МОНГОЛЫН ДАЛАЙЧИД ИХ ДАЛАЙД ГАРНА
Монгол Улсын Далайн захиргаа, БНСУ-ын “Далайн тээвэр, загас ан агнуурын институт”-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 оны 03 дугаар сард тус сургуульд нийт 10 оюутанг хөлөг онгоцны хөдөлгүүрийн инженер болон удирдлага жолоодлогын чиглэлээр элсүүлэн сургасан байдаг.Эдгээр оюутнуудаас дөрөв нь амжилттай суралцаж төгссөн бөгөөд их далайд гарч эзэмшсэн мэргэжлээр дагнан ажиллахаар сэтгэл шулуудсан Монголын анхны далайчин бол Энхжаргалын Энхбаяр юм. Э.Энхбаяр нь тус сургуульд хөдөлгүүрийн инженерийн чиглэлээр сурж төгссөн.
2015-2016 онд Далайн захиргаанд Далайн тээвэр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад энэ оны 09 дүгээр сарын 02-ноос эхлэн хөдөлгүүрийн 3 дугаар зэргийн инженерээр БНСУ-ын эзэмшлийн “Jupiter Ace” хөлөг онгоц дээр 9 сарын хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад байгаа аж.Мөн тус сургуульд суралцаж буй манай хоёр оюутан болох Б.Далайбаяр, Х.Баярбат нар “Jupiter Ace” хөлөг онгоцон дээр дадлагажихаар Э.Энхбаярын хамт их далайд гарахаар болжээ.
“Jupiter Ace” онгоц нь одоогийн байдлаар Өмнөд Африкаас хөдлөн Бразил Улс руу тээвэрлэлт хийхээр явж байгаа бөгөөд Монгол далайчид маань 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 19 цаг 30 минутаас Чингис хаан Олон Улсын нисэх буудлаас Бразил Улсын Сантос боомтыг зорих гэж байна.2017 оны 3 дугаар сард тус сургуульд Монгол Улсаас дөрвөн оюутан шинээр элсэн суралцах болсон бөгөөд анхны далайчин албан ёсоор хөлөг онгоцон дээр ажилласнаар цаашид Монголын далайчдын их далайд гарч ажиллах гарц нээгдэж байна.
Монголын анхны далайчингаа их далайд гаргаж өгөх албан ёсны үдэлтийн арга хэмжээ 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 19 цагт “Чингис хаан” ОУ-ын нисэх онгоцны буудлын VIP зааланд болох аж.
URL: