Улсын цэцэрлэгийн элсэлт дуусч, хувийн цэцэрлэг моодонд оров
-Засвар нь дуусаагүй улсын цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахгүй-
Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл энэ сарын 22-ноос 26-ны хооронд явагдаж, олонх нь элсэлтээ жигдэлж, эцэг, эхчүүдийн санааг амраагаад байна. Гэсэн ч цэцэрлэгийн бүртгэл тойрсон хэл ам намжсангүй.
Тэр дундаа хувийн цэцэрлэгийн төлбөрийг асуусан эцэг, эх олон байна. Тиймээс энэ удаа бид улсын цэцэрлэгүүдийн элсэлт жигдэрсэн эсэх, хувийн цэцэрлэгүүдийн төлбөр ямар байгаа талаар зарим мэдээллийг өгөхөөр бэлтгэв.
НАЙМАН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙХ БОЛОМЖГҮЙ
Өнгөрсөн жил нийслэлд төрийн өмчийн 204 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулсан. Харин энэ хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн орны тоо 3990-ээр нэмэгдэж байгаа гэх таатай мэдээлэл бий. Гэсэн ч энэ мэдээлэл эцэг, эхчүүдийг тайвшруулсангүй. Цэцэрлэг хүрэлцэхгүй гэх асуудал хэл ам таталсан хэвээрээ хичээлийн шинэ жилтэй золгож байна. Учир нь, зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болоод байна. Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийх юм байна.
УЛСЫН ЦЭЦЭРЛЭГҮҮД “ТАСАЛБАР”-ААР АСУУДЛАА ШИЙДЭВ
Нийслэлийн аль ч дүүргийн цэцэрлэг дээр очиход өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн “Азын сугалаа” буюу “Элсэлтийн тасалбар”-аар шинээр элсэх хүүхдүүдээ сонгон шалгаруулж авчээ. Айл бүрт “азтай”, “азгүй” хоёр настнуудын тухай яриа дэлгэрч, аав, ээжүүдийн олонх нь “Азын сугалаа”-тай эвлэрчээ. Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг бол Баянзүрх. Тус дүүргийн иргэд өнгөрсөн жил цэцэрлэгт элсэх хүүхдүүдийг элсэлтийн тасалбараар зохион байгуулахыг эсэргүүцэн жагсаж байсан. Харин энэ жил олонх нь энэ аргыг шударга болдог хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
“Мэдээж, хэд хоногийн өмнөөс хонон, өнжин дугаарлаж байсан иргэд цөөнгүй бий. Гэсэн ч дараалалд хамрагдаж чадаагүй, хөдөө орон нутаг руу явсан гэх мэт олон шалтгаантай хүмүүс бий. Учир нь энэ албан ёсны бүртгэл биш. Иймээс бид “элсэлтийн тасалбар”-аар хүүхдүүдээ сонгохоор болсон. Энэ нь ямар ч дараалал үүсгэх шаардлагагүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтэй бүх иргэд бичиг, баримттайгаа ирж, хүүхдээ бүртгүүлээд “элсэлтийн тасалбар” буюу сугалаанд хамрагдах боломжтой, илүү шударга шийдэх хувилбар байсан” гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч нар хэлэв.
БАЯЧУУДЫН ХҮҮХЭД 4.5 САЯАР ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ СУРНА
Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 230 мянган хүүхэд байгаагаас 80 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа бий. Ялангуяа нийслэлийн захын дүүргүүдийн гэр хороололд цэцэрлэгийн асуудал маш хурцаар тавигддаг. Цэцэрлэг барих дэд бүтэц муу гэсэн шалтгаанаар улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломж ч хомсхон байдаг. Иймд бид хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийг сонирхсон юм. Бидний явуулсан судалгаагаар бэлтэй айлын хүүхэд 4.5 сая, борчуудын хүүхэд 120 мянгаар цэцэрлэгт хамрагдах боломжтой байна.
Улсын цэцэрлэгт хонон өнжин дугаарласан ч хүүхдээ оруулж чадаагүй, хоосон хоцорсон эцэг эхчүүдийн ихэнх нь хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг ажээ. Нөгөөтэйгүүр, улсын цэцэрлэгийн нэг ангид 40-50 хүүхэд шахцалдаж, амьсгалах агаар, тоглох орон зай хомсхон байдаг. Үүнээс болж, хүүхэд байнга өвдөх, ханиад шуухнаа тусах, дархлаа султай хүүхэд бүтэн жилийн турш эмнэлэг хэсэх тохиолдол байдаг. Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх нь ядаж, хүүхэд хүмүүжихэд тав тухтай байдаг гэж үздэг эцэг, эхчүүд төлбөр харгалзахгүйгээр хүүхдээ өгдөг ажээ. Энэ жилийн хувьд хувийн цэцэрлэгийн төлбөр сарын 120 мянган төгрөгөөс эхэлж байна. Харин хотын төвийн, барилга байшин нь тохьтой, багагүй хөрөнгөөр боссон хувийн цэцэрлэгүүд 480-700 мянган төгрөг хүрчээ.
ГЭР ХОРООЛЛЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ТӨЛБӨР ХЯМД БАЙНА
Хотын төвийн хэд хэдэн цэцэрлэгээр орж үзлээ. Төлбөрийн хувьд 250-350 мянгын хооронд хэлбэлзэж байна. Хувийн цэцэрлэгүүд ихэнхдээ хоёр мэргэжлийн багш, хоёр туслах багштай үйл ажиллагаа явуулдаг. Хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж байгаа эцэг, эхчүүд хоолны цэсийг нь нэлээд сонирхдог. Гэр хорооллын цэцэрлэгүүд сарын төлбөр дунджаар 100-180 мянган төгрөг. Хотын төвийн цэцэрлэгүүдийн төлбөр 220 мянгаас эхэлж байна.
Харин томчуудын хүүхэд суралцдаг гэдэг тоотой хэдэн цэцэрлэгийн төлбөр 7-9 сая төгрөг. Хувийн цэцэрлэгүүдэд та хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийнхээ эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эрүүл мэндийн дэвтэр болон хоёр хувь цээж зураг, сарын төлбөрийн мөнгөтэйгөө очиход хангалттай юм байна.
Б.Энхтуул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
замийн цагдаагийн урд талийн нархан хотхоний гомо мөнхөө чи байрнийхаа банди нарыг оролдохоо боль