УИХ-ын дарга М.Энхболд I сургуульд 20 ширхэг компьютер бэлэглэлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.01/ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 94 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

2455

Тэрбээр Монголын ууган дунд сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль бол Монгол Улсын ууган дунд сургуулийн нэг. Энэ сургуульд суралцана, элсэж орно гэдэг бол их аз жаргал, их хувьтай үйл явдал гэж хүүхдүүд та бүхэн бодох ёстой. 1 дүгээр сургуулиас сургуулийнхаа нэрийг дүүрэгтээ гаргасан, дүүргийнхээ нэрийг нийслэлд алдаршуулсан, нийслэл хотынхоо нэрийг тив дэлхийд алдаршуулсан эрдэмтэй, мэргэн хүүхэд, залуучууд олонтаа төрж гарсан алдартай сургууль юм. Энэ сургуульд сурна гэдэг, эндээс гарч бие хүн болж хүмүүжинэ гэдэг бол улс орны өмнө тулгамдаж байгаа олон хүнд бэрхшээл зорилтуудыг биелүүлж, түүнийг даван туулах чадвартай хүмүүс болж хүмүүжин төлөвшинө гэсэн үг. Тийм учраас хүүхэд багачууд та бүхэн хичээл номондоо шамдан сайн суралцаж, сургуулийнхаа нэрийг бодож, эх орондоо хэрэгтэй эрдэм боловсролтой хүмүүс болоорой гэж хүсэн ерөөе. Мөн энэ сургуульд ажиллаж байгаа багш нар бол улсын хэмжээнд ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний сайн багш нар байдаг. Энэ сургуульд хичээл зааж байгаа багш нарын сургалтын арга зүйг улс орон даяар түгээж, дэлгэрүүлж хэрэглэдэг. Монголын боловсролын сор нь болсон багш нар ажиллаж ирсэн түүхтэй” хэмээгээд тус сургуулийн Мэдээлэл зүйн кабинетын техник, тоног төхөөрөмжийг шинэчилхэд зориулж 20 ширхэг компьютер бэлэглэв.

 

 

 

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн сурагчид дуулж, бүжиглэж, морин хуурын аялгуугаар хүндэт зочид болон эцэг эхчүүддээ бэлэг барив. Нээлтийн дараа УИХ-ын дарга М.Энхболд болон албаны хүмүүс тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Мөн УИХ-ын дарга өөрийн сурч байсан танхимдаа орж, багш сурагчидтай уулзлаа.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургууль 2016-2017 оны хичээлийн жилийг 1-12 дугаар ангийн 61 бүлгийн 2900 сурагчтайгаар эхлүүлж байгаагаа тус сургуулийн захирал Б.Төгсжаргал танилцуулав.

 

 

Уг нээлтийн үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, НЗДТГ-ын Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, тус сургуулийн 19 дэх захирал, Монгол Улсын гавьяат багш Ц.Гүррагчаа болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих