Бүх машиныг шалгаж байна
Замын цагдаагийн газар нь Авто тээврийн үндэсний төвтэй хамтран авто тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах хамтарсан хяналт шалгалтыг эхлүүлжээ. Уг шалгалтын явцад улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн улсын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж зөрчлийг арилгуулж хариуцлага тооцож ажиллах ажээ.
Шалгалтаар дараах стандарт, шаардлагыг шалгаж, зөрчлийг арилгуулна. Үүнд:
- Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлд заасны дагуу автотээврийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал
- Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглосон гэмтэлтэй эсэхэд хяналт тавих
- Ачаа тээвэрлэх журмын хэрэгжилт, үүнд автомашины бүтээлэг, зуурмаг тээвэрлэгч автомашины тосгуурыг шалгах
- Авто тээврийн хэрэгслийн бүх жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээг заасан хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавих,
- Тээврийн хэрэгслүүдийн гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж илт муудсан, салхины шил хагарсан, улсын дугаар бүдгэрч арилсан зэрэг зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулах,
- Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын, Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэл
- Авто тээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлагад заасны дагуу гэрэл ойлгогч наалт наасан байдал зэргийг шалгаж, зөрчлийг арилгуулах юм байна.
Арга хэмжээнд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын цагдаагийн алба, аймгуудын Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн үндэсний төвийн Техник хяналт, мэдээлэл, технологийн хэлтэс, Аймаг, нийслэлийн Автотээврийн үндэсний төвийн салбар, алба хаагчид ажиллах ажээ.
Тус шалгалт ирэх сарын 30 хүртэл үргэлжлэх юм байна.
Г.Тэгшсүрэн
URL: