Чуулганы хуралдаанаар таван асуудлыг хэлэлцлээ

Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.08.30/ нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

2402

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос уг тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсаныг шинэчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Жавхлан, Б.Наранхүү, Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах тухай ажлын хэсгээс гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн танилцуулгад дурдсан.

 

Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Дараа нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

 

 

УИХ-аас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

 

Гэвч Эрүүгийн хуулийг олон нийтэд сурталчлан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Даваасүрэн, Х.Нямбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээ

 

Үүний дараа Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. УИХ-аас Зөрчлийн тухай хуулийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.

 

Гэвч Зөрчлийн тухай хуулийг олон нийтэд сурталчилан таниулах, хуулийг хэрэгжүүлэх байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг боловсруулах, холбогдох байгууллагуудыг бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахад тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөхөөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

 

Хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

 

Мөн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор 2012-2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан боловч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хуралд эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагааг хийж дуусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг цаашид хэрхэх талаар холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм..

 

Ажлын хэсэг дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу УИХ-д эцсийн найруулгыг танилцуулах, ёсчлох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаа хийгдээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд ёсчлогдож хуулийн хүчинтэй болоогүй байгаа тул хууль санаачлагчид буюу Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ажлын хэсгийн саналыг дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулиудыг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Нэгдсэн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан.

 

Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.

 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой аж. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байгаа аж.

 

Иймд дээр дурдсанчлан, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа тул хууль дагаж мөрдөх хугацааг хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хуулийн төслийг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих