Гурилын үнэ хямдарчээ
2
016 оны 9 сарын 1 буюу өчигдрөөс “Алтан Тариа ХХК”-ийн дээд, 1-р гурилын үнэ 40-50 төгрөгөөр хямдарч, 50 кг-тай дээд гурил кг нь 1000₮, 1-р гурил кг нь 800₮ болсон таатай мэдээ байна. Ажил, хичээл цуглаж түм түжгэнэж, бум бужигнасан энэ өдрүүдэд хүнс,ногооны үнэ ар араасаа буурч байгаа нь нөгөө сургууль цэцэрлэгийн сугалаанаас болж бачуурсан иргэдийн бухимдлыг намжааж байх шиг. Ургацын дээж шинэ ногооны үнэ ч гурилтай адил хямдарч байгаа аж. Ингээд гурилын үнэ хаана ямар үнэтэй байгааг хүргье.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд 1200-1500 төгрөг, 1-р зэрэг 1000-1300 төгрөг, 2-р зэрэг 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Ц.Соёл-Эрдэнэ
URL: