АН-ын зодоон уу, П.Цагаан, Д.Эрдэнэбат хоорондын тэмцэл үү
АН сөрөг хүчин байж чаддаг гэдгээрээ гайхуулдаг. Эрх барьж чаддаггүй намд үүнээс илүү “баялаг” юу байх вэ. Гэтэл “АН ариухан уу” гэдэг асуудал өнөөдөр улам л тодорхой болоод байна. Яагаад өнөөдөр тус намын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин намынхаа талаар хамаг мэддэг цэцэн цэлмэг үгээ шавхан уурсан өгүүлэв. Тэрбээр “Д.Эрдэнэбатыг АН-ын дарга болохыг дэмжихгүй. Зарчим нь таалагдахгүй байна. Яагаад намын даргыг Их хурлаасаа биш ҮЗХ шийддэг болчихов” гэдэгт бухимджээ. Бас түүний ярианаас бас нэг сонин юм олж мэдсэн нь АН-д нэгнийхээ амьдралд тохиолдсон асуудлыг олж мэдээд “ширээ шааж” орилохоор нэр хүндтэй болдог юмсанж. Хачин байгаа биз. Үүнийг залуусын явдал гэж бодъё. Тэгвэл тус намын лидер, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал яагаад өчигдөр “Намаа яаж ч шинэчилэн зохион байгуулсан МАХН л болчихоод байгаа юм даа” гэж жиргэжээ. Мөн тэрбээр эх хэлээрээ биш “олон улсын” хэлээр намынхаа шинэчлэлийн асуудлаар ярилцлага өгснийг http://blog.amarjargal.org/2016/08/25111/ сайтаас уншина уу.
Энэ хоёр үеийнхэн яагаад ийнхүү намдаа гомдож сууна вэ. Намаасаа ичих эрхгүй ч гэж хэлж болохоор алба хашсан хүмүүс шүү дээ. Дээр нь АН мөхөх үү, сэргэх үү гэдгийг шийдэх дарга сонгох дээрээ тулаад байгаа. Гэвч гишүүдээрээ сонгуулах уу, зохион байгуулалттайгаар АН-ыг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах уу гэдэг эргэлзээтэй байна. Бараг өдөр бүр шахам АН-ын гишүүд дэмжигчид хэвлэлийнхэнийг дуудаж бухимдлаа илэрхийлэх боллоо. Тэр гишүүд, дэмжигч болгоноо хөөж туугаад “азаргалаад” байх аргагүй.
АН-ыг хорлон сүйтгэх ажиллагаа тус намын даргын сунгаан дээр идэвхжиж эхлээд байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааныг АН-ын дарга, эсвэл Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших улс төрийн шийдэл гаргаж ажлаа өгөх тухайгаа дуулгахад бараг хүн бүр шууд Ерөнхийлөгчийг хардсан. Гэтэл АН-ын “гал тогооноос” ямар мэдээлэл ирсэн гээч. “Ерөнхийлөгчийн Тамгын газар яг үнэндээ гурав хуваагдчихаад байна. Ерөнхийлөгч уг нь П.Цагааныг УИХ-д нэр дэвшүүлэх, сайд болгох гэхчлэн “сайн саналууд” удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй. Тиймээс П.Цагаан даргын энэ удаагийн шийдлийг нь Ерөнхийлөгчийнх гэж бүү хараарай, зөрсөөр байж гаргасан шийдвэр нь шүү, хэдхэн сарын дараа дуусах ажлаа өгч байгаа нь түүний л шийдэл” гэцгээж байна. Харин эцсийн хариу П.Цагаан даргын тархи, зүрхэнд л бий.
Д.Эрдэнэбатын тухайд түүнийг үнэлэх бодит үнэлэмж хийгээд Ерөнхийлөгчид “сайн байх” шалтгаантай хүмүүсийн үнэлэмж хоёр зөрөөд байгааг харж байна. Уг нь гар цэвэр, нэр цэвэр гэдгийн тухайд энэ хоёр хоорондоо төстэй. Харин Д.Эрдэнэбат эрс шулуун болохоос элдэв хорондоо тун тааруу юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа аргадаад дийлэхгүй байгаа гэдэгт итгэх үү. Аль эсвэл Д.Эрдэнэбат л энэ намыг аварна гэж итгэх үү гэдэг нь тун эрсдэлтэй асуулт. Бараг л “хоёр хоёрын тав” гэдэг шиг хариулт харагдаад байгаа юм.
Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчдийн тухайд эхлээд ҮЗХ хуралдуулж чаддаг, Их хурлаа хуралдуулж даргаа сонгодог, сонгосон дарга нь гишүүд, дэмжигчидтэйгээ ойр байж, цэвэр сөрөг хүчин байх, цаашилбал сонгуульд ялах ийм хэдхэн зүйлийг л хүсч байгаа. Гэтэл Намын даргын буурин дээр очиж суугаад, Ерөнхийлөгчийн сонгуулиар намаасаа нэр дэвшигчийг ялуулах мэтийн ойрын бодолтой хүн энэ намыг удирдвал бүр хэцүүднэ. Дээрх хоёр кандидатын аль нь ч сонгогдлоо гэсэн Ардчилсан намыг хувааж, талцуулах ажиллагаа улам хурцдаж нэгэнт “хорлон сүйтгэх ажиллагаа” болж хувирчээ.
Одоо зөвхөн эзнийг нь биш “бүр цаад эздийг нь” олох л чухал. Эсвээс намаа оршуулах “цогцос” ч үлдэхгүй л болов уу. Өдөр тутмын зодоон, талцал, нам руугаа шидэх хатуу ширүүн үгс, хорт явуулга, хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай хэвлэлийн хурал бүхэн сонин биш болж тэдний сөнөөсөн эдийн засгийг аврах л монголчуудад чухал байгааг Монголын Ардчилсан Намынхан анхаарна биз ээ. Эсвээс “тэмээн дээр ямааны гарз” гэгчээр нэр хүндээ ч, цаг хугацаагаа ч, хураасан жаахан хөеөгөө ч дуусаж мэдэх юм.
С.Төгс
http://www.zaluu.com/read/9651gb2a
URL: