ЭНЭ НАМАР ЖАГСААЛ, ЦУГЛААН, ЭСЭРГҮҮЦЭЛ ИХСЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛЛОО

76d8faa8-4653-4176-a046-bb3d20083643Монгол улсын эдийн засаг, санхүүгийн байдал дордсон нь улстөрчдийн хэрүүл шуугианыг дэвэргэсээр байна. Эдүгээ УИХ-аар энэхүү хүндрэл, хямралыг хэрхэн даван туулах асуудлыг хэлэлцэж байна.

Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг 9 дүгээр нэгнээс хэрэгжүүлэх эсэх асуудал ч бөөн хэл ам таталж, уг хуулийг хэрэгжүүлэхийг хойшлуулбал сөрөг хүчин шат дараатай тэмцлийн арга хэмжээ авахаа мэдэгдээд буй.

Тэгвэл энэ намар манайхан нэлээд улстөржиж, гудамж талбайд цуглаан, жагсаал ч тасрахгүй байх шинж тэмдэг мэдрэгдээд эхэллээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөн энэ 2016 оны улсын төсвийг тодотгох асуудлаас болж олон нийтийн дунд янз бүрийн яриа гарч түүнийг дэвэргэх улстөрийн болоод ТББ-ынхан ч оволзож байна.

Энэ оны УИХ болон нийслэл, аймгийн сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй нь гэсэн шүүмжлэл маш их байна. Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа асуудлууд тэр чигээрээ батлагдах юм бол МҮЭ-ээс эхлээд төрийн бус байгууллагууд, хувийн компаниудын төлөөлөл бүхий ТББ-ууд гудамжинд гарах байх. Татвар нэмэх асуудал болон цалин бууруулах нь ийм үр дүнд хүргэх байх.

Тэгвэл оюутнуудад олгодог байсан 70 мянган төгрөгийг хасч байгаагийн эсрэг оюутнуудыг турхирах хандлага ч ажиглагдаж эхлээд байна. 9 дүгээр сарын нэгэнд хичээл эхэлмэгц оюутнууд жагсаж, цуглаад эхэлж мэдэх л юм. Гэхдээ асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын хувьд 70 мянган төгрөг өгөхгүй байх нь зөв байх. Харин МСҮТ-д суралцагчдад уг мөнгийг олгохгүй хасвал олон МСҮТ дампуурах нь гарцаагүй юм. Тэгэхээр тэмцэж мэдэх л юм.

Олны дунд оюутны мөнгийг хасах нь зөв гэсэн нь олон байгаа бол дунд сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг өдрийн хоол, цайг өгөхгүй болж байгааг эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байна. Учир нь амьдрал хүнд айлын хүүхдүүд өдөр сургууль дээрээ бага боловч хоол идэж чаддаг байсан бол одоо хоосон, өлөн явахаар болж байгаа юм.

Тэгвэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлж эхлэхгүй бол сонгуулийн дараа АН-ынхан тэр дундаа Э.Бат-Үүл нарын мэдэгдээд байсан жагсаал, цуглаан хийж чаддаг хүмүүс гудамжинд гарч байгаа гээд байсанчлан юм болох нь тодорхой мэт.

Үүний сацуу Засгийн газар “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж ахиу мөнгө олох зорилго тавьсан. Энэхүү хөтөлбөрийг эсэргүүцээд гудамжинд гарч ирэх иргэний хөдөлгөөнүүд, нутаг усны төлөөх хөдөлгөөнүүд захаасаа аваад язганаж л байна. Ийм болохоор энэ намар жагсаал, цуглаан нэлээд их байх болов уу хэмээн улстөр, нийгэм, эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж үздэг хүмүүс ярилцах болоод байна.

Хэрвээ асуудлыг эв зүйгээр л зохицуулж чадахгүй бол иймэрхүү байдал нь нөгөө “Муухай дээр муухай, улцан дээр улцан” гэгч л болох байх. Эдийн засаг хямарчихсан, түүнээс болоод ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдсэн, дээр нь нийгмийн янз бүрийн халамжуудын хэдэн төгрөгөөр гол зогоодог байсан хүмүүс тэдгээрийг хасчихаар хаачиж таарах вэ.

Өнөөгийн байдал нэг иймэрхүү л байна. Тэгэхээр УИХ-ын намрын чуулган баахан эсэргүүцэл дунд эхлэх нь тодорхой байна.

Г.Самбаа /Gereg.mn/

 


URL:

Сэтгэгдэл бичих