Эрчүүд “ховрын бараа” болох нь

315782f6de585d81fb0312479d4d6e6b_1200Эрүүлжүүлэхээс өөр эр­чүүдэд зориулсан газар алга хэмээн шүүмжилдэг үе байлаа. Одоо харин цаг үе өөр болж, эрчүүдэд зориулсан эмнэлгүүд, дэлгүүр, гоо сайхны газар гээд эмэгтэйчүүдээс дутахааргүй үйл­чилгээг авдаг болсон тэд. Өөрөөр хэлбэл, төрөлжсөн эрүүл мэндийн үйлчилгээ авч болох эмнэлэг эмэгтэй­чүүдийнх шиг элбэг биш ч гэлээ Монгол Улсын эрчүүдийг эмчлээд байх хэмжээний эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл сүүлийн үед эрчүүдийн эрүүл мэндийн асуудал аюулын харанга дэлдэж эхлээд байгаа талаар мэдээлэл цацагдах боллоо. Хэдхэн хоногийн өмнө манай улсад болсон “Ази Номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” чуулга уулзалтын үеэр олон ноцтой тоо баримт яригдав.
Эрүүл мэнддээ анхаардаггүй буюу өвдсөнөө ч тоохгүй, идэж, уухаа хязгаарлахгүй, таргалалтаа хянахгүй яваад байвал Монгол Улсын жендерийн харилцаа алдагдах гэнэ. Энэ асуудал үндэсний аюулгүй байдлын асуудал болон хөндөгдөх хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд ч сануулж байна.
Хамгийн гол нь монгол эрчүүд маань архи тамхины хэт хамааралтай байгаагаас зүрх судас, даралт ихсэх, хавдрын өвчлөлд хамгийн их өртөж байгаа аж. Тодруулбал, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг, мөн хоёр эрэгтэй тутмын нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг муу зуршилтай учир монгол эрэгтэйчүүд  дэлхийн бусад орны эрэгтэйчүүдээс 10-15 жилээр бага наслаж байгаа гэнэ. Харин монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байхад эрэгтэйчүүдийн дундаж насжилт 66 байгаа гэсэн тоо баримт байна.
2015 оны эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын замын, хоол боловсруулах тогтолцооны, бэлгийн тогтолцооны өвчин, зүрх судасны өвчин, гэмтэл, хордлого буюу гадны шалтгаант эмгэг орсон байна. Эдгээрээс хамгийн хүндэрсэн үедээ эмнэлгийг зорин ирдэг өвчлөлд бэлгийн замын өвчлөл буюу үргүйдэл, түрүү булчирхайн өвчлөл орсон байгаа юм.
Ийнхүү өвчнөө хүндрүүлсэн нь үргүйдэл ихсэх хамгийн том шалтгаан болсоор байгаа аж. Тухайлбал, манай улсын үргүйдлийн 40 хувийг эрчүүд эзэлж байна. Мэдээж шалтгаан нь даавар, удамшил, БЗХӨ, хавдарт өвчлөлүүд нэрлэгдсэнтэй шууд холбоотой. Үүнээс гадна эрчүүд бэлгийн замын ямар нэгэн өвчлөлийг хэн нэгэнд хэлэхээс санаа зовж явсаар хүндрүүлж эмнэлэгт ирж байгаа нь асуудал болоод байгаа аж. Уг нь цаг үе өөрчлөгдөж, аливаад нээлттэй хандах болсон байхад “ичих” гэдэг багийн цаана орж насаараа өвчинд дарлуулж амьдрах нь эмгэнэлтэй хэрэг байлтай.
Тиймээс өвдөж байгаа бол эмнэлэгт оч. Эрүүл  мэнддээ анхаарах шаардлагатай байна.  Архи, тамхины хэрэглээгээ багасгаж, хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийгээд байж яагаад болохгүй гэж. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал биз дээ. Цаг үетэйгээ хөл нийлүүлэх цаг нь иржээ эрчүүд ээ. Тэгээд ч эцэстээ эрчүүд минь ховрын бараа болж, эмэгтэйчүүдийн улс болчихвол яана. Үргүйдэл гэдэг гамшиг үргэлжилсээр байгаад улс орон минь мөхөхдөө тулвал яана. Тиймээс одоо хожимдоогүй дээрээ арга хэмжээ авч, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, болж өгвөл хорт зуршлаасаа салчихвал өвчин хийсч ирж ч чадахгүй шүү дээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих