцах зэрэг зүйлс багтана. Энэ нь Канадын загварт суурилсан, урт хугацаанд чиглэсэн, төрөлжсөн, сайн менежменттэй сан байгуулах шаардлагатай гэсэн үг юм. Их Британид эхэлсэн шинэчлэл нь 2018 оноос санд элсэх ажиллагсад тогтсон хэмжээний мөнгө оруулах аргыг өргөн хэрэгжүүлэхэд чиглэж байна.
Ноён Ральфе “Хүмүүс илүү ажиллаж, ажиллах хугацаандаа бага зарцуулж, илүүг хуримтлуулах ёстой” хэмээн өгүүллээ.
Дан МкКрам, Элэйн Мур
URL: