Хакерууд “SONY” компанид дахин халджээ
“Sony” компанийн салбар болох “Playstation Network” өнгөрсөн хаврын хакеруудын хүчтэй халдлагад өртсөнөөс хойш сэхээ авч амжаагүй байтал дахин кибер халдлагад өртжээ.
Энэ удаа хакерууд тус компанийн 93 мянга гаруй хэрэглэгчид, тэдний дотор “Playstation Network”-ийн хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлсан байж магадгүй байна. Энэ тухай тус компани өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ.
Сүүлийн үед “Sony” компанийн онлайн үйлчилгээний серверт хакерууд халдсаны улмаас 100 гаруй мянган хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан байж магадгүй гэнэ. Гэхдээ хакерууд хэрэглэгчдийн зээлийн картын дугаарын талаарх мэдээлэлд нэвтэрч чадаагүй гэж компанийн төлөөлөгчид мэдэгджээ.
Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш “Sony” компани хакеруудын халдлагад байнга өртсөөр байгаа юм. Үүнээс “Playstation Network” компани хамгийн олон удаа халдлагад өртсөн бөгөөд хамгийн дуулиан тарьсан хэрэг бол 100 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээлэл буюу нэр, төрсөн өдөр, шуудангийн хаяг, зээлийн картын талаарх мэдээлэл алдагдсан явдал юм. Халдлагын улмаас тус компанид олон зуун сая долларын хохирол учирсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: