“Интернэт троллчид” буюу нүүрээ нуусан элэглэгчид
Дэлхийд алдартай “Time” сэтгүүл нийгмийн сүлжээнд нүүрээ нууж бусдыг доромжлон, заналхийлдэг “интернэт троллчид”-ын тухай хөндлөө.
Сэтгэл зүйчид интернэт орчинд хэт донтсон, тухайн орчноос өөр амьд харилцаанд орших чадамжгүй болсон хүмүүсийг нэр, зургаа нууж бусдыг доог тохуу хийх синдромд өртдөг болохыг судалгаагаар батлаад байгаа. Тэд яваандаа энэхүү зуршлаа “мэргэшил” болгохын сацуу, ижил “сонирхолтой” бусадтайгаа нэгдэн нийлэх хандлага эрчимтэй явж байна. Үүгээр ч зогсохгүй энэ арга барилаар, алдартай хүмүүсийг сүрдүүлж, ашиг хонжоо олох, бах таваа хангах зэргээр “зэрлэгшдэг” байна.
“Нэр, нүүрээ нууж бусдыг доромжлогчид бол хэт айх өвчтэй хүмүүс”
Амьд ертөнцөд хэнтэй ч үл харьцахыг хүсэх тэдгээр хүмүүс онлайн орчинд ёстой дураараа авирлахыг үзүүлдэг. АНУ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагууд тэдгээр хүмүүсийг албан ёсоор “Троллчид” гэж нэрлэх болсон юм. Тэдний үйлдэл ихэнхдээ гэмт хэргийн чанартай байх бөгөөд нийгэмд ид яригдаж буй сэдвийн дагуу бусдын амь насанд заналхийлэх, сүрдүүлэх, доромжлох “ажил”-ыг сурамгай хийдэг.
Тэд харанхуйд нуугдаж, бусдыг заналхийлж суухдаа хамгийн их таашаал авдаг юм. Учир нь тэд амьд ертөнцөд “хэт айх” буюу амьд харилцаанд орохдоо туйлын сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс юм. Шинжлэх ухаан энэ төрлийн шинэ синдром бий болсон талаар мэдээлсээр байдаг.
Троллчид хохирогчдын тухай бүхнийг судалсны эцэст юун түрүүнд хөнгөхөн хошигнох байдлаар өдөж хоргоож эхэлнэ. Эцэстээ асуудал “SWAT”, цахим гэмт хэрэгтэй тэмцэх албадуудыг татан оролцуулах хүртлээ хүндэрдэг ч интернэт троллчид энэ бүхнээс огт айдаггүй.
Ихэвчлэн ур чадвар өндөртэй хакер, ажлаасаа уйдсан компьютер, интернэт сүлжээний маш сайн мэргэжилтнүүд, гадаад үзэмжиндээ хэт гутарсан хүмүүс “троллчид” болж хувирах нь бий. Тэд бусдын мэдээллийг сурамгай олж авахаас гадна сошиал сувгуудад нь дураараа халдаж хувийн мэйл, мессежийг нь уншиж, тэдгээрийг баримт болгож, хожим нь заналхийлэн, барьцаалах хэрэгсэл болгоно.
“Троллчид”-ын ноцтой дайралтууд
Анх 2011 оноос эхлэн “Фэйсбүүк” орчинд троллчид идэвхтэй үүсч эхэлсэн ба тэд нас барагсдыг доромжлон, тохуурхаж, янз бүрээр хочлон, хошигнолын хэлбэрүүдээр бах таваа хангадаг болжээ.
Үүний дараа 2012 онд хэсэг бүлэг троллчид феминист тэмцэгч Анита Саркеесианы хувийн мэдээллүүдийг цуглуулж, түүнээр оролдох болжээ. “Нүүрээ нуугсад” Анитагийн гэр бүлийг заналхийлж, гэрт нь бөмбөг дэлбэлнэ гэж айлгах болсон юм. Үүнээс болж Саркеесиан сэтгэл зүйн хямралд орж байжээ.
“Троллчид” өдгөө бүр ч аюултай болсон. Энэ оны зургаадугаар сард АНУ-ын New York Times сонины редактор Жонатан Уэйсманыг дарамталж, амь насыг нь хорооно гэж айлган сүрдүүлжээ. Уэйсман “Твиттер” орчинд бараг 35 мянган дагагчтай байсан төдийгүй нийгмийн сүлжээний үнэнч хэрэглэгч байсан ч “троллчид”-ын уйгагүй сүрдүүлгээс болж онлайн ертөнцөөс зайгаа барьжээ.
Үүгээр ч тогтохгүй, долоодугаар сарын сүүлээр феминист нийтлэлч Жессика Велинтинийн таван настай охиныг хүчирхийлнэ гэж заналхийлснээс болж тэрбээр мөн л онлайн сүлжээнээс хөндийрсөн байна.
Хоёр жилийн өмнө “Pew Research Center” судалгааны байгууллагын тайланд өгүүлснээр интернэт ашигладаг 18-24 насныхны 70 хувь нь тодорхой цаг хугацаанд ийм төрлийн дарамтад өртөж байсан тухай хэлжээ. “Троллчид” ихэвчлэн эмэгтэй хүмүүс рүү дайрдаг.
“Троллчид” эрүүл бус сэтгэлгээтэй болдог
2014 онд “Personality and Individual Differences” сэтгэл судлалын сэтгүүлээс гаргасан нийтлэлд “Интернэт хэрэглэгчдийн 5 хувь нь эрүүл бус сэтгэлгээтэй болох нь анзаарагдсан байна. Тэд өөрийгөө хэт дөвийлгөх, садисм чиг хандлагад өөрийгөө бэлтгэх, бусдад энэ тухай гайхуулан таниулахаар оролдох, хэт ганцаардах, үл тоогдож байгаагаасаа хэт эмзэглэх гэх мэт солиорлын шинж тэмдэгүүдтэй төстэй зүйлс илэрхийлдэг ажээ.
Магадгүй энэ төрлийн интернэт хэрэглэгчид яваандаа интернэт троллчид болж хувирах нь байдаг аж.
URL: