Гадаадад нуусан мөнгөө аваад ирэх сэтгэлтэй баян байна уу

10e3484b16888cf653d0355bb17ea55ca_12002016 оны сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулж, олонхи болж чадсан МАН-ынхан яг одоо улс орныхоо хувь заяаг эргүүлэх гэж аргаа барж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд эхэлчихсэн, одоо л нэн даруй арга хэмжээ авахгүй бол ёроолдоо хүрчихээд байгаа энэ үед эрх баригчид жижиг сажигаас авахуулаад хэрэглэж болох бүхий л аргыг хэрэглэхээр шийдэж. Юун тэр сонгуулийн өмнө өгсөн сайхан амлалтууд, ард түмнийг жаргаана гэх утгатай мөрийн хөтөлбөр. Хол цаашаа. Одоо зөвхөн улсаа дампууруулчихгүй авч үлдэх зөв бодлого л хэрэгтэй байна.
Гэтэл МАН яг зөв бодлого гаргаж чадав уу. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг Ж.Эрдэнэбатын Засгийн газар яг юу хийх учраа жаахан олохгүй л байна. Яг одоогоор бол МАН-ынхан төсөв хэмнэх бодлого гээчийг л хэрэгжүүлэхээр янз бүрийн хуулийн төсөл энэ тэр санаачлаад, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаа. Ямар ч байсан оюутны 70 мянга, хүүхдийн 20-оос авахуулаад өгч байсан халамжууд зогсох нь бололтой. Цаашлаад оюутнууд автобусаар үнэгүй зорчдог байсан байдал ч алга болох байх. Дээрээс нь АН-ынхны үед гаргаж ирсэн хамтын тэтгэврийн хуулийг “устгал”-д оруулах нь. Машины татвар нэмэгдэх нь. Төрийн албан хаагчдын авдаг байсан урамшуулал багасах нь тодорхой боллоо. Тэр ч битгий хэл иргэдийн тэтгэвэрт гарах насыг хойшлуулах ч бололтой дог.
Болж байна. Ер нь үргүй зардал, үрэлгэн халамжийг халах хэрэгтэй байсан. Аль нам нь хамаагүй. Угаасаа АН ялсан ч гэсэн ийм хүндрэл тулж гарч ирэх л байсан. Энэ бол аль улс төрийн хүчин ялахаасаа үл хамаараад тулах ёстой байсан “хана”. Тиймээс МАН-ын хэрэгжүүлж байгаа бодлогыг хамгийн буруу гэж нэг талаас нь харах утгагүй.  Оюутанд 70 мянган төгрөг өгдөг бол угаасаа л жаахан илүү зан байсан. Бидний хамгийн гол барих ёстой бодлого бол хүн амын өсөлтийг хурдасгахад чиглэх л ёстой. Бусдаар бол тэвчиж болох бүхнийг тэвчих л хэрэгтэй юм.
Харин МАН-ын хасах, танах бодлого байгаа онохгүй, амьдрах гэж ядаж байгаа иргэдийнхээ халаас руу орчихвол буруу биз дээ. Машины татвар энэ тэрийг нэмэх гэж байгаа бол арай л биш байна. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл рүү ч гэсэн халдах хэрэггүй л байх.
Гэтэл яг том дарга, сайд нарын элдэв үргүй зардал руу тэгтлээ гар дүрж чадаж байна уу. Мэдээж хэмнэх хуулийн төсөлд гадаад томилолт, элдэв урсгал зардлыг хасна л гэж тусгасан гэсэн. Гэвч хангалттай бус байна. Өнөөдөр Монголын олон баячууд, улстөрчид гадаадад мөнгөө аваачаад нуучихсан. Нөгөө оффшор энэ тэр ч бил үү газар нь хав дарчихаад байгаа шүү дээ. Нэг баян нөхөр сая ам.доллараа мартчихсан байж байгаад гэнэт санаагүй юу. Дараа нь хэчнээн ч хүний оффшор данс илэрлээ дээ. Бас илрээгүй хэд байгаа билээ. Ер нь УИХ-ын 76 дотор оффшоргүй хүн цөөн дөө гэж зарим хүмүүс ярьж л байсан.
Нэг хүн саяар нь мартаад байгаа юм чинь тэр гадаад орнуудад хэчнээн сая ам.доллар мартагдчихсан байгаа бол. Хэрвээ тэр их мөнгийг эх орондоо авчраад, эдийн засагтаа оруулаад, эргэлдүүлбэл хүндрэлийг эмчилж болно гэж зарим эдийн засагчид хүртэл хэлж байна билээ.  Гагцхүү эх орноо гэсэн сэтгэлтэй тийм баян Монголд байна уу, үгүй юу. Эсвэл Монголын төрд гарчихаад, хагартлаа мөнгө “идэж”, гадаадад аваачиж нуучихаад, гэр бүлээ гадаад руу явуулчихаад, байдал эвгүйтэхээр араас нь зугтаах гэж байгаа “хувалзнууд”-аар дүүрчихсэн үү гэдэг нь энэ дөрвөн жилд харагдах байх, хатуухан хэлэхэд шүү.
Үнэхээр улс орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байгаа бол оффшор данс байна уу, Швейцарийн банк байна уу хамаагүй, нуусан мөнгөө авчраад, эх орныхоо эдийн засгийн урсгалд цутгал болгоод л хүндрэлийг давахад туслах хэрэгтэй байна.  Мэдээж эрсдэлтэй л байх. Гэхдээ л элгээрээ мөлхөж байгаа эдийн засгаа дэмнэх сэтгэл байх хэрэгтэй биз дээ. Тэр дундаа манай улстөрчид, эрх баригчдад тийм мөнгө байгаа бол хоорондоо яриад, тохироод улс руугаа татчихмаар юм. Эдийн засгийг тэтгэх ямар л арга байна, тэр бүхнийг хэрэглэх хэрэгтэй гэж нэг эдийн засагч хэлж байсан. Тийм болохоор л үгээ бараад ч болов ийм санал хэлж байна. Одоо бол дарга нарын халамж, тэтгэлэг, тусгай хангамжийн булангаас эмтэлчихээд, иргэдийнхээ халаасыг эргүүлэх л бодлого барих гээд байна шүү дээ, та нар.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих