Ээлжит бусаар шалтагласан отон тоглолт

9d19bf4d3d18d40dbigУИХ-ын даргын захирамжаар хуралдахаар болсон ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж маргаашнаас эхлэн хуулийн төслүүдээ авч хэлэлцэхээр болоод байна. Тэгвэл ээлжит бус чуулганаас гадна өнөөдөр ҮЗХ-ны хурлаа үргэлжлүүлэхээр тов зарласан АН олны анхааралд байна. Гэсэн хэдий ч АН-ын хэрэг эрхлэх газраас “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болсон тул наймдугаар сарын 25-нд хуралдах АН-ын ҮЗХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгааг мэдэгдье” гэсэн ядруухан шалтгаар хойшлуулав.

Арванхоёрдугаар сард хийнэ гээд байгаа Их хурлаараа намын даргаа тодруулж, нүүр тулаад байгаа асуудлуудаа шийдэхээс зайлсхийсэн фракцууд ойрхон ойрхон ҮЗХ-ны хуралдааны тов зарлаж гүйгээд буй. Энд намаа ялагдалд хүргэсэн шалтгааны гол авторууд болсон Шонхор, Алтан гадас зэрэг фракцуудын тэргүүлэгчид л тоглолт хийгээд байгааг эх сурвалжууд мэдээлж байна. ҮЗХ-ны хурлаа байн байн зарлаж, хойшлуулсаар нэг л өдөр хуралдуулж өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг муу аргад дээрх фракцууд гаршаад байгаа. Тиймээс ч энэ намын сүүлийн хоёр дарга болох Н.Алтанхуяг, З.Энхболд нар ҮЗХ-ноос тодорсон түүхтэй. Намын их хурлаар даргын албан тушаалд томилогдож байсан тохиолдол өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс хойш энэ намд дуусгавар болоод байгаа юм. Тэгвэл тэрхүү тасарсан түүхийг үргэлжлүүлж ойрын жилүүдэд огт хуралдаагүй Их хурлаараа намын даргаа томилох боломж дахин амь төдий үлдлээ.

Амь төдий гэдгийн учир нь арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд ҮЗХ-д олонхи гишүүдтэй фракцууд зүгээр суухгүй нь тодорхой. Ер нь өнөөдөр товлогдоод хойшлогдсон хурлаар ч асуудлыг шийдчихээр янз бүрийн оролдлого хийсэн жишээ байна. Намын экс генсек Л.Эрхэмбаяр л гэхэд ҮЗХ-ндоо баахан шинэ гишүүд элсүүлэхээр гэнэт гаргаж ирээд баахан эсэргүүцэлтэй тулгарч улмаар больсон байх юм. Л.Эрхэмбаярын хувьд Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны гишүүн байсан, Шонхор фракцийн босс, намын экс дарга З.Энхболдтой ойр, басхүү Ерөнхийлөгчийн хүн ч гэгдэн хэвлэлүүдээр бичигдэж ирсэн хүн. Тэгэхээр өнөөгийн нөхцөл байдалд Л.Эрхэмбаяр хэний талд гүйгээд байгаа нь хараахан ил биш ч гэсэн ямартай ч нам доторхи шинэчлэл, өөрчлөлтийг үл хүсэгчдийн эгнээг өргөтгөхөөр оролдож байгаа нь илт.

Одоогийн байдлаар АН-ын болон түүний ҮЗХ-ны гишүүд нь 2011 оноос хойш тасраад байгаа нам доторхи ротациа өрнүүлж, өөрчилж шинэчлэхээр эрмэлзэгсэд, намаа дараагийн сонгууль хүртэл гар дороо байлгаж дахин их улс төрд гарахаар санаархсан намын хуучин удирдлагууд болон ҮЗХ-д хүчтэй фракцууд, 2017 онд албанаасаа буугаад намдаа эргэн ирэх замаа засаж өөрийн хүнээр намын даргыг томилохоор хүчтэй тоглолт явуулж байгаа гэх Ерөнхийлөгчийн хүмүүс гэсэн гурван бүлэгт хуваагдчихаад байгаа нь нууц биш.

Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан албан үүргээ хүлээлгэн өгч, намынхаа дотоод асуудалд оролцох, намын даргын төлөө өрсөлдөхөө зарласан мэдэгдэл, шинэчлэл өөрчлөлт ярьсан хөдөлгөөнүүдээс (ард нь Ерөнхийлөгч байгаа гэгддэг) ҮЗХ-ны хурлыг нээлттэй, ил тод явуулах шаардлага тавьсан зэрэг ил, далд олон үйл явдлуудын нөлөөгөөр ҮЗХ-ны хурал хойшилж байгаа зэргээс энэ нь тодорхой харагдаж байгаа юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр нэгэнтээ УИХ-ын ээлжит бус чуулганаас болж хурлаа хойшлуулж байна гээд зарлачихсан тул чуулган өндөрлөсний дараа буюу есдүгээр сарын 15-наас хойш, сарын сүүлийн хагаст дахин зарлаж ҮЗХ-ны хаалттай хуралдаанаар асуудлаа шийдэх тохиролцоо Алтан гадас, Шонхор, МҮДН-ын дунд явагдаж байгаа гэнэ. Лав тэдний зүгээс Ерөнхийлөгчийн гэгдэх хүмүүс болон Их хурлаа хүлээсэн шинэчлэл хүсэгчдийг олонхийн давамгайллаар шахалтад оруулж тоглоомын намын дарга томилох бололтой гэнэ. Хөлбөмбөгөөр бол отон тоглолтоос дүрэм зөрчиж гоолдчих гэж л үзээд байна даа.

 

POLITIK

 


URL:

Сэтгэгдэл бичих