Эрх баригчид аа, ард түмэн хэдийнэ хэмнэлтийн горимд шилжсэн, авлигачдаас мөнгөө буцааж ав
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг харахад иргэд ирэх дөрвөн жилд бүсээ чангалж, их л хэцүүхэн амьдрах нь тодорхой байна. Аз таарч 2018 онд эдийн засгийг сэргээж чадвал 2020 оны сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгөнөөс эхлээд хассан, танасан зарим тэтгэмжийг нь нөхөөд олгочихно гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Харин тэр болтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй гэнэ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы хуралдааны үеэр “Ард түмнийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт тансаг хэрэглээтэй яваад өнөөдрийг хүргэжээ. 1990 оны хүндрэлийг бид даваад л гарсан. Түүн шиг хүндрэлийг давах хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.
Учир нь бодит байдалд ард түмэн хэдийнэ хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсаар байгаа юм. Үүнийг өнгөрсөн жилүүдийн турш “Иргэд талх таллаж авч байна” гэж гоншигоносон МАН-ынхан мэдэхгүй л байв гэж үү. Сөрөг хүчин байхдаа өмнөө барьж шоудсан ард түмнээ хэрхэн амьдарч байгааг эрх баригч болохоороо мэдэхээ больчихдог юм гэнэ. Ерөнхий сайдын оруулж ирсэн төсвийн тодотголоор бол Монголын нийт хүүхдийн 40 хувийг хасч, 60 хувьд нь 20.000 төгрөг өгөхөөр байгаа. Мөн гадаадад суралцах оюутнуудад тэтгэлэг олгохыг зогсоож, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг багасгаж буй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсадын цалин, оюутнуудын автобусны хөнгөлөлт, хүүхэд харах үйлчилгээний мөнгө зэргийг хүртэл зогсоохоор болсноос гадна төрийн албан хаагчийн тоог 20 мянгаар цомхотгож, 1977 төрийн албан хаагчийн цалинг хасахаар байна.
Тэртэй тэргүй хугацаандаа буухаа больсон цалинг хасвал өнөөдөр ямар үр дүнд хүрэх вэ. Цалингаас цалингийн хоород өр тавьсаар авдаг хэд нь ганц хоногт дуусч байгаа шүү дээ. Түүнчлэн хувийн хэвшлээ дэмжинэ гэж амлачихаад татвараар дарамтлахаара шийдчихэж. Тодруулбал, найман төрлийн татварын нэмэгдэл өнөөдөр шүүмжлэл дагуулж байна. Тэр дундаа бидний цалингаасаа суутгуулдаг хүн, амын орлогын албан татвар нэмэгдэхээс гадна хадгаламжийн хүүнд татвар бодож эхлэх гэнэ. Мөн 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг өмнө нь байсан хэмжээнд буюу 5 хувьд хүргэх нь. 150 м.кв дээш орон сууцны татвар мөн нэмэгдэх юм байна. Мөн аж, ахуй нэгжийн орлогын албан татварт ч өөрчлөлт орохоор байгаа юм. Татвар нэмэх нь төсвийн алдагдлыг иргэдийн халааснаас нөхөж буйгаас ялгаа байхгүй.
Үндсэндээ байраа жижигрүүлж, компаниа багасгаж, машин унахаа больж, цалингаа хасуулж амьдрах юм гэнэ, ард түмэн. Тэгвэл нэгэнт хямарсан иргэдээ бүсээ чангал гэснээс хэдэн арван тэрбумаар идэж уусан авлигачдаас мөнгөө буцааж авч яагаад болохгүй гэж. Мөнөөх хүргэн Г.Дэнзэн, Төмөр замын хэрэг гээд л жигтэйхэн их мөнгөний тоотой дуулиант хэргүүд яагаад сураг алдрав. Энэ нөхдөд хариуцлага тооцож, улсаас идэж уусан мөнгийг нь гаргуулж, унаж буй эдийн засагтаа амь тариа залгуулмаар байна. Түүнээс ард түмнээс одоо шавхаад, шахаад юу гарахгүй. Үүнээс илүү бүсээ чангална гэвэл өлсгөлөнд нэрвэгдэхээс өөр арга алга, эрх баригчид аа!!!
Эх сурвалж http://www.info.mn
URL: