Хорхойтой шүд хорт хавдраас дутахгүй
Өөртөө арчаатай, бас хайртай байхыг аминчлан захья. Гараа эсгэж, хөлөө шалбалчихаад эмч дуудаж сүржигнэлээ гэж солонгосчуудыг элэглэн дооглож, өөрсдийгөө төмөр биетэй юм шиг санадаг хүмүүс биднээс өөр бий болов уу. Үнэндээ бол эсгэсэн гар, шалбарсан хөлөнд бохир нян, вирус орвол ямар аюултайг тэд биднээс илүү мэддэгт л хамаг учир бий.
Өвдөхгүй л бол өөрийгөө цоо эрүүл гэж бодон эмнэлэг рүү зүглэдэггүй, хорт хавдар л биш бол амь насанд халгүй юм шиг санаж, бусад өвчнийг ойшоодоггүй хайнга зангаасаа болж бид бас нэгэн чимээгүй тахалд нэрвэгдчихээд байна.
Хэдхэн хоногийн өмнө 15 настай дүүгийн маань зүүн шанаа шүднээсээ болоод хавдчихав. Бид ч сүртэй юм бодолгүй хувийн эмнэлэгт очиж өнөөхийг нь зүсүүллээ. Шүднээс болоод хавдаж, бугласан тохиолдолд дотроос нь хагалчихвал зүгээр болдог гэж хэлсэн их мэдэгч эмчийн тушаалаар ингэсэн хэрэг. Гэтэл маргааш нь хавдар буух нь битгий хэл улам томорч, хүзүүг хамарсан байв.
Айж, гайхширсан бид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очтол “Мэс засалд яаралтай орох шаардлагатай. Жаахан л удсан бол авралгүй болох байлаа” гэсэн аймшигтай мэдээ дуулав. Дүүд маань шүдний буглаа өвчин “наалдчихаж”. Дүүтэй минь ижил зовлонтой, нэг талын шанаа нь хавдсан өвчтөнүүдийн хөлд тус эмнэлгийн Эрүү, нүүрний мэс заслын тасаг дарагдсан байлаа. Хамгийн аймаар нь тэдгээрийн олонх нь бага насныхан.
Гурван настай болов уу гэмээр хүү “Би боолтоо хийлгэхгүй, эмч муухай төмрөөр миний шүдийг малтдаг” гэж уйлсаар Мэс заслын тасгаас гарч ирэхэд ээлжээ хүлээн суусан хүүхдүүд бүгд л эмээсэн нүдээр харцгаав. Эмч “Шүдний өвчнөөс үүдэлтэй буглаа сүүлийн үед харшил, ханиад шиг ихэслээ. Ийм өвчтэй хүүхэд өдөрт хэдэн зуугаараа ирж буй ч манай эмнэлэг 19-20-ийг нь л мэс засалд оруулж амжиж байна. Эцэг, эхчүүд нь тоолгүй явсаар, хүндэрсэн хойно нь авчрах юм” хэмээн биднийг зэмлэж, шүд ямар аюултай эрхтэн болохыг хүмүүс бүрэн ойлгодоггүйг хэлэв.
Дэлхийн шүдний холбооноос Швейцарийн Люцерн хотод өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “Амны хөндийн эрүүл мэнд” хурлын үеэр дэлхийн хүн амын 80 хувь нь шүдний буглаа болон тулгуур эдийн өвчинд өртсөн, 3.9 тэрбум (дэлхийн хүн амын 44 хувь) хүн шүднээс үүдэлтэй бусад төрлийн өвчтэй гэсэн мэдээ танилцуулжээ. Олонх хүн үүнийг өвчин гэж үзэлгүй, тоолгүй явсаар хүндрүүлдэг байна. Тэр ч бүү хэл зарим нь өөрөө эмчлэхээр оролддог болохыг судалгаагаар тогтоожээ.
Ийм хандлага манай улсын иргэдийн дунд ч бий. АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийн доктор А.Туяамаа “Шүд хүчтэй өвдөх нь зөөлөн эд үхжиж байгааг илтгэдэг. Зарим тохиолдолд шүдний доторх халдвар ясыг идэж, зөөлөн эдийг цоолон гарч ирдэг. Энэ үед буйлан дээр батга мэт товгор зүйл бий болж, томорсоор буглаа үүсдэг. Ингэхэд шүд ямар нэгэн зовиургүй болдог учир хүмүүс дураараа янз бүрийн эмчилгээ хийдэг.
Хавдсан хэсэгт ихэвчлэн спиртээр жин тавьдаг нь өвчнийг улам сэдрээдэг” хэмээсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасагт дугаарлан зогссон эцэг, эхчүүдийн дунд ч “их мэдэгч” олон байв. Таван настай Ирмүүн хүүгийн ээж “Өмнө нь үе үе ингэж хавддаг ч нэг, хоёр хоноод зүгээр болчихдог байсан болохоор тоогоогүй.
Өнгөрсөн шөнө халуураад байхаар нь хүйтэн жин тавиад хонотол бүр томорчихсон” гэсэн бол 16 настай Азтөгсийн ээж “Эхэндээ шүд нь өвдөхөөр ясны бэртэл гэмтэлд уудаг, ногоон өнгөтэй хятад эм өгчихдөг байсан. Одоо тэр нь үйлчлэхээ байсан. Бидний үед шүд буглаж, хавдахад ингэж мэс засалд ордоггүй байсан. Төмрийн хор гүйчихнэ гээд модоор хатгачихдаг байлаа” гэсэн юм. Манай гэрт ч ийм “туршилт” зөндөө л болж байсан. Харин тэдгээр эцэг, эх шүдний буглаа өвчний талаар төдийлөн мэддэггүй юм билээ.
Буглаа хүний биеийн аль ч хэсэгт үүсэж болдог ч хамгийн аюултай нь амны хөндийнх гэнэ. Амны хөндийн буглаа буйл, сурвалжийн ёзоор, түүний орчны эдэд үүсдэг аж. Энэ нь гэмтэл (хоол хүнсний зүйл, гаднын биет буйлны гүнд шигдэх), шүдний цоорлын хөндий болон гүн ховилоос нэвтэрсэн нян, вирусээс үүдэлтэй. Шүдний зөөлц (шүдний цөгцний хөндий болон сурвалжийн сувагт байрладаг мэдрэлийн ширхэг, судас, тунгалгийн зангилаанаас бүтсэн эд) нянгийн халдварт бүрэн идэгдэхэд тэр нь ясыг нэвтэлж, буйлан дээр гарч ирдэг.
Хэрэв буглаа амны хөндийд цорго үүсгэн нээгдэж чадахгүй л бол толгой, хүзүүний аль нэг хэсэг рүү тархдаг гэнэ. Ингэж даамжирсан буглаа хүний аминд ч хүрэх аюултай аж. Ийм үед эмчийн хэлснээр ямар ч алтан гартай эмч, эмнэлгийн тоног төхөөрөмж байгаад нэмэргүй юм байна. Биеийн эсэргүүцэл сул хүмүүсийн амны хөндийд буглаа үүсэх магадлал өндөр гэдэг ч бага насныхан л золиослогдсоор байна.
Учир нь манай улсад бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчин газар авчихаад буй. Аливаа улсын хүн амын дунд шүдний өвчин хэр хэмжээнд дэлгэрснийг 12 настай хүүхдүүдээр тогтоодог. Энэ насанд хүүхдийн сүүн шүд байнгынхаар солигддог болохоор хамгийн эрүүл байдаг үе нь аж. 1976 оны судалгаагаар манай орны 12 настай хүүхэд бүрт 1.6 цоорхой шүд байсан бол Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвөөс хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нэг хүүхдэд гурван цоорхой шүд ноогджээ.
Шүдний өвчин бага насны хүүхдүүдийн дунд ингэтлээ дэлгэрэхэд юу нөлөөлсөн талаар “Халиун” эмнэлгийн захирал Б.Эрдэнэчимэг “Шүдний өвчинд ихэвчлэн бага насны хүүхдүүд өртөж буй нь хоол хүнстэй холбоотой. Шүдээ эрүүл байлгахад нэгдүгээрт хоол хүнс, дараагаар нь амны хөндийн ариун цэвэр чухал. Дээр үеийн хүмүүс амны ариун цэвэр тэр бүр сахидаггүй байсан хэрнээ эрүүл, цагаан шүдтэй байдгийн учир нь зөв хооллолт.
Тэд ааруул, ээзгий хүүхдүүддээ хүлхүүлж, шүдийг нь бэхжүүлдэг байсан. Одоо харин элдэв янзын амттанаар хооллож байна. Хатуу юм зажлуулж, идүүлэхгүй болохоор араанууд ч жам ёсоороо ургахаа больж, зовиуртай болдог. Мөн эрүү, нүүрний булчин буруу хөгждөг. Манай эмнэлэг өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн IX хорооны 1200 гаруй хүүхдэд чих, хамар, хоолой, амны хөндийн үзлэг хийхэд 97.1 хувийнх нь шүд өвчтэй байсан” гэсэн бол Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн бодлого, зохицуулалт, хөгжлийн албаны дарга Б.Сувд “Эцэг, эхчүүд хүүхдэдээ ахуйн боловсрол олгоход анхаарахгүй байна.
Шүдээ хэдийд, хэрхэн угаахаа мэдэхгүй хүүхэд өчнөөн байна. Чихэрлэг зүйл идсэн ч шүдээ 2-3 минут зөв, сайн угаагаад хэвшчихвэл асуудалгүй. Зарим хөгжингүй оронд эцэг, эхчүүд хүүхдийнхээ өвчтэй шүдийг сургуульд орохоос нь өмнө заавал эмчлүүлдэг. Бараг уламжлал болчихсон. Манайд хувийн болон улсын шүдний эмнэлэг олон ч чанартай үйлчилгээ үзүүлж, иргэддээ хүрч үйлчилдэг нь ховор” гэж дүгнэв.
Яснаас шүд, махнаас нүд хамгийн аймаар өвддөг гэдэг. Тэгвэл хамгийн аюултай эрхтний нэгэнд ч бас л шүд ордог аж. Учир нь шүдний өвчин өөр 26 өвчний эх үүсвэр болдгийг эрдэмтэд аль хэдийнэ баталчихаж. Чихрийн шижин, улаан хоолой, толгой болон хүзүү, уушгины хорт хавдар үүсэхэд шүдний өвчин нөлөөлдөг аж. Хамгийн ойрын жишээ дурдахад л, Ховд аймгийн Үенч сумын Нэгдсэн эмнэлэгт насаараа ажилласан нэгэн эмэгтэй энэ зун нийслэлд ирээд хорт хавдартай гэсэн онош сонсчээ.
Өвдөж, шаналгахгүй болохоор гэмгүй гэж бодон эмчлүүлэлгүй удсан өвчтэй шүднүүд нь түүнийг ийм болгочихож. Шүднээсээ болоод хорт хавдар тусна гэж хэний санаанд орох вэ дээ. Энэ мэтчилэн аюултай өвчинд таны хүүхэд ч хэзээ нэгэн өдөр өртөх магадлалтай. Тиймээс эцэг, эхчүүд минь хүүхдийнхээ шүдэнд санаа тавьж сурцгаая. Тоомжиргүй явсаар ниргэсэн хойно нь хашгирч зогсохгүйн тулд хүүхдүүдээ чихэр жимснээс татгалзуулж сургадаггүй юм аа гэхэд ядаж амыг нь тогтмол, зөв угаалгаж хэвшицгээе.
Эх сурвалж: Unuudur.mn
URL: