Украины амьд Барби Валерия Лукьянова Монголд зочилно
Цахим ертөнцөд төдийгүй дэлхийд алдарштай Украины “амьд барби” хочит Валерия Лукьянова Монголд ирэхээр болжээ. Тэрбээр ирэх сарын 27-ноос аравдугаар сарын 9-ний хооронд Монгол улсад зохион байгуулагдах “Face of beauty international 2016″ тэмцээний шүүгчээр уригдсан байна. Тус тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд оролцож титмийн төлөө өрсөлдөх бөгөөд “Амьд барби” Монголд ирэх болсон мэдээллийг хамгийн эхний сюрприз болохыг зохион байгуулагчид нь онцоллоо.
Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдралд бодит болон бодит бус байдлаар өндөр ашиг авчрах энэхүү олон улсын үйл ажиллагааг НЗДТГ, БОАЖЯ, БСШУС, Гадаад харилцааны яамд дэмжиж, хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн төгсгөлийн ёслолын ажиллагааг дэлхийн 10 гаруй улсад шууд дамжуулан үзүүлэхээс гадна 20 гаруй орноос хэвлэл мэдээллийн ажилтнууд ирэх гэнэ.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төржээ. Тэрбээр 2007 онд Украйны миссээр өргөмжлөгдөж байсан бөгөөд барби хүүхэлдэйг санагдуулам дүр төрх, бие галбираараа олонд танигдсан билээ. Валериаг маш олон хагалгаа хийлгэсэн хэмээн ярьдаг ч “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй хэмээжээ.
Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд 47 кг хүрэхээрээ маш хурдан турах талаар боддог хэмээн ярьсан байна. Биеийн харьцаа нь 88*50*88 аж.
URL: