Financial Times: ОУВС-аас тусламж гуйх нь цаг хугацааны л асуудал

5c5b823fc33c14877da974f6e68f70b9_1200

Их Британийн “Финансиал таймс” сонины сэтгүүлч Люси Хорнбайны бичсэн Монголын эдийн засгийн нөхцөл байдлын талаархи нийтлэлийг энэ удаагийн дугаартаа онцолж байна. 
…Монголын шинэ Засгийн газар санхүүгийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 20 хувьд хүрснийг зарласан билээ. Валютын ханш нь ч тасралтгүй унасны улмаас санхүүгийн хямралд хүрээд байна.  Парламентын бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Монгол Ардын нам санхүүгийн эл хямралыг гэтлэхийн тулд төсвийн зардлаа танах төлөвлөгөөг гаргасан. Гэсэн ч Монголын санхүүгийн зах зээл дэх орлого нь таван их наяд 340 тэрбум, харин зарлага нь есөн их наяд 700 тэрбум төгрөг байгаа юм.
Ингэхээр төсвийн алдагдал нь хуульд заасан ДНБ-ий дөрвөн хувийг аль хэдийнэ давж, 18 хувь болсон үзүүлэлттэй байна.  Гурван сая хүн амтай, ДНБ-ий хэмжээ 12 тэрбум ам.доллар Монгол Улс уул уурхай томоохон орон зайг эзлэх бөгөөд гол экспортлогч орон нь Хятад.  Уул уурхайн орлого нь нэмэгдэж, Олон улсын валютын сангаас зээл авах урьдчилгаанд хүрч байгаа ч, сүүлийн үед зэс, нүүрсний үнэ унасны улмаас Монголын эдийн засаг том цохилт амсаад байгаа юм. Ирэх жилийн гуравдугаар сард Засгийн газрын үнэт цаасны байгууллагууд Монголын Хөгжлийн банкнаас гаргасан бондын 580 сая ам.долларыг буцаан төлнө. Мөн өнгөрсөн хоёр жилд Хятадын төв банкнаас своп хэлцлийн хүрээнд зээлсэн  1.7-1.8 тэрбум ам.доллароо төлөх ёстой.
Тэгвэл танах зарчим баримталж буй МАН төсвийн тодотголд төрийн албаны орон тоог бууруулах, татвар нэмэх, тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх гэх мэт  заалтыг тусгасан байна. Түүнчлэн, уул уурхайн оргил үед төсөвт суулгасан оюутны тэтгэлгээс гадна нийгэмд томоохон байр суурь эзлэх хүүхдийн мөнгө зэрэг халамжуудаа ч хасах тухай дурьджээ.
Азийн хөгжлийн банкны эдийн засагч Ёоланда Фернандес “Санхүүгийн хүнд дарамттай тулгарна гэдгийг тооцоолж байсан ч, ийм хэмжээнд оччихсон байна гэж төсөөлж ч байсангүй” гэж хэлсэн байдаг. Түүний үзэж буйгаар Монголын Засгийн газар цаашдаа хүндхэн хоёр жилтэй нүүр тулах гэнэ.  МАН-ын хувьд одоогоор Олон улсын байгууллагаас албан ёсоор тусламж хүсээгүй байгаа. Гэхдээ ажиглагчдын үзэж буйгаар төсвийн тодотгол батлагдаж, энэ оны Засгийн газрын төлөвлөгөөг баталчихвал Олон улсын Валютын сангаас тусламж авах нь цаг хугацааны л асуудал болж хувирах аж. Энэ сард Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд зочилсон. Монгол 2009 онд зээлсэн 232 сая ам.доллароо эргүүлэн төлсөн нь экспортын бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой байжээ.
Нийслэл Улаанбаатар хотын зах хэсэг дэх гэр хороололд цайны газар ажиллуулдаг Эрдэнэбаярын хэлж буйгаар Засгийн газрын олон нийтэд зарласан санхүүгийн хямрал жирийн иргэдийн хувьд  гайхаад байх зүйл биш гэнэ.  Түүний цайны газрын орлого, үйлчлүүлэгчдийн амьдралыг харахад л хар аяндаа улсын нөхцөл байдал ойлгогдох аж.
 Цайны газраар үйлчлүүлэх үйлчлүүлэгчид ч хүүхдийн мөнгөны асуудал, банкны зээлийн хүүний талаар ам уралдан ярьцгаах юм билээ. Төв банкнаас валютын ханшийн уналтыг тогтоон барихын тулд бодлогын хүүгээ 15 хувь болгосон нь тэдний ярианы сэдэв болж буй нь энэ. Тэдний дунд суух арав гаруй насны таван хүүхэдтэй Нэргүй гэх өрх толгойлсон эмэгтэй  худалдааны төвд цэвэрлэгч хийдэг бөгөөд ажлынхаа цагийг уртасгаж, хүүхдүүдээрээ ч гэсэн ажил хийлгэхээр төлөвлөж байгаа гэнэ. “Хүүхдийн мөнгө бидэнд их нэмэр болж байсан. Зөвхөн хүүхдийнхээ тэтгэмжээр амьдарч байгаа гэр бүлүүд ч олон байгаа” гэж тэр эмэгтэй бидэнд ярьсан юм. Эцэст нь тэмдэглэхэд, Монголын нэг өрхийн дундаж орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 10 орчим хувиар багасч, ажилгүйдэл ч  нэмэгдсээр байна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих