АН-ын лидерүүдийн толгой дээр “хар үүл” хурав уу?
Ээлжит бус чуулганы эхний өдөр эрх баригч МАН-ын хийх гэж буй “ажиллагаа” ил боллоо гэдгийг ажиглагчид хэлж байна.
Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар уг нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр хийгээд энэ оны төсөвт тодотгол хийх талаар хэлэлцсэн юм.
Гэхдээ албан ёсны энэ асуудлаас илүүтэйгээр улс орны эдийн засгийг ингэтэл элгээр нь хэвтүүлсэн буруутныг олж тогтоохоор мэтгэлцсэн гэвэл зохино. Үг хэлсэн МАН-ын гишүүн бүр “…Буруутан нь АН, тэд хариуцлага үүрэх ёстой” гэцгээсэн. Энэ мэтээр ээлжлэн хэрүүлийн шинжтэй нэлээд үг шидэлцсэний эцэст УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэн үг цэг тавьсан. Тэрээр “…Эдийн засаг хүндрүүлсэн нөхдийг эвийлэхгүй шүү. Х.Тэмүүжин хүртэл “Аж ахуйн нэгжүүдийг дампууруулсныхаа хариуцлагыг АН үүрэх ёстой” гэж сонинд ярилцлага өгсөн байна. Зөв л ярьсан байна лээ. Өнгөрснийг битгий сөхөж ярь гэж АН-ынхан ярьж байна. Өнгөрснөөс, үнэнээс зугтаж болдоггүй юм. Ард түмэн санадаг юм шүү.Бодит үнэнийг нуугаад байвал байдал улам даамжирна. Эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн нь үнэн. Ам хаахгүй шүү. Үнэнээс зугатах тусам байдал хүндэрдэг юм” гэсэн юм. Энэ нь АН-тай хариуцлага тооцохоор МАН нэгэнт ажиллаад эхэлжээ гэдгийг олон нийтэд зарласантай адил явдал болсон хэрэг.
Төрийн ордон, улс төрийн хүрээнд яригдаж байгаагаар МАН-ынхан АН-тай хариуцлага тооцох нь нэгэнт тодорхой болсон. АН-ын лидерүүд болох З.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Н.Золжаргал, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хүмүүсийг “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банк, төмөр зам, томоохон тендерүүд, халамж, даатгалын мөнгө, их хэмжээний мөнгө хэвлүүлсэн зэрэг асуудлаар хэрэг үүсгэн, улмаар хариуцлага үүрүүлнэ гэж байна. МАН-ын хувьд ингэж тооцоо бодох шалтгаан бий гэж үзэж буй ажээ. Учир нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын “шошго” бүхий олон хүн шоронгийн хаалга татсан. Тэгэхээр АН л энэ “дайн”-ыг эхлүүлсэн болж таарч байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Ж.Баянмөнх, Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат нар шүүхээс ял шийтгүүлж байв. Мөн Хөвсгөлийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, Дорнодын Засаг дарга асан Ц.Жанлав, Говь-Алтайн Засаг дарга асан Ш.Амгаланбаяр, Булганы Засаг дарга асан М.Оюунбат, өдгөө УИХ-ын гишүүн болоод байгаа Өвөрхангайн Засаг дарга асан Д.Тогтохсүрэн, Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэг нар ч АТГ болон ЭЦГ-аар шалгуулаад амжсан байдаг. Мөн Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан харамсалтай хэрэг ч гарч байлаа. Түүнчлэн МАН-ын засаглалын үед бизнес нь сэргэсэн гэх олон бизнесмэнийг барьж хорьсон байдаг. Энэ утгаар нь харвал улс төрийн өшөө авалт явагдах нь гэж болно. Өөрөөр хэлбэл, АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн толгой дээр “хар үүл” хэдийнэ хуралдаад эхэлжээ гэхэд болохоор болжээ. Цааш хэрхэн үргэлжлэхийг цаг хугацаа харуулах буй за.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.БАЯР
URL: