Н.Эрдэнэ: Яагаад бидэнд баяр хүргэхгүй байна вэ?

3312824a37dca9d85c8897f54e9f9fdcМонгол циркийн урлаг хөгжөөд 75 жил өнгөрчээ. Улсын маань нийслэлийн төв хэсэгт орших цэнхэр оройтой, бөмбөгөр циркт орж үзээгүй хүүхэд багачууд цөөхөн биз. Баргийн хүний хийх боломжгүй гайхалтай зүйлсийг үзүүлж, илбийн үзүүлбэр, уран нугаралт, акробат гээд хоромхон зуур гайхаш төрүүлэх хэр нь сэтгэлд гайхамшгийг мэдрүүлэх  циркийн урлаг гэдэг үнэхээр сайхан. Харин олон улсын уралдаан тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж, алт мөнгөн цомыг ар араас нь авчрах эдгээр уран бүтээлчдэд маань урмын сэтгэл дутаад байх шиг. 

“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-ийн тэргүүн Н.Эрдэнэтэй ярилцсанаа танд хүргэж байна.

Сүүлийн 6 сарын хугацаанд Монголын циркчид 4 алт, 1 цомыг эх орондоо авч ирсэн. Энэ амжилтын талаар яриагаа эхэлье? 

Өнгөрсөн 2015 оноос эхлээд л манай жүжигчид чамгүй амжилт гаргалаа. Жүжигчид маань олон улсын тэмцээн бүрээс тогтмол Алт, Мөнгө, Хүрэл цомыг эх орондоо авчирдаг. Ерөнхийдөө 2012 оноос өнөөдрийг хүртэл циркийн урлагийн акробат үсрэлтийн жүжигчид олон улсад өөрсдийн нэрийг тамгалсаар байгаа. БНХАУ-д зохиогддог олон улсын А зэрэглэлийн циркчдийн тэмцээнээс 2012 онд Монголын үндэсний циркийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ Мөнгөн цом авсан. Харин дараа нь 2013 онд Испани улсаас алт, Итали улсаас хүрэл, Францаас алт, 2015 онд БНХАУ-аас Мөнгөн цом авсан байна. Мөн Монголын үндэсний циркийн Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид 2016 онд Францын алтан цомыг авчирлаа. Н.Энхболд багштай Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид 2015 онд Оросын холбооны улсаас Мөнгөн цомавчирснаас гадна энэ жил Испаниас алт, Оросын холбооны улсын Ижевск хотод болсон тэмцээнээс алт, БНАСАУ Алтан цом тус тус хүртээд ирсэн. Мэдээж энэ хугацаанд дэлхийд Монгол брэнд болсон уран нугаралтын жүжигчид олон улсын тэмцээнээс шагналын хур буулгасаар байгаа бөгөөд энд би зөвхөн акробат үсрэлтийн жүжигчдийг онцолж хэлэхийг хүслээ л дээ.

Испани улсаас алтан цом авсан Монголын Үндэсний циркийн Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид

Бид ер нь циркийн хөгжил, уран бүтээлчдийнхээ  чансаагаар  дэлхийд  хэдэд эрэмбэлэгдэх вэ? 

Яг албан ёсоор эрэмбэлчихсэн тоо судалгаа бол байхгүй. Ер нь бол манай монголын циркчид уран нугаралт болон хүнд жингийн төрлөөр аль хэдийнэ дэлхийд танигдчихсан. Одоо ч гэсэн олон улсын тэмцээн уралдаанд эхний байруудыг эзлээд явж байна. 2012 оноос эхлээд манай шидэх банзнаас үсрэгчид акробат үсрэлтийн номероор Европ болон дэлхийн циркийн хэмжээнд маш тод томруунаар багтаж орж ирсэн. Б.Золбаяр ахлагчтай жүжигчид маань энэ номероороо хамгийн анхны алтан цомыг эх орондоо авчирсан. Номуунбаатар ахлагчтай баг маань ч гэсэн дөрөв таван цомыг авчирсан. Энэ номер маань гэхдээ хумигдах талдаа байна. Маш эрсдэлтэй. Дэлхийн түүхэнд ердөө гуравхан хүн агаарт зургаа эргэсэн байдаг. Тэд бол ОХУ-ын тамирчид. Гэхдээ социализмын үед шүү дээ. Өнөөдөр, яг одоо цаг үед бол 6 эргэж дэлхийд дөрөвдүгээрт бичигдсэн хүн бол Үндэсний циркийн жүжигчин Номуунбаатар гэж мундаг залуу бий.  Үүгээрээ бид циркийн уран бүтээлчдийнхээ чанар чансааг бас харуулж болно.

Франц улсаас алтан цом авсан Монголын Үндэсний циркийн Б.Золбаяр ахлагчтай жүжигчид

Олон мянган үзэгчидтэй барууны телевизийн шоуны гол тоглолтуудад  циркийн үзүүлбэрүүд багтдаг. Тэр дундаа Азиас Монголоос өөр улсууд цаашлаад европ хүмүүс ч уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг болсон.  Би  юу гэж асуух гээд байна гэхээр биднээс үүсэлтэй соёлын өв хэмээн уран нугаралтыг Монгол Улсын нэрэн дээр дансалмаар санагддаг? 

Энэ сард 420 уран нугараач уран нугаралтын гайхамшгийг геннисийн номд оруулах зорилготойгоор үзүүлэн тоглолт хийсэн. Магадгүй энэ ажлын эхлэл ч байх. Үнэндээ Монголоос өөр хаана ч ийм олон уран нугараач зөвхөн нэг дор цуглаад нугарч чадахгүй. Хятад, оросууд нугарч байна л гэдэг. Гэсэн ч манай нугараачид шиг нэг дор цуглах боломжгүй. Манайд бол 420-оос илүү ч уран нугараач ирэх байсан. Гадаадад тоглож байгаа жүжигчид нь хэд билээ, орон нутагт ажиллаж амьдарч байгаа нугараачид, мөн энэ тухай сонсоогүй  нугараачид ч байсан болов уу? Яах аргагүй Монголын үнэт өв болсон циркийн төрөл жанр яахын аргагүй мөн.

Улс эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж, таниулж буй циркчидээ Төрөөс хэрхэн анхаарч дэмждэг вэ? 

Ам нээвэл уушиг нээ гэдэг. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ буюу миний бие нийт 17 удаагийн олон улсын циркчдийн тэмцээнд Монгол Улсын циркийн жүжигчдийг оруулсан. Монголын үндэсний циркийн уран бүтээлчид ч тус тэмцээнүүдэд орсон. Өөр хамтлаг группийн уран бүтээлчид ч байна. Энэ ажлыг бол улс хийх ёстой. Тэр тусмаа соёл урлаг хариуцсан яамны хийдэг ажил. Гэтэл өнөөдөр яаманд цирк хариуцсан ямар ч хүн байдгийг бид мэдэхгүй.Энэ тэмцээн уралдаанд ямар жүжигчид ч яваад байгааг тэд мэдэхгүй байна. Мөн энэ номерыг хийхэд аппарат хэрэгсэл, шидэх банзнаас үсрэгчид гээд байна эндээс шиддэг тэр банзыг Монголд хийдэггүй. Хамгийн ойроос хятадруу бид 8-10 сая төгрөгөөр захиалж авчирсан. Жүжигчдийн хувцас, багш, дуу хөгжим гээд л нэг хамтлагийн тоглолт 20-30 сая төгрөгөөр босдог. Улс нэг ч төгрөг өгдөггүй. Өгөх ч үгүй биз. Энэ бүх ачааг номерын продюссер, ахлагч нар нуруун дээрээ даадаг.  Тэгээд олон улсын тэмцээнд ороход тэнд продюссерийн нэр ч гарахгүй, номерын ахлагчийн ч нэр гарахгүй. Зөвхөн Монгол Улсын нэр гардаг. Гадныхан Монголд улсын цирк байдаггүй гэж мэдэхгүй. Байдаг болоод л мундаг жүжигчид байгаа гэж үнэлдэг. Яг нарийндаа бол улсаас туслалцаа дэмжлэг үзүүлэх нь битгий хэл яаман дээр нэг ч хүн дуудаж уулзаагүй, нэг ч хүн ирж гар барьж баяр хүргээгүй. Харин Монголын үндэсний циркийн удирдлагууд болон их аварга асаширюү Д.Дагвадорж манай жүжигчдийг арав арван сая төгрөгөөр урамшуулсан. Гэхдээ мөнгө өгч байгаадаа гол нь биш юм шүү.  Үнэхээр залуу уран бүтээлчдэд урам зориг болж байгаа юм. Монгол Улсын нэрийг энэ хэдхэн хүүхдүүд нуруун дээрээ үүрэн гаргаж байна шүү дээ. Бид хэзээ ч мөнгө гуйгаагүй. Ингээч тэгээч гэж юу ч шаардаагүй. Яагаад бидэнд баяр хүргэхгүй байна вэ? Би энэ тал дээр маш сэтгэл дундуур явдаг.

Франц улсаас алтан цом авсан Монголын Үндэсний циркийн Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид

Ер нь нэг сайн уран бүтээлчийг бэлдэхэд хэр их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг вэ?

Циркийн сургууль төгсөөд мэргэжлээрээ гурван жил ажилласан мэргэжлийн уран бүтээлчийг цуглуулаад нэг номер гаргахад хагас жилээс нэг жил шаардагдана. Харин дөнгөж төгссөн бол дор хаяж хоёроос гурван жил болно. Ингэж л бид чанартай уран бүтээл гаргах гэж хичээж байна. Чанартай уран бүтээл хийх хүртэлх хэмжээнд жүжигчид маань бэлтгэгдэхгүйгээр бид цирк гэж яриад ч хэрэггүй. Ярих ч ёсгүй.

Манай уран бүтээлчдийн авьяас чадвар дэлхийд үнэлэгддэг ч Монголдоо тоглолт хийхгүй байна уу даа? Ихэнх нь гадаад орнуудын циркт ажиллаж амьдраад байх шиг. 

Санал нийлж байна. Харамсалтай нь тоглолт зохион байгуулахаар үзэгч маш бага. Гэсэн ч бид зөвхөн Монголынхоо циркийг гэлтгүй 2013 оноос эхлээд дэлхийн циркчдийг авчирж тоглуулж байгаа. Найман орны кабирал шоуг мөн зохион байгуулсан. Дэлхийн циркчдийг авчирч бид тэднээс үлгэрлэж байна. Дэлхийн циркийн хөгжил ямар байгааг үзэгчиддээ сонирхуулж байгаа. Манайхаас нарны циркэд хориод хүн ажиллаж байна. Ганцхан монголчууд ч биш циркчин хүний амьдрал бол нүүдэл суудалтай. Манай уран бүтээлчид гадагшаа зугтааж ажиллаад байгаа юм биш. Эсрэгээрээ Монголын маань цөөн хэдэн уран бүтээлчдийг олон улс тоогоод ажлын санал тавьж ажилуулж байна гэдэг бид тэднээрээ бахархах нэг зүйл яахын аргагүй мөн. Тэд ч бас Монгол Улсын циркийн салбарыг өргөж байна. Хамтлаг дуучид ийш тийш гадаад оронд аялан зөвхөн цөөн тооны монголчууддаа зориулж уран бүтээлээ тайлагнадаг. Харин циркчид бол үгүй. Нэг газар аялан тоглолтоор явахад хориод сая хүнд циркийн урлагаа сонирхуулан сурталчилж байна.

Хувьчлалын балагаар циркчид гудамжид гарлаа гэж ярих хүмүүс бий. Энэ талаар таны бодол?

Яг хувьчлалын үеэр би энд байгаагүй. Энэ надад хамаатай асуудал биш. Нөгөө талаасаа цирк нь байна уу байна. Байр нь байна. Үндэсний циркэд данс бүртгэлтэй зуу гаруй уран бүтээлч байна. Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль байгаа. Түүхэндээ 22 төгсөлт гаргасан. Уран нугаралтын студиуд их байна. Бидэнд байр сав байхын хувьд байна. Гэвч энэ бол улсынх биш. Хувийн статустай байгууллага шүү дээ. Бидэнд чинь цалин мөнгө байхгүй. Улсаас цалин битгий хэл төсөв ч байхгүй. Өөр ямар урлагийн салбар төсөвгүй байна вэ гэж би бодож үзсэн. Бодоод бодоод олохгүй л байгаа юм даа.

Циркийн урлаг ялангуяа шидэх банз гэх мэт үзүүлбэрүүд их хүнд санагддаг. Үзүүлбэр үзэх мөчид айдаст автдаг. Харин уран бүтээлчид маань их итгэл төгс харагддаг л даа. Хэдий хэр бэлтгэл сургуулилтын дараа ийм үзүүлбэр үзүүлэхэд бэлтгэгддэг юм болоо?

Шидэх банзны номер маш хэцүү. Манай номер дэлхийд тэргүүлдэг. Хувь хүний сэтгэлзүй ур чадвар, багтаа итгэх итгэл үнэмшил гээд их зүйл шаардана. Циркийн сургуульд дөрвөөс долоон жил сурч төгссөн мэргэжлийн уран бүтээлчид үзүүлж байна. Багш нар бүх хүүхдийнхээ сэтгэлзүй болон бүх мэдлэгийг шат дараалж тархинд нь суулгаж өгдөг. Сурч байх хугацаанд шалгуурууд явагдаж, чадах нь л энэ сургуульд үлддэг дээ. Төгсөхөд нь хүүхдүүдийнхээ чадварыг харж циркийн аль төрлөөр явбал илүү чадвартайг нь үнэлж багт хувиарладаг.

Олон улсын циркчдийн үзүүлбэр манай оронд тоглогдох болсон. Та зохион байгуулдаг уу? Зардал мөнгө гээд л уран бүтээлчдийн үзүүлбэр үзүүлэх нөхцөл боломжыг яаж бүрдүүлэв?

Би өөрөө арван дөрөв таван жил өөрийнхөө хоббигоор гадаад харилцаа холбоогоо ашиглаж энэ ажлыг хийж байна. Манай соёл спортын яам, MCS, Юнител мөн телевизүүд бидэнд тусалдаг. Жүжигчдийн цалин хоол, буудлын төлбөр мөнгө гээд л бид арай гэж зохицуулдаг. Жүжигчдийн аюулгүй байдал их чухал. Энэ бол маш олон хүний хичээл зүтгэлээр бий болдог ажил.

Ярилцсан Э.Сайнзаяа


URL:

Сэтгэгдэл бичих