Г.Мандахнаран: Манайхан дэмжвэл Арбитрын шүүхэд хандана

80870_153737“Рио-2016” олимпийн үеэр чөлөөт бөхийн эрэггэйчүүдийн 65 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнарангийн Узбекстаны бөх Ихтиёр Наврузовтой хийсэн барилдаан монголчуудыг баярлуулан гомдоосон. Уг барилдаанд 7:6 оноогоор манай бөх ялж явсан ч сүүлчийн зургаан секундэд түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж шүүгчид Наврузовд ялалтыг өгсөн билээ. Үүнээс болж Монголын дасгалжуулагчид дэвжээн дээр хувцасаа тайлж шидэн эсэргүүцэл үзүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Энэ барилдаанд харамссан монголчууд өчигдөр түүний авч чадаагүй хүрэл медалийг алт болгон эзэнд нь гардууллаа. Маргаан дагуулсан уг барилдааны дараа Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо Г.Мандахнаранд алтан медаль хийж бэлэглэх хандивын аян өрнүүлсэн. Аяны хүрээнд 20 сая 417 мянган төгрөг цугларчээ. Цугларсан мөнгийг алтан медалийн хамт Г.Мандахнаранд өчигдөр гардуулав. Энэ үеэр түүний сэтгэгдлийг сонсоход “Монголын ард түмний сэтгэл шингэсэн энэ медалийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэ үйл ажиллагааг эхлүүлсэн Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоондоо баярлалаа. Энэ барилдаанд хэн ялсньн бүгд мэдэж байгаа. Би 18 жил энэ спортоор хичээллэж байна. Цаг дууссаны дараа торгох дүрэм байдаггүй. Барилдаан дуусах үед би өөрийгөө ялсан гэж бодоод баярлаж байсан. Үүнийг шүүгчид буруугаар бодож ялалтыг эсрэг талд өгсөн. Үүнд сэтгэл дундуур байгаа ч ард түмнийхээ энэ их дэмжлэгт маш их баярлаж байна. Энэ луйвардуулсан медалиа буцааж авахад Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Олимпийн хороо болон ард түмэн дэмжвэл спортын Арбитрын шүүхэд хандана” гэв.

Медаль гардуулах үеэр “Хос гангийн оргил” ХХК-аас түүнд таван сая төгрөгийн үнэ бүхий “mizuno” брэндийн хувцас, хэрэглэл авах эрхийн бичиг гардуулав. Тус аянд нийт 19 хүн хандив өргөжээ. Хандив өргөсөн хүмүүсийн төлөөлөл Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуягийн сэтгэгдлийг сонсоход “Г.Мандахнаран олимпийн дэвжээн дээр сайн барилдсан. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Гэвч шүүгчдийн гаргасан шийдвэр шударга байж чадаагүй. Хайрладаг, хүндэлдэг тамирчныхаа амжилтыг үнэлдэг олон орны жишиг бий. Шүүгчдийн буруу шүүлтээс болж медаль авч чадаагүй эсвэл медалийн өнгө нь солигдсон тамирчдынхаа медалийг нь орлуулж олгодог, тэр шагналыг нь буцаан олгохын төлөө ард түмэн нь тэмцдэг. Үүний жишгээр бид Г.Мандахнаранд алтан медаль гардууллаа. Үүнээс Г.Мандахнаран урам авч, цаашид илүү амжилттай барилдана гэдэгт найдаж байна” гэлээ.

 

Р.РЕНЧИНДУЛАМ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих