Халдлага үйлдэгчийг баривчлав
Индонезийн Хойд Саматрад байрлах “St Yoseph” гэх католик сүмийн гадна 18 настай залуу террорист халдлага үйлджээ. Уг хэрэг өчигдөр 14.00 цагийн орчимд болсон байна. Залуу сүм рүү хэд хэдэн удаа гал нээсний дараа биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгөө дэлбэлэхийг санаархсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг халдлагын улмаас тус сүмийн лам болон нэг эмэгтэй шархтсан гэнэ. “Хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа” хэмээн Цагдаагийн газраас мэдээлжээ.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж террорист этгээдийг баривчилжээ. Залуу биедээ суурилуулсан тэсрэх бөмбөгөө дэлбэлэх гэсэн ч тэслэгч нь гацсан хэмээн гэрчүүд мэдээлсэн байна.
Цагдаагийн газраас “Сүмийн гадна амиа егүүтгэхээр санаархсан этгээд хэт даврагч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин болохыг тогтоосон. Тэрбээр өнгөрсөн оноос тус бүлэглэлтэй холбоо тогтоож, саяхан захиалга хүлээн авсан” гэж мэдээлсэн байна. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” өнгөрсөн нэгдүгээр сард Жакарта хотноо цуврал халдлага зохион байгуулж, дөрвөн хүний аминд хүрчээ.
Б.Дэлгэрцэцэг
URL: