Италид улс орон даяараа гашуудал зарлалаа

2Итали Улсын төв хэсэгт энэ сарын 24-ны өглөө 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрч нэмэгдээд байна. Тодруулбал, газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр орших Риети мужийн Аматриче хотод 221, Аккумоли хотод 11 болж, амиа алдагсдын тоо нэмэгджээ.

Мөн Асколи-Пичено мужийн Аркуата-дель-Тронто болон Пескара-дель-Торонто хотод 49 иргэн газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн байна. Үүний зэрэгцээ бэртэж гэмтсэн 387 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Газар хөдлөлийн ослын талаар Италийн Иргэний хамгааллын ерөнхий газрын мэдээлснээр барилгын нуранги доороос 238 хүнийг татаж гарган эмнэлэгт хүргэж, 2100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийг оршуулах ёслолтой давхцуулан өнөөдөр /2016.08.27/ Италийн Ерөнхий сайд Маттео Ренци улс орон даяараа гашуудал зарлаж, төрийн далбаагаа хагас бөхийлгөжээ.

Ренци болон Ерөнхийлөгч Сержо Маттарелла хохирогчдыг оршуулах ёслолд оролцож, дараа нь газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад очин нөхцөл байдалтай танилцах юм байна.

Eagle.mn, П.Мөнхжаргал

 


URL:

Сэтгэгдэл бичих