Хятад, Хонконгийг дамжин авлигын сүлжээ үүсгэсэн бүлгийн толгойлогчтой холбоотой У.Барсболдод итгэх хүн үлдсэн үү?
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболд Намбарын хүүг дагахаар шийдэн, МАХН-ыг зорин очсон ч, тус намаас хөөгдөж гарсан нь саяхан билээ. МАХН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, нарийн бичгийн даргын алба хашиж байсан тэрбээр нам дотор хаалттай хэлэлцсэн нууц асуудлуудыг гадагш задалсан, мөн орон нутгийн сонгуулиар намынхаа төлөө бус эсрэг намын төлөө ажилласан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдан хөөгдсөн юм. Тиймээс ч өдгөө түүнд улстөрийн талбарт итгэл үзүүлэх хүн бараг үлдээгүй гэхэд болно. За тэгээд улстөрөөр явж дийлдэггүй юмаа гэхэд бизнесмэний хувиар урагшаа зүтгэе гэхээр бас л бараан намтартай.
Учир нь тэр бол оффшортонгуудын нэг гэдгийг сануулахад гэмгүй байх. Монгол төрийн сайд хүн гадаадад нууц компанитай, нууц данстай байсан тухай асуудлын тоо дахиад нэмэгдсэн нь У.Барсболд байсан юм. Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн аралд Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээжээ.
Тэгэхээр Хөшөөтийн уурхайгаар гараа угаасан гэгддэг У.Барсболд эрхэм идэж ууснаа урсгах чиглэлээ сайд байхдаа сайтар тодорхойлсон бололтой юм. Тэрээр хятад болон Хонконг дамжин цагаан захтны хэрэг зохион байгуулж авилгын сүлжээ үүсгэн улсын онц их хэмжээний хөрөнгө мөнгө идэж шамшигдуулдаг бүлгийн толгойлогч гэдгээрээ алдартай Лю Ай Данг гэгчтэй хүртэл холбоотой байдаг. Учир нь Лю Ай Данг нь АНУ, Хонконг дамжин олдохгүй нэг хэсэгтээ эрэн сурвалжлагдаж байгаад 2006 онд Монголын баруун хязгаар дахь Ховдын хөшөөтийн ордын үндсэн хувьцаа эзэмшигч болон тодорсон байдаг.
Тэрээр Хөшөөтийг нутаг нэгтэн гурван нөхрийн хамтаар хуваан эзэмшсэн байдаг. Тодруулбал,
-Лю Чэнг Лин /Лю Ай Данг/- нийт хувьцаа: 1,625 тэрбум буюу 25% .Үнэ:16,1 тэрбум юань
-Лү Лиан Чэнг/Ло Ли Шинг Саймон Ло/- нийт хувьцаа:1,169 тэрбум буюу 18%.Үнэ:11,6 тэрбум юань
-Жэнг Жиа Чунь-нийт хувьцаа:3,63 зуун сая буюу 5,6%.Үнэ:3,6 тэрбум юань
-Жэнг Үй Тунг-нийт хувьцаа:2,2 зуун сая буюу 3,4%.Үнэ:2,2 тэрбум юань гэх мэдээлэл 2008 он байдлаар байдаг.
Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход Хөшөөтийн эзэн хятадууд нэрээ дураа хүрсэн үедээ өөрчилдөг байж. Тэрчлэн У.Барсболд нь 2006 онд Ли Сиао Мин, Ван Лу Тан нарын хамтаар Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг Виржиний аралд бүртгүүлсэн байгаа нь, Хөшөөтийн хятад эзэдтэйгээ хамтран хийсэн ажил байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ямартай ч өдгөө стратегийн орд болгох учиртай гэгдэж буй Хөшөөтийн орд анх Дарви сумын харъяат Б.Батням гэх хүний нэр дээр байсан байдаг. Тэрээр өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд эзэмшиж байж. Харин У.Барсболд Б.Батнямыг залилан тэдгээр 28 ширхэг лицензийгЛю Чэнг Лин/Лю Ай Данг/ болон Саймон Ло нарт зарсан байдаг. Тэгж л нөгөөх алдарт ” Mongolian energy corporation” буюу “МоЭнКо”ХХК байгуулагджээ.
Уг нь эл асуудлаар У.Барсболдод холбогдох №21147404 тоот хавтаст эрүүгийн хэргийг 2012 оны 12 сарын 27-нд үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байдаг ч, У.Барсболд ямар арга чаргаа хэрэглээд байдаг юм бэ гэмээр эрх чөлөөтэй гараа савчин алхалж явна.
Мөн У.Барсболдтой холбоотой хуудуутай асуудлыг өгүүлэхэд тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр 2006.2.21-ний өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл 263.2 ,268 ,268.2-р зүйлд заасанчлан эрүү үүсгэн №20646066 тоот хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч, уг хэрэг “Түмэнхүү”-гийн хэрэг гэгдэн өөр нэгэнд тохогдоод дуусчээ. Түмэнхүү гэдэг нь У.Барсболдын ах У.Барбарихийнх нь эхнэрийн ах аж.
Тэгэхээр Монгол нутгийн газар шороо, баялгийг дур зоргоороо зарж хүүдэгнэдэг У.Барсболд мэтийн нөхдүүдийн балгийг засах ажлыг төр засгийн зүгээс хийх ёстой болоод байгааг энд тодотгоё. Хэрэв манай талаас стратегийн ордын жагсаалтдаа Хөшөөтийг албан ёсоор багтаачихвал Хөшөөтийн ордыг дураараа эзэмшиж, дургиж ирсэн гэгддэг “Мон Эн Ко” ХХК-ийн буюу Хятадуудын хувь эзэмшлийн асуудал ч албан ёсоор босч ирэх юм.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
URL: