“Монгол Хятадын нэг хязгаар нутаг болно” гэсэн бооцоог өнөөдөр ч тавьж болно

14095846_1768439800101989_5778450031519141041_nМосквагийн сэтгүүлч, иргэний дайны түүхийг судлаач, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах байгууллагын тэргүүн Сергей Балмасов энэхүү нийтлэлийг Правда сонинд бичжээ. Тэрээр “далайд гарцгүй Монгол хоёр хөрш Хятад болон Оросоос урьд өмнөхөөсөө илүү их хамааралтай болж байгаад Америк болон Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна” хэмээгээд бидний тухай ийн өгүүлжээ.

Монголчууд төмөр зам барих зөвшөөрөл олгосноор Хятадын эдийн засгаас хамаарлаа сулруулна гэж найдаж байна. Гэтэл Монголын экспортын 70 орчим хувь нь Хятадад ногдож байгаа юм. Энэ чиглэлд хятадууд оросуудаас давуу байдалтай байгаа нь эргэлзээгүй. Бид Алс Дорнодын нутгаа эзгүй зэлүүд орхисон байхад Хятадууд Монголтой хил залгаа нутгуудад хот суурин, дэд бүтэц барьж байна.

Монголын төмөр замын хувьцааны 50%-ийг Орос эзэмшдэг. Гэхдээ энэ нь Хятадууд биднийг Монголоос шахахгүй гэсэн баталгаа биш. Дээрх нөхцөл байдлууд геополитикын чухал обьект Монголд анхаарлаа хандуулахыг биднээс шаардаж байна. Монгол газар зүйн байрлалаасаа шалтгаалан удаан хугацаанд Хятад болон Оросоос хамааралтай байж ирсэн. Одоо ч гэсэн энэ хамаарал чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголчууд олборлосон түүхий эдээ гадагш гаргахын тулд Москва болон Бээжингээс зөвшөөрөл авах хэрэгтэй болно.

Европын хагастай тэнцэх хэмжээний энэ том орон дөнгөж 2,7 сая хүнтэй. Өөрөөр хэлбэл нэг монголд 520 хятад хүн ногдоно. Нэг сайхан өдөр Хятадын луу Монголыг залгина гэж Улаанбаатарт айцгааж байна. Энэ нь үндэслэлгүй айдас биш юм. Бээжин Оросын нутаг руу илүүдэл ажиллах хүчээ экспортлож байсан тактикаа өнөөдөр Монголын хувьд хэрэглэж байна. Жилээс жилд Монголын эдийн засаг Хятадын эдийн засагтай холбогдож байна. Саяхныг хүртэл Монголын том үйлдвэрүүд Оросын хяналтанд байгаа гэж тооцож байсан бол жижиг болон дунд бизнесийг бараг бүхлээр нь хятадууд хянаж байна. Хятадууд том бизнесийг ч гартаа авч эхэллээ. Монгол ёс төдий тусгаар улс байж 1991 он хүртэл Москвагийн зааврыг биелүүлж үнэнч холбоотон нь байсан. Энэ үеийг монголчууд өөр өөрөөр үзэж дүгнэдэг. Нэг талаас “улааны хүчирхийлэгчдийг” хараан зүхдэгч нөгөө талаас Хятадын “уусгах бодлогоос” аварсанд талархдаг.

ЗХУ задран унасны дараа Монгол дахь Хятадын нөлөө огцом өссөн. 1990-ээд онуудад Хятадын капитал мянга мянган цагаачдын хамт Монголд орж ирсэн. Одоо Монголчууд Хятадын Өвөр Монголыг өөртөө уусгасан бодлогоос айж Оросоос зууралдаж байна.

Тэд (монголчууд) хоёр аваргын дунд тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байна. Эрдэс болон эрчим хүчний түүхий эд олборлох гэрээг мөн төмөр замыг шинэчлэх зөвшилцөлийг олон оронтой хийж байна. Зөвхөн Оростой хийсэн юм биш шүү. Монголын баялагаас шалтгаалан олон орны дунд өрсөлдөөн үүсээд байгаа юм.

Удаан хугацаанд Монголыг үзэсгэлэнт байгалиас өөр зүйлгүй хөдөө аж ахуйн ядуу орон гэж үзэж байсан. Гэтэл геологчид монголоос вольфрам, цайр, зэс, молибден, тугалга, алт, нефть, хийн том ордуудыг илрүүлсэн. Хамгийн гол зүйл нь Монгол ураны асар их 1,3 сая тонны нөөцтэй юм.

Энэ бүх түүхий эд Оросын сонирхолыг маш ихээр татаж байна. Эрчимтэй хөгжиж байгаа Хятад бүр илүү сонирхож байгаа юм. Түүнээс гадна өндөр хурдтай хөгжиж байгаа ган хайлуулах үйлдвэрлэлийн коксжих нүүрсний хэрэгцээг Бээжин Монголын нүүрсээр хангахаар зорьж байна.

Монгол “өнгөрсөн алдаа”-гаа давтахгүйн тулд Хятад болон Оросын хамаарлын дунд маневрлаж байгаа нь асуудлыг хүндрүүлж байгаа юм. Тэрээр барууны орнууд болон Японд ч гараа сунгаж байна. Өөрийн зүгээс барууны орнууд ураны гол нөөцийг эзэмшигчийн стратегийн ач холбогдлыг ойлгож, үлдсэн гүрнүүдийн зөрчил дээр тоглохыг оролдож байгаа ажээ.
Монголд явуулсан социологийн асуулгын дүнгээр Монголын хамгийн сайн хамтрагчаар Орос тооцогдож байгаа юм. /юу л бол/ Маш их зайтай (2 дахин бага саналаар) АНУ явж байна. Хятад Японы дараа 4-р байрыг эзэлжээ.

Гэвч Хятад өөрийн төмөр атгалтаа аажим чангаруулсаар бараг яллаа. Ялсан шалтгаан нь Монголчуудын өөрсдийн нь үйлдэл, Засгийн газрын шунал юм. Гадаадын түүний дотор Оросын компаниуд тэдний ашиг сонирхол төдийгүй оруулсан хөрөнгө хамгаалалтгүй байгаад гомдоллож байна. Монголчууд нэгнээс нь мөнгө авчихаад цөөн биш удаа орд газраа нөгөөд нь дамжуулсан байдаг. Тийм болохоор тэнд үйл ажиллагаа явуулах бүгдэд хүндрэлтэй.

Монголчууд Хятадын хувьд дээрх үйлдлийг хийж чадахгүй. Монголчууд Тэнгэрийн доорх гүрний даяарчлалын сонирхлыг хохироохыг хүсэхгүй байна. Өнөөдөр Монгол дахь Хятадын байр суурь бүхнээс илүү бат бөх байгаа юм. Хятадууд өнгөт металл, нефтийн олборлолт төдийгүй авто замыг ч хяналтандаа авчээ. Нөгөө талаас Монгол Хятадаас хөнгөлөлттэй зээл их хэмжээгээр авч байгаа нь Монголыг Хятадаас улам их хамааралтай болгож байна. Монголын хувийн ХАА-н банкны ерөнхий захирал америк Ж.Питер Морроу “Хятадууд бүх фронтоор довтолж байна: энд тэдний зам, тэнд гүүр, бүүр тэнд уурхай…нүдэн дээр Монгол Хятадын хувьд Канад Америкийн түүхий эдийн бааз байсан шиг болж хувирч байна” гэж гэрчилж байна.

Өнөөдөр Монголд Хятадын 1100 компани үйл ажиллагаа явуулж байхад харин Оросын компани илүү цөөхөн байгаа юм. Нийтийн хоол бараг бүхлээрээ Хятадын гарт. Нэхмэлийн аж үйлдвэрийн хагас нь үүний хамт ноолуурын үйлдвэрлэл бүтнээрээ тэдний гарт. Арьс ширний үйлдвэрлэлд бас Хятадууд давамгайлж байгаа юм.

Байгалийн нөөцийг ашиглах Монголын төрийн агентлагын дарга Д.Жаргалсайхан “бурхны заяасан өдөр бүр энд (Монголд) Хятадын шинэ компани нээгдэж байна” гэж хэлж байна. Хятадууд геологи хайгуулын салбарт хяналтаа нэмэгдүүлсээр байгаа ажээ.

Д. Жаргалсайхан “Хятадын зах зээл хар нүх адил зэс, төмөр, цайр гээд бүгдийг залгиж байгаа юм” гэж яриад Монгол орон Хятадын чиг баримжаатай болж байгааг ч нуухгүй байна. Үүний баталгаа нь сүүлийн жилүүдэд Монголд хятад хэлний гүнгийрүүлсэн сургалттай 30 гаруй сургууль нээгдсэн юм. Үүний ачаар орос хэл нүдэн дээр шахагдан гарч байна.
Бээжин өөрийн имиджээ сайжруулах арга замыг хайж, өөрийн соёлыг сурталчлан, Монголын нийслэлийг шинэчлэхэд хөрөнгө гаргаж байна. Үнэндээ Улаанбаатарын шинэ барилга байшин, бизнес төвүүдийг Хятадууд барьж байгаа юм.
Түүнээс гадна Хятад монголын олон зуун залуучуудыг сургахад хөрөнгө гаргаж, сэхээтнүүдийг аажмаар өөртөө татаж байна. Эдгээрийн ихэнх нь Монголын маргаашийн элитүүд. Тэгэхээр удалгүй Монголын Засаг төр Хятадын чиг баримжаатай болно гэсэн үг.

Орос Монголд байр сууриа алдсаны бас нэг баталгаа нь монголчууд хойшоо биш өмнө зүг явах болсон. Тэгээд ч оросууд визийн маш төвөгтэй системтэй.

“Монгол чухам хэзээ Хятадын бас нэг хязгаар нутаг болох” бооцоог өнөөдөр ч тавьж болохоор байна. Ийм болох эдийн засгийн нөхцөл бүрджээ. Улс төрийнхний ажил л үлдлээ. Гаднаас харахад Монгол тусгаар улс мэт боловч Монголчууд өөрсдөө мэдэлгүйгээр хятадын бишгүүрийн аяар бүжиглэх нь Бээжингийн санаанд тохирч байгаа юм.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/dm.bulgem/permalink/1099300670147286/


URL:

Нэр: 9. ДҮГЭЭР САРЫН 01 Огноо: 29 August 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих